Т.Мөнхсайхан: Хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйлсээс илүү эрхэм зүйл үгүй
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Хүний гавьяат эмч цол тэмдэг хүртсэн.
Энэ тухайгаа тэрээр "Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ гүнээ талархаж байна. Энэ бол зөвхөн миний хүртсэн шагнал биш. Намайг энэ замд үргэлж түшиж, ойлгож, урам өгч ирсэн гэр бүл, хамт олон, багш нар, шавь нар, хамтран ажиллагчид, итгэл хүлээлгэн эрүүл мэндээ даатгасан олон мянган үйлчлүүлэгч та бүхний хамтын хөдөлмөр, итгэл, дэмжлэгийн үр шим гэж бодож байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эмчийн тангарагтаа үнэнч байж, мэс заслын ширээний ард, бодлого тодорхойлох салбарын сайдаар ажиллахдаа хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйлсээс илүү эрхэм зүйл үгүй гэдгийг өдөр бүр мэдэрч ирлээ.
Өнөөдөр ч Улсын Их Хурлын гишүүний үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ эмчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь миний амьдралын хамгийн үнэ цэнтэй сонголт хэвээр байна.
Энэхүү төрийн дээд шагнал надад бахархал авчрахаас илүүтэйгээр илүү их хариуцлага, илүү их итгэл, илүү их зүтгэлээр ажиллах урам зориг өгч байна. Цаашид ч эрүүл мэндийн салбарын хөгжил, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө мэдлэг, туршлага, хүч хөдөлмөрөө зориулан ажиллах болно.
Манай эрүүл мэндийн салбарт өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж, алслагдсан сум, баг, дүүрэг, аймаг, улсын хэмжээний эмнэлгүүдэд мэргэжилдээ үнэнчээр зүтгэж буй олон арван гавьяат, төрийн дээд шагнал хүртэхүйц эрхэм эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд бий. Тэдний хөдөлмөр ч мөн адил төр, түмэндээ үнэлэгдэж, нэг бус удаа, ар араасаа төрийн дээд шагналын эзэд болох өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ өндөр хүндэтгэлийг хүртээсэн төр, ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эмчийн тангарагтаа үнэнч байж, эх орон, элгэн түмнийхээ эрүүл мэндийн төлөө хичээн зүтгэсээр байх болно. Баярлалаа" гэжээ.































































Сэтгэгдэл