Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой

Aдмин / Улстөр

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралтай ярилцлаа.


-Таеквон-догийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон. Энэ тэмцээний зохион байгуулалт хэр болсон бэ?

-Олон улсын таеквон-догийн Монголын холбоо хоёр жилийн өмнө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг 40 гаруй оронтой өрсөлдөж авсан. Ингээд бид хоёр жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангасан. Урилгаар орсонтойгоо нийлээд нийтдээ 38 орны 1300 гадаад тамирчин, дасгалжуулагч, инженер техникийн ажилтантайгаа 1600 гаруй хүн Монгол Улсад маань зочиллоо. Энэ бол Монгол Улсыг Ази тивдээ сурталчилсан томоохон үйл явц боллоо. Дэлхийн судалгаагаар нэг гаднын зочныг 10 хоног эх орондоо хүлээн авч байршуулахад дунджаар 4-5 мянган еврогийн орлого олдог гэдэг юм билээ. Ингээд бодохоор улсаа сурталчлахаас гадна, эдийн засгийн орлого оруулж байгаа хэрэг гэж бодож. Дээрээс нь энэ спортыг сонирхон хичээллэдэг хүүхэд, залуучуудад маань маш хэрэгтэй, олон зүйлийг ойлгуулсан, таниулсан тэмцээн болж чадлаа.

Мөн Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулснаараа онцлог боллоо. Оролцогч улсуудын маань баг, тамирчид их сэтгэл хангалуун буцсан. Энэ тэмцээнд дэлхийн болон Европын, Азийн таеквон-догийн холбооны Ерөнхийлөгч нар ирж оролцсон нь маш том хүндлэл болсон. Өнгөрсөн 37 жилийн түүхэнд манай холбоо Азийн есөн хүнтэй Удирдах зөвлөлд багтаж үзээгүй. Харин энэ удаад манай Монгол Улсыг Удирдах зөвлөлдөө оруулж, хоёр дэд Ерөнхийлөгчийнхөө нэгээр намайг сонголоо. Ингэснээр таеквон-догийн спортыг хүүхэд, залуустаа таниулах, Ази төдийгүй, дэлхий нийтэд улсаа сурталчлах дөрвөн жилийн боломж үүсч байна гэж ойлгож болно.

-Таныг улстөрч, Ардчилсан намын гишүүн гэдгээр нь зарим хүмүүс мэдэх байх. Энэ удаад Ардчилсан залуучуудын холбооныхоо Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн байсан. Ямар зорилго, зорилттой нэр дэвшиж байна вэ?

-Би Ардчилсан намын гишүүнээр 2006 онд 18 настайдаа элсэж байсан. Түүнээс хойш намынхаа анхан болон дунд шатны бүхий л байгууллагад нь ажилласан. Багахангай дүүргийн Ардчилсан намын даргаар 24 настайдаа сонгогдон ажиллаж байлаа. Үндэсний бодлогын хорооны гишүүнээр 10 гаруй жил ажиллаж байна. Мөн намын даргын Ажлын албаны даргаар сүүлийн дөрвөн жил, намын даргын зөвлөхөөр ажилласан байна. Ер нь намын гэлтгүй улс орны хөгжил цэцэглэлтийн гол үндэс суурь нь залуучууд шүү дээ. Тэгэхээр залуучуудын оролцоог улс төр нэмэгдүүлэх, манлайлал үүсгэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилготойгоор Ардчилсан залуучуудын холбооныхоо Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байна. Манай улс хөгжиж буй орон боловч нэг нам дангаар засаглаад 10 гаруй жил боллоо. Ийм байхад Ардчилсан нам дараа, дараагийнхаа боловсон хүчнийг бэлдсэн байх нь зайлшгүй зүйл гэж үзэж байгаа. Сүүлийн сонгуулиудыг харахад залуучуудын оролцоо улам л багасаад байна. Залуучууд маань төрд итгэх итгэлгүй боллоо. Тийм болохоор сонгуульд оролцож, саналаа өгөхөө байсан. Тиймээс энэ оролцоог хангахын тулд улс төрд манлайлал үзүүлэх шаардлага бий. Би гурван жил намын даргын зөвлөхөөр ажиллахдаа яагаад Ардчилсан нам дараалан ялагдсаны гол учрыг олж тогтоосон.

