Санаэ Такаичи: Тайванийн асуудлаар 1972 онд гаргасан Япон, Хятадын хамтарсан мэдэгдэлд туссан байр сууриа баримтална
БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гарагт "Бүгд Найрамдах Хятад Ард Улс шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн, бүтээлч бөгөөд тогтвортой хоёр талын харилцааг цогцлоон хөгжүүлэхийн тулд Япон улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэж мэдэгдэв.
Тэрбээр Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай түүний хүсэлтээр уулзах үеэрээ энэхүү байр суурийг илэрхийлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад, Япон хоёр бол ойрхон хөрш орнууд. Хоёр улсын харилцааг урт хугацаанд эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь зөвхөн хоёр ард түмний төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт юм” хэмээн онцолжээ.
Тэрбээр мөн хоёр улсын хооронд байгуулсан улс төрийн дөрвөн баримт бичигт тусгасан зарчим, чиглэлийг чанд баримталж, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг хадгалан, стратегийн харилцан ашигтай түншлэлийг урагшлуулахын төлөө Хятад улс Японтой хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгджээ.
БНХАУ-ын дарга цааш нь “Хятад, Японы харилцаа нэгэн зэрэг боломж ба сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Японы шинэ Засгийн газар Хятадын талаар зөв ойлголттой болж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан ахмад үеийн зүтгэлтнүүдийн болон хоёр орны олон салбарын хүчин чармайлтыг өндрөөр үнэлнэ гэдэгт итгэж байна” хэмээн илэрхийлсэн байна.
Харин хариуд нь Ерөнхий сайд Санаэ Такаичи “Хятад бол Японы хувьд хамгийн чухал хөрш орон. Манай хоёр улс бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих томоохон үүрэг хариуцлага хүлээдэг” гэж онцолжээ.
Тэрбээр Япон улс Хятадтай өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалж, бүх түвшинд ойлголцлыг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Санаэ Такаичи "Энэ нь хоёр орны стратегийн, харилцан ашигтай харилцааг тогтвортой урагшлуулах, бүтээлч бөгөөд тогтвортой түншлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой" гэж тэмдэглэжээ.
Мөн Ерөнхий сайд Санаэ Такаичи Тайванийн асуудлаар Япон улс 1972 онд гаргасан Япон, Хятадын хамтарсан мэдэгдэлд туссан байр сууриа баримтална хэмээн нэмж мэдэгджээ.
Эх сурвалж: XINHUA
Б.ЖАРГАЛ


























.jpeg)





































Сэтгэгдэл