Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав

Aдмин / Гадаад мэдээ

Мягмар гарагт Японы үндэсний валютын ханш унаж, 1 ам.доллар 162 иентэй тэнцсэн нь 1986 оны 12 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. Ам.долларын ханш ийнхүү чангарахад АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцыг тогтоон барих зорилгоор энэ онд бодлогын хүүгээ дахин өсгөж магадгүй гэсэн таамаглал голлон нөлөөлжээ. Мөн Ирантай холбоотой зөрчилдөөнөөс шалтгаалан нефть, хийн үнэ өссөн нь, түүнчлэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээл сэргэж байгаа нь нөлөөлсөн байна. Нөгөө талаас, Японы Төв банк бодлогын хүүгээ өсгөх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул Япон, АНУ-ын Төв банкуудын бодлогын хүү хоорондох зөрүү ойрын хугацаанд багасах магадлал бага байна.

Японы эрх баригчид иенийн ханшийг тогтворжуулахын тулд зах зээлд интервенц хийж магадгүй гэсэн таамаглал гарч буй энэ үед тус улсын Сангийн сайд Катаяма Сацүки валютын зах зээлийн нөхцөл байдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Валютын ханш хэлбэлзэх бүрд тайлбар өгөхгүй хэмээн тэрбээр хэлээд, шаардлагатай үед зохих арга хэмжээг авна гэж мэдэгджээ.

Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед "Nikkei" индекс 70.062 нэгжид хүрч даваа гаргийнхаас 594 нэгжээр өссөн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшиндээ хүрсэн хэдий ч энэ нь хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлсөнгүй. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааг идэвхтэй худалдан авсан боловч хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт гарах АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээллийг хүлээж байгаатай холбоотойгоор өдрийн дунд үед багассан байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.