-Тэр гол учир шалтгаан нь юу байсан байна вэ?

-Бид чинь ордны улс төр хийгээд л агаараар амьдраад байгаа юм. Гэтэл манай нам чинь энэ улсын хоёр баганын нэг. Нийт 40 гаруй гишүүнтэй, хүчтэй сөрөг хүчин. Орон нутгийн сонгуулиар 1600 гаруй багийнхаа 800 гаруйд нь ялсан нам. Гэтэл яагаад бүрэн ялалт байгуулж чадахгүй байгаа юм. Учир нь энэ намд залуучуудын оролцоо бий болж, хүний нөөц шинэчлэгдэж байж л ялалтын тухай ярих юм билээ. Өнгөрсөн сонгуулиар бид залуучуудаа идэвхжүүлж, тэдэнд боломж гаргаж өгөөгүй учраас л ялагдсан. Нийгэмд таниулж, оролцоог нь хангаж өгөөгүй. Дээгүүрээ хэдэн ах нар л өрсөлдөөд байдаг. Гэтэл манай намын амин сүнс нь залуучууд. Би чинь саяхан баг хамт олонтойгоо нийлж байгаад олон улсын томоохон тэмцээнийг хүлээн авч хийж үзлээ. Тэгэхээр намынхаа залуучуудын төв байгууллагыг хариуцан ажиллахад надад хангалттай хэмжээний туршлага байна. Гэсэн ч хичээж ажиллах шаардлага үүснэ. Хэрвээ залуучууд ирэх сонгуульд оролцоо байхгүй, саналаа өгөхгүй бол Монголын ардчилал маш хүнд байдалд орно. Залуучууд нь хяналтаа тавьж чадахгүй болохоор л төр улам данхайдаг юм байна. Ингэхээр 30 жил бизнес хийсэн хүмүүс үнэтэй машин унаж чадахгүй байхад төрд хоёр, гуравхан жил ажилласан хурган дарга нар хамгийн үнэтэй машин унаж, байшинд амьдарч байна шүү дээ.

-Та залуучууддаа боломж олгоогүй гэж байна. Тэгвэл Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тэдэнд ямар боломж, бололцоо гаргаж өгөх юм бэ?

-Ардчилсан намд манлайлал үзүүлэх шаардлага байна. Харин нийгэмд залуучуудыгаа зөв сонголтод аваачих учиртай. Нөгөө л нэг ах, эгч нар сонгуульд өрсөлдөөд байж болохгүй. Гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролоо Монголдоо зориулъя, ардчиллыг бэхжүүлье гэсэн залуучуудыг яагаад орхих ёстой юм. Тэгэхээр үүнийг бий болгох, бэхжүүлэх зүй ёсны шаардлага үүсэж байна. Залуучуудын дуу хоолой нэгдүгээрт байх ёстой. Тийм учраас би шилдэг гэсэн залуучуудыг Ардчилсан намд орж ирэх үүд хаалгыг нь нээж, намдаа байгаа залуучууддаа манлайлал үзүүлэх боломжийг нь өгнө. Цонхоо хааж, хаалгаа түгжчихээд суугаад байж таарахгүй. Энэ бүхний л төлөө би залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа.

-Ерөнхийлөгчид тантай өрсөлдөхөөр нэр дэвшсэн хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байна лээ. Нийгэмд ид нэр хүндтэй байгаа залуу улстөрч эмэгтэй, УИХ-ын гишүүн хүнтэй өрсөлдөхөд хэр хүнд байх вэ. Нөгөө талдаа сонгууль шударга явагдаж чадