Тэрбум мод: “Оюу Толгой” компани 35.1 сая мод шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулж буй сайн туршлага
Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб: “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн эргэн тойрон дахь асуудлыг хөндсөн цуврал нийтлэл №3
Монголын уул уурхайн хамгийн том төсөл хэрэгжүүлэгчдийн нэг “Оюу Толгой” ХХК “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үндэсний зорилтод нэгдсэн. Тэр цагаас хойш тэдний мод тарих арга барил, усны хэрэглээний тооцоолол, түншлэлийн ил тод байдал болон говийн экосистемд тохируулсан технологиуд олон хүний сонирхлыг татаж эхэлсэн. Учир нь, энэ хөтөлбөр зөвхөн нэг компанийн санаачилга бус, цөлжилт, ган, усны хомсдол газар авсан говийн бүсийн ирээдүйтэй шууд холбоотой юм.
100 сая модны амьдрах боломж
Говийн бүсэд мод тарихад хамгийн том сорилт бол ус. “Оюу Толгой” мод тарих ажлаа эхлэхдээ зөвхөн тарилтын тоо бус, усалгааны тогтвортой эх үүсвэр, жилийн хэрэглээний тооцооллыг чухалчлан авч үзжээ. Үүнд: нэг модны усны хэрэгцээг нас, төрөл зүйлээр нь ангилан тооцох нь чухал гэж тооцоолсон байна.
Суулгац эхний хоёр жил хамгийн их ус шаарддаг. Иймд тус компани хаягдал усыг дахин цэвэршүүлж, нөхөн сэргээх бүсийн усалгаанд ашиглах болсон байна. “Оюу толгой”-н мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, дуслын усалгааны систем говьд ашигтай, ус үргүй асгахгүй, модыг урт хугацаанд амьд байлгах хамгийн оновчтой арга ажээ.
Тус компани ухаалаг мэдрэгчтэй усалгааны туршилт буюу хөрсний чийгийн хэмжээг хэмжин, автоматаар усалгаа хийх шийдлүүдийг хэсэгчлэн нэвтрүүлж буй юм байна.
Тарих суулгацын сонголтын хувьд ус бага шаарддаг, орон нутгийн уугуул мод, бутыг сонгож, ургамлын амьдрах чадварыг 60-70 хувь хүртэл нэмэгдүүлж чаджээ. Эдгээр арга барил нь зөвхөн нэг компанийн туршлага бус, улсын хэмжээний ойжуулалтын бодлогын салшгүй хэсэг болж чадах юм.
“Оюу толгой”-н гол давуу тал нь зөвхөн төсөвт найдаад зогсохгүй түншлэлээ харьцангуй ил тод явуулдагт бий аж. Мод тарих, арчлах, дуслын усалгааны систем суурилуулах зэрэг ажлыг хийхэд санхүү, чадавх, урьдчилсан ажлын туршлага бүхий компаниудыг татан оролцуулжээ.
Энэ хүрээнд үнэлгээний явцыг орон нутгийн төлөөлөл, иргэний нийгэмтэй хамт хянах боломж, гүйцэтгэлийн шалгуурыг нарийн тодорхойлсон гэрээний загвар, мод амьдарч ургасан хувьтай уялдуулсан үр дүнгийн гэрээ (performance contract) зэрэг зарчмуудыг нэвтрүүлсэн нь анзаарагддаг.
Уул уурхайн ТӨК-иудын хувьд энэ бол үнэтэй туршлага. Төрийн өмчит компаниудын олон төсөл ил тод бус байдгаас болж үр ашиггүйд хүрдэг бол “Оюу толгой”-н хэрэглэж буй үр дүнд суурилсан гүйцэтгэлийн гэрээ нь шууд нутагшуулж болох хамгийн бодит практик юм.
Говьд мод тарих, нөхөн сэргээлт хийх нь хангайнхаас эрс өөр. “Оюу Толгой”-н инженер, экологичдын ажил дээр үндэслэвэл дараах арга илүү үр дүнтэй байгаа нь харагддаг. Тодруулбал, уугуул ургамлуудыг сонгодог. Өөрөөр хэлбэл, заг, шавар бут, хөмөл, сухай, харгана зэрэг экосистемд нийцсэн ургамлууд тэнд хамгийн сайн ургадаг ажээ.
Үүний зэрэгцээ суулгацыг наранд хэт халахаас хамгаалах бичил орчны арга, салхи хаах хамгаалалт арга ч оновчтой байдаг байна. Учир нь, говийн салхи хөрсийг хуурайшуулах тул мод амьд үлдэхэд зайлшгүй чухал аж.
“Оюу толгой” 1-3 жилийн дараа бага ус шаардах буюу минимал усалгаанд шилжүүлэхээр төлөвлөгөөтэй талаараа мэдээлсэн. Борооны ус хуримтлуулах сав, хиймэл жалга шинээр байгуулах, байгалийн усны урсацыг зөв чиглүүлэх инженерийн шийдэл чухлыг ч онцолж байв. Энэ технологиудыг ТӨК-иуд нутагшуулах бүрэн боломжтой юм. Хамгийн гол нь, шинжлэх ухаанд суурилсан менежмент шаардах билээ.
Орон нутгийн иргэдийн оролцоо, ургуулсан мод бүрийн амьдралын баталгаа
“Оюу Толгой”-н нөхөн сэргээх төсөлд онцолж хэлэх нэг зүйл бол сумын иргэдийн оролцоог түлхүү дэмждэг явдал. Орон нутгийн малчид, гэр бүлүүд: усалгааны ажилд, суулгац арчлалтад, үрийн цуглуулгад, хамгаалалтын хашаа барих ажилд оролцох боломжтой болсон нь тухайн мод, бутны амьдрах чадварыг эрс нэмэгдүүлдэг болжээ.
Энэ загварыг улсын ТӨК-иуд шууд хэрэгжүүлэх боломжтой юм. Энэ нь орон нутгийн иргэдийг орлого олдог, амьдралд нь үр өгөөжтэй оролцооны систем бий болгох чухлыг харуулж байна.
Өнөөдөр сумдад мод тарих санаачилга гарах нь нэмэгдэж, иргэд өөрсдөө нууруудын эргэн тойронд ойн зурвас байгуулах, худаг орчимд мөчиржүүлсэн тарилт хийх, нэгдсэн усалгааны систем зохион байгуулах зэргээр илүү их идэвхжиж байгаа нь анзаарагдах болжээ.
Нэг зуун сая мод тарина гэдэг нэг өдрийн ажил биш. Усны нарийн тооцоолол, гүйцэтгэгчийн ил тод зохион байгуулалт, говьд тохирсон технологи, орон нутгийн оролцоог хослуулсан цогц систем чухал.
Хэрэв Монголын бүх том уурхай ийм зарчмаар ажиллаж чадвал “100 сая мод” бол зөвхөн зорилго бус, байгаль хамгааллын бодит хөтөлбөр болон хэрэгжих бүрэн боломжтой юм.
“Нэг зуун сая мод” хөтөлбөрийн хүрээнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 онд санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тус компани дэмжиж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан. “Оюу толгой”-н “Нэг зуун сая мод” хөтөлбөр нь бодитоор мод тарьж ургуулах 60 сая мод, мөн 40 сая модтой дүйцэхүйц хөрөнгө оруулалт буюу техник, дэд бүтэц, чадавх бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй.
Энэ хүрээнд 2022-2023 онд нийт 11,015,411 ширхэг мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэж, төлөвлөсөн ажлуудыг хариуцлагатайгаар биелүүлж, 10,964,877 ширхэг модыг тарьсан байна.
Үүнээс ойжуулалтын ажлын хүрээнд 190,785 ширхэг модыг ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах гэсэн гурван үндсэн чиглэлийн дагуу тарьжээ.
Мөн нийт 10,774,092 ширхэг модтой дүйцэхүйц ажлыг хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх, ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, судалгаа хөгжүүлэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг чиглэлээр гүйцэтгэсэн байна.
2022 оноос хойш нийт 20.5 сая мод тарьж, дүүцэхүйц нөхөн сэргээлтийн ажлууд хийсэн талаар “Оюу толгой” компаниас мэдээлсэн. Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус тус 500,000 болон 250,000 модны тарьц, суулгацыг жил бүр бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулан, орон нутагт хүлээлгэн өгчээ.
Ингэснээр “Нэг зуун сая мод” хөтөлбөрийн чухал зорилгын нэг болох ойжуулалт, үрийн нөөцийг бүрдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг бэхжүүлэх ажил амжилттай биеллээ олсон бөгөөд орон нутагт байгуулагдсан гурван мод үржүүлгийн хоёр нь дээрх сумдад байрлаж буйг мэргэжилтнүүд онцолсон юм.
Нийт 10 мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөснөөс тавыг нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд барьж байгуулна.
“Рио Тинто” компанийн Тогтвортой хөгжлийн Бизнес түнш И.Коллеен “Оюу толгой” компанийн ажилтнууд 100 сая мод тарьж ургуулах энэхүү их үйлсийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг нарийн тооцоолон, нягтлан үзсэн нь үнэлж баршгүй бөгөөд боловсрол болон судалгаа шинжилгээнд оруулж буй хөрөнгө оруулалт нь мод тарихтай эн тэнцэхүйц ач холбогдолтой, зөвхөн өнөөдөр төдийгүй Монголын ирээдүй хойч үед олон арван жилийн дараа ч эерэг нөлөө үзүүлэх, тууштай үргэлжлэх хөтөлбөр гэдгийг батлан харуулж байна” гэж тэмдэглэсэн билээ.
Тус компанийн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо суманд мод үржүүлгийн газар барьж байгуулж, энэ жил мод тарих ажлаа эхлүүлсэн. Сэврэй суманд тендерийн ажил дуусаж, орон нутгийн компани шалгарч, ажлаа эхлүүлсэнээс гадна Богд Уулын Түргэний аманд 70 га газрыг ойжуулж, 175,000 мод тарьсан.
Хариуцлагагүй уул уурхайд өртсөн газруудыг нөхөн сэргээх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2024 онд 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2025 онд Дархан-Уул аймагт 205 га газарт нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн” хэмээн мэдээлсэн юм.
“Оюу толгой” компани “Нэг зуун сая мод” хөтөлбөрийн хүрээнд Монголын ойн салбарын чадавхыг бэхжүүлэх, нөхөн сэргээх ажлыг тогтвортой болгож чадахуйц техник, суулгац, үрийн нөөц бэлтгэх дэд бүтцийг дэмжих давхар амлалт авсан бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг мод үржүүлгийн газруудад хүлээлгэн өгснөөр механикжуулалт, үрийн чанар, үр бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг багасгах, өргөжүүлэх боломж бүрдүүлжээ.
Мөн говийн бүсэд тарьц, суулгац ургуулах, мод үржүүлгийн арга техник, хөрс бэлтгэл, бордоо, усалгааны норм тогтоох, арчлах хамгаалах тухай мэргэжлийн сургалт, дадлага зохион байгуулжээ.
“Оюу толгой” зөвхөн мод тарих төдийгүй мод үржүүлэг, арчлах, хамгаалах, мэргэжлийн чадавх бэхжүүлэх, технологи, дэд бүтцийн хөгжил зэрэг “урт хугацааны” бодлого барьж буй нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, экологийн тогтвортой байдлыг хангах, хариуцлагатай уул уурхай, байгаль орчин, нийгмийн хувьд чухал алхам болж буй.
Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон бүх талбайг 2027 он гэхэд нөхөн сэргээхээр төлөвлөж, Хүдэр сумын Цагаан зүрийн гол орчимд олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд 12 сая мод тарьсантай дүйцэх хэмжээний нөхөн сэргээх ажлыг амжилттай гүйцэтгэжээ.
Энэхүү ажил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогын хүрээнд санхүүжигдэж, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн компаниуд гүйцэтгэсэн бөгөөд үүнд “Жинжий майнинг” компани 400 га, “Бугант нандин” компани 200 га талбайд тус тус ажиллаж, эвдэрсэн газрын байгалийн хөрсийг сэргээж, унаган төрхөнд ойртуулсан байна. Ингэснээр тухайн бүс нутагт биологийн нөхөн сэргээлт хийх нөхцөл бүрдэж, Цагаан зүрийн гол унаган төрхөндөө орох эхлэл тавигджээ.
Сэлэнг аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ж.Баярзаяа “Цагаан зүрийн гол ойн болон усны санд багтах, байгалийн өвөрмөц тогтоцтой газар болохыг онцолж, нөхөн сэргээгдснээр голын урсгал, хөрсний бүтцийн чанар, ургамлын бүрхэвч сайжирч, биологийн олон янз байдал нэмэгдэх чухал нөхцөл бүрдсэн” гэж тэмдэглэсэн.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс газрын нөхөн сэргээлтийн үр дүнд голын гольдрил анхны хэлбэртээ орж, цөөрөм, нуур үүсч, бичил ан амьтан, ургамлын төрөл зүйлүүд сэргэсэн талаар мэдээлсэн билээ.
Цагаан зүрийн гол орчимд орон нутгийн тусгай хамгаалалт тогтоосон бөгөөд цаашид аялал жуулчлал, ан агнуурын бүс болгон хөгжүүлэх бүрэн боломж нээгдсэн ба орон нутгийн иргэд мод тарих, жимсний аж ахуй эрхлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болжээ.
“Оюу толгой” компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 215 га газрыг нөхөн сэргээсэн бөгөөд 2022-2025 онд “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд нийт 35.1 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулжээ.
Тус компани ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, мод үржүүлгийн бааз, техник хэрэгсэл, суулгац бэлтгэх зэрэгт хөрөнгө, хүчин чармайлт гаргаж буйгаа олон нийтэд мэдээлж байсан. Гэвч хөрөнгө оруулалтын нийт дүн, мод ургалтын үр нөлөө, амьдралт зэрэг чухал үзүүлэлтүүдийн мэдээлэл бүрхэг, ил тод байдал хангалтгүй байсан бөгөөд албаны эх сурвалж барагцаа мэдээлэлтэй байгаагаа өгүүлж байсан юм.
Тус компани ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүлээлгэн өгч, трактор, хошуут анжис, роторт сийрүүлэгч, тарьц ухагч, моторт нүх ухагч, чиргүүл, бортогонд хөрс савлагч, моторт үрлэгч зэрэг нийт 10 багцыг хандивлаж, 6 багц буюу 48 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна.
Үр үржүүлэг, тарьц тарих уламжлалт аргыг шинэ технологитой хослуулан судлах туршилтууд хийж, байгаль орчин, ойн инженер мэргэжлээр суралцаж буй 10 оюутанд тэтгэлэг олгожээ.
Д.ЭРДЭНЭТУЯА


































































Сэтгэгдэл