Ирэх сарын сүүлээр цаг агаар эрс хүйтэрнэ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 2025 оны 11 дүгээр сард Монгол орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Төв, зүүн болон говийн бүсийн хойд хэсгээр хур тунадас харьцангуй ахиу орох бол баруун аймгуудын нутгаар дундаж байна.
Баруун бүсийн нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас зөрөхгүй, харин Завхан болон Баянхонгорын хойд хэсгээр бага зэрэг хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар нийтээрээ олон жилийн дунджаас хүйтэн байх бол хур тунадас дундаас ахиу орох төлөвтэй байна. Зүүн бүсийн нутгаар мөн адил агаарын температур дунджаас хүйтэн байх бөгөөд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас ахиу орно. Говийн аймгуудын хувьд Өмнөговийн баруун хэсэгт агаарын температур дунджийн орчим байх бол бусад нутгаар бага зэрэг хүйтэн байна. Дорноговь, Өмнөговийн зүүн хэсгээр хур тунадас харьцангуй бага, бусад газарт дунджаар орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар агаар харьцангуй дулаан байх боловч сарын сүүл рүү орж хүйтэрч, хоёр болон гуравдугаар арав хоногийн үеэр олон нутгаар цас орж, салхи ширүүсч цасан болон шороон шуурга болох магадлалтай байна. Ялангуяа төв, зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, зам, тээврийн нөхцөл хүндрэх эрсдэлтэй.
Иймээс холын замд гарах, хөдөө аж ахуйн ажил хийх, мал аж ахуй эрхлэх болон аялал зугаалга төлөвлөж буй иргэд цаг агаарын богино хугацааны мэдээг цаг тухай бүр авч, ажлаа төлөвлөн, гэнэтийн хүйтрэл, шуурганд бэлтгэлтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.























.jpg)










































Сэтгэгдэл