Наадмаар шөвгөрсөн 64 бөхийн допингийн шинжилгээний хариуг дөрөв хоногт багтаан гаргана
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ жилийн наадмаар 1024 бөх барилдахаар болжээ. 1024 бөх барилдуулахтай холбгдуулан үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг энэ сарын 10-ны 10:00 цаг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, эхний өдөр нэг болон хоёрын даваа үргэлжлэх бөгөөд уг барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэх аж. Улмаар энэ сарын 11-нд албан ёсны нээлт болсны дараа гурав, дөрөв, тавын даваа үргэлжилнэ. Жил бүрийн долоодугаар сарын 12-нд улсын шинэ цолтнууд тодорсон байсан бол энэ удаагийн өөрчлөлтөөс улбаалан 11-ний өдөр наадамчин болон начин цолтнуудаа өлгийдөн авах нь ээ. Тэгвэл долоодугаар сарын 12-ны 10:30 цагт зургаагийн давааг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба ярихдаа “Шөвгөрсөн 64 бөхөөс допингийн шинжилгээ авна. Үндэсний бөхийн салбар хороо ерөнхий хяналт тавьж ажиллана. Мэргэжлийн сертификаттай шинжээч нар зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ. Цагдаа, тагнуулын байгууллагын албан хаагчид сорьж авах ажиллагааг хянана. Дэлхий дээр 22 итгэмжлэгдсэн лаборатори байдгийн нэг нь Германы Дрезден хотод үйл ажиллагаа явуулдаг.
Лабораторид сорьцыг 12 цагийн дотор хүргэж шинжлээд дөрөв хоногт багтаан эхний ээлжийн хариуг гаргана. Сорьц шинжлэх ажлыг 7-10 хоногт эцэслэж ирсний дараа иргэдэд шинжилгээний хариуг мэдээлнэ. Бөхийн барилдаантай холбоотой шаардлагатай бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан. Төв цэнгэлдэхийн зүлгийг дахин солих боломжгүй” гэв.
Ташрамд дурдахад, Одоогоос 20 жилийн өмнө буюу Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор 1024 бөх барилдуулахад монголчууд долоодугаар сарын 11, 12, 13-нд гурван өдөр наадамлаж байсан бөгөөд тухайн жилд Өвөрхангай аймгийн Хужит сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар 10 даван түрүүлж байсан юм.































































Сэтгэгдэл