Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, Франц улс ба Европ “хэн хүчтэй нь" гэсэн хуулийг идэвхгүйгээр аялдан дагалдахгүй гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ мэдэгдлээ.

Үүнийг хүлээн зөвшөөрөх нь дүрэм журамгүй, олон улсын эрхзүйг хөсөрдүүлдэг дэлхий ертөнц рүү хэлбийж буй хэрэг бөгөөд энд зөвхөн “хэн хүчтэй нь” гэсэн хууль үйлчилж, эзэнт гүрний ашиг сонирхол, амбицийг эн тэргүүнд тавьдаг” гэж Макрон хэлээд, Европ тив цаашдаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалах болно хэмээн онцлон тэмдэглэв.

Үүний сацуу тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг шууд шүүмжлэхээс түдгэлзсэн байна. Европын бусад улсын төрийн тэргүүн нар Гренландын асуудлаар Атлантын далайг дамнасан хэрүүл маргааныг дэвэргэхгүйн тулд аядуу өнгө аястай мэдэгдэл хийхийг хичээж байсантай харьцуулахад түүний хэлсэн хурц ширүүн үгс эрс ялгарч байлаа. “Бид бүдүүлэг танхайг бус хүндлэлийг дээдэлнэ, бид хүчирхийллийг бус хууль дээдлэх ёсыг эрхэмлэнэ” гэж Э.Макрон хэлсэн байна. Тэрбээр нарны шил зүүсэн байсан нь нүднийх нь судас хагарсантай холбоотой ажээ.

Дани улс Америкийн дайралтаас хамгаалахад бэлтгэж байна

Саяхан Данийн парламентын батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Расмус Ярлов CNN телевизэд ярилцлага өгөхдөө “хэрвээ АНУ Арктикийн арлыг хүчээр эзлэн авахаар оролдох аваас манай улс зэвсгийн хүчээр няцаахад бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөн нь АНУ-ын хувьд ч мөн адил “сүйрлийг авчирна” гээд, эдийн засгийн хувьд америкчууд Гренландад хэдийн нэвтрэх боломжтой болсон учраас хүчээр нэгтгэх нь илүү зардал гаргахад л хүргэнэ хэмээн нэмж хэллээ.

Үүний сацуу Гренландын засгийн газрын тэргүүн Йенс-Фредерик Нильсен өчигдөр Нүүк хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, хэдийгээр дайрах магадлал бага байгаа боловч арлын оршин суугчид болон эрх баригчид болзошгүй дайралтад бэлтгэж эхлэх ёстой, наад зах нь 5 хоногийн хүнсний нөөцтэй байх хэрэгтэй гэжээ.

Сүүлд ирсэн мэдээллээр, 19-ний өдөр Дани, Гренландын Батлан хамгаалахын сайд нар Брюссель хотноо НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн М.Рютте-тэй уулзахдаа, тус эвслийн Арктик дахь ажиллагааны хүчнийг бүрдүүлэхийг санал болгосон байна. Маргааш буюу пүрэв гарагт Европын Холбооны төрийн тэргүүн нар Гренландын асуудлаар дээд хэмжээний яаралтай уулзалт хийнэ.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.