Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин Украинд хийж буй дайндаа цэг тавихыг хүлээж авахгүй бол Цагаан ордон “хатуу тоглоом” эхлүүлэхэд бэлэн гэнэ. Энэ талаар НАТО дахь АНУ-ын элчин сайд Мэтью Уитакер Bloomberg-т ярилцлага өгөхдөө “санкци бол ердөө нэг хөзөр” хэмээн онцолсон байна.

“Бид эдгээр хоригийг хэрэгжүүлсэн, цаашид ч мөрдөх болно. Энэ нь Путинийг хэлэлцээний ширээний ард суулгаж, дайн дуусгах, эсвэл ядаж гал зогсоох хэлэлцээрт хүргэж мэднэ,” гэж тэр хэлжээ.

Түүний хэлснээр Вашингтоны шинэ хоригууд бол “эхлэл төдий”. “Ерөнхийлөгч Трамп бүх хөзрийг гартаа барьж байна — энэ бол тэдний зөвхөн нэг нь. Өөр олон арга, илүү хүчтэй нүүдэл бий” гэж дипломат мэдэгджээ. 10-р сарын 23-нд Трамп Оросын хамгийн том эрчим хүчний компаниуд болох «Лукойл» болон «Роснефть», мөн тэдний охин компаниудын эсрэг хатуу хориг зарласан. Энэ нь Трамп дахин Цагаан ордонд эргэн ирснээс хойш ОХУ-д чиглэсэн анхны санхүүгийн цохилт бөгөөд Bloomberg-ийн мэдээлснээр шийдвэр нь Кремль Украинд хийж буй дайнаа зогсоохоос татгалзсаны дараа гарсан аж.

Хоригийн мэдэгдлийн дараа хоёр компанийн хувьцаа Москвагийн хөрөнгийн бирж дээр огцом унаж, зах зээлийн үнэлгээ нь хоёрхон өдөрт 424 тэрбум рублиэр (ойролцоогоор 5.2 тэрбум ам.доллар) багассан байна.

Гэвч Вашингтоны дараагийн алхам үүгээр дуусахгүй бололтой. Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын засаг захиргаа аль хэдийн Оросын эдийн засгийн гол тулгуур салбарууд — банк, нефтийн дэд бүтэц зэрэгт чиглэсэн шинэ хоригийн багц бэлтгэж байна. Мөн сенатор Линдси Грэмийн санаачилсан, Оросын эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаж авдаг орнуудын импортыг 500 хувийн татвартай болгох хуулийн төслийг дэмжих боломжийг Цагаан ордон судалж байгаа аж.

Үүний зэрэгцээ, Оросын Төв банк “эрсдэлийн хувилбар”-таа барууны хоригууд улам чангарч, нефтийн үнэ $30–35 руу унавал улс орны эдийн засаг 1990-ээд оноос хойш анх удаа хоёр жил дараалан агшиж, инфляци 10 жилийн дээд түвшинд хүрнэ гэж анхааруулжээ.

Энэ тохиолдолд бизнес, өрх гэрүүдийн зардал, хөрөнгө оруулалт эрс буурах аюул нүүрлэнэ. Ийнхүү Трампын шинэ хоригийн давалгаа дэлхийн эрчим хүчний зах зээлд доргилт үүсгэж, Москвагийн санхүүгийн тогтвортой байдалд хүчтэй цохилт өгөх нь тодорхой болж байна. Вашингтон “санкци бол зөвхөн нэг хөзөр” гэж хэлж байгаа нь — энэ тоглоомд хатуу дүрэмтэй шинэ үе эхэлж буйг илтгэж буй мэт.

Н.Отгончимэг


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.9] 2025-10-29 13:22:08

Аугаа амээрик


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.