А.Хаменеи: Үймээн дэгдээгчдийг “байранд нь тавих” ёстой
Ираны Дээд удирдагч Али Хаменеи бямба гарагт мэдэгдэл хийхдээ “эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүстэй төр засаг яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна, харин эмх замбараагүй байдалд турхирагчдыг байранд нь тавих ёстой” гэв.
Орон даяар эсэргүүцлийн ажиллагаа явагдаж эхэлснээс хойш тэрбээр анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн нь энэ юм.
А.Хаменеи нийслэл Техран хотноо олон нийтийн өмнө үг хэлэхдээ “нийгэм-эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа иргэд ба үймээн дэгдээгчид, тэднийг өдөөн турхирагчдыг хооронд нь ялгаж салгаж үзэх ёстой, эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүстэй албан тушаалтнууд ярилцах хэрэгтэй, харин үймээн дэгдээгчидтэй ярилцах нь ямар ч ашиггүй, тэднийг байранд нь тавих ёстой” гэсэн байна.
Үүний сацуу тэрбээр болж буй үйл явдалд АНУ, Израил болон Ираны бусад дайснуудыг буруутгажээ. Түүний хэлснээр, “дайснуудын” үйлдлийн улмаас Ираны мөнгөн тэмдэгт болох риалын ханш унасан байна.
Үнийн өсөлт, үндэсний валютын ханшийн уналтыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаануудын үеэр 12 хүн, тэдний дотор хүчний байгууллагуудын ажилтнууд амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлсэн байна. Харин хүний эрхийг хамгаалах байгууллагууд үүнээс олон хүн үрэгдсэн хэмээн үзэж байгаа ажээ. Тухайлбал, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын HRANA (Human Rights Activists News Agency) сүлжээний мэдээллээр, Ираны 25 мужийн 170 цэгт эсэргүүцлийн ажиллагаанууд болсон бөгөөд энэ үеэр 580 хүн баривчлагдсан байна. Курдын “Hengaw” байгууллагын мэдээгээр, 17 хүн амиа алджээ.
Мөн нийгмийн сүлжээг ашиглан эсэргүүцлийн ажиллагааг удирдан зохицуулж буй олон тооны админуудыг баривчилсан гэдгээ Ираны эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна. Тухайлбал, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгохын тул хуурамч мэдээлэл түгээсэн хэргээр Тегеран хотод 40 хүнийг саатуулжээ.
Ираны эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Инфляц 36 хувьд хүрч, риалын доллартой харьцах ханш хоёр дахин унажээ. Барууны орнуудын хоригууд улам чангарч, цэвэр ус, цахилгааны хангамж доголдож, энэ онд хямрал даамжирна гэж олон улсын санхүүгийн байгууллагууд таамаглаж байгаа нь олон нийтийн сэтгэл санааг тогтворгүй болгож байна.
Б.Адъяахүү


































































Сэтгэгдэл