Хэт халалт дата төвүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна
АНУ-ын зүүн хэсгийг хамарсан хэт халалтын улмаас дата төвүүдийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний сүлжээнд ачаалал үүсгэхээс гадна ойр орчмын агаарын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй талаар AP агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Массачусетс мужийн Лоуэлл хотын оршин суугчид дата төвийн хөргөлтийн төхөөрөмж, нөөц дизель генераторын дуу чимээ, утаанд санаа зовниж байна. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар дата төвүүдийн серверүүд их хэмжээний дулаан ялгаруулдаг тул халалтын үед хөргөлтийн системд илүү их эрчим хүч, зарим тохиолдолд ус шаардагддаг. Мөн цахилгаан тасалдахаас сэргийлж нөөц дизель генератор ашиглах нь богино хугацаанд ч хүний эрүүл мэнд, орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.
Лоуэлл дахь дата төвийн оператор “Markley Group” компани ойр орчимд 2000 гаруй мод тарьсан, генераторуудыг зөвхөн онцгой үед болон богино хугацааны туршилтаар ажиллуулдаг гэж мэдэгдсэн байна. Тус төв зуны оргил үед өдөрт ойролцоогоор 118 мянган галлон ус хэрэглэдэг гэж компанийн зүгээс тайлбарлажээ.
Орон нутгийн иргэдийн эсэргүүцэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Лоуэлл хотын зөвлөл хоёрдугаар сард дата төвийн өргөтгөлийг нэг жилийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг санал нэгтэй баталсан байна. Судлаачид дата төвүүдийн цахилгааны хэрэглээ улсын хэмжээнд хямралын хэмжээнд хүрээгүй ч тухайн орон нутагт байгаль орчин, эрчим хүч, замын хөдөлгөөн, эдийн засгийн дарамт үүсгэж болохыг онцолжээ.
Хэт халалтын үед дата төвийг хөргөхөд илүү их цахилгаан шаардагдаж, энэ нь цахилгаан тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Ийм нөхцөл байдал хиймэл оюуны салбарын хурдацтай өсөлт, түүнийг дагасан дата төвүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх маргааныг улам хурцатгаж байна.


























































Сэтгэгдэл