Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Нэлээд хугацаанд энэ асуудлыг ярилцлаа. ОХУ дайнтай байна. Олон үйлдвэр нь дроны довтолгоонд орсон. Бусад улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан бол өөрсдөө бусад улсаас бүтээгдэхүүн авах нөхцөл байдалд орчихсон байж байна. Гэсэн хэдий ч Засгийн газар харилцаа холбоог сайжруулж, удаа дараагийн уулзалт хийсний үр дүнд импорт тогтвортой үргэлжилхээр боллоо. Үүссэн нөхцөл байдал юунаас шалтгаалсан бэ гэхээр ОХУ-ын өөрийнх нь хангамжийн асуудал доголдсон.

Хоёрт, Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр жил бүр засварт ордог.

Гуравт, улирлын шилжилттэй холбоотойгоор ялангуяа дизель түлшин дээр зуны түлшээ өвлийн дизель түлш рүү шилжүүлэхтэй холбоотойгоор саваа суллаж байж бүтээгдэхүүнээ татдаг. Энэ үндсэн шалтгаануудын улмаас тасалдал үүслээ. Одоо нөхцөл байдал сайжирна. Яагаад гэхээр бид бүхэн ОХУ-тай өмнө нь хэрэгждэг байсан гэрээ хэлцлээ үргэлжлүүлж явна гэж тохирсон. Үнийн хувьд АИ92 бензин тогтвортой байна. Монгол Улсын хувьд сард 60-70 мянган тонныг ердийн хэрэглээндээ хэрэглэдэг. Бид ОХУ-аас 59 мянган тонныг захиалсан. Үүний 30 орчим тонн орж ирээд бид хэрэглэчихээд байна. Сар дуусах хэдхэн хоногийн хугацаанд энэ ачилтыг нэмэгдүүлж, нөөцийг өсгөх дээр бодлогын ажлууд хийж байна. Долоо хоногийн хугацаанд 20 хэдэн мянган тонн шатахуунаа энэ сард шахаж авна гэсэн үг. Энэ байдал удахгүй тогтворжино.

Тухайн импортлогч улсын байдлыг бид ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайд өөрөө үүнд ч анхаараад явж байна. Холбогдох бүх л байгууллагууд цогц арга хэмжээ авч, тээвэрлэлтээ хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Өнөөдөр 15:00 цагт толгойт өртөөнд 19 вагон АИ92 шатахуун орж ирнэ. 20 цагт мөн дахин орж ирнэ. Үндсэндээ 4000 тонн шатахуун орж ирж байгаа гэсэн үг. Нийслэлд хоногтоо 1200 тонн 92 шатахуун хэрэглэдэг. Одоо 2000 тонн орчмыг хэрэглэж байна. Өнөөдрийн татан авалтаар 2-3 хоногийн хэрэглээг татаж авч байна гэсэн үг. Маргааш 66 вагон наашилна гэдэг мэдээг дөнгөж сая өглөө. Иргэдийг хүлээцтэй байгаарай гэж хэлмээр байна. Үнэ нэмэгдэхгүй, удахгүй хүртээмж тогтвортой болно.

Түүнчлэн БНХАУ-аас ч бид бинзен татахаар ярилцаж байна" гэв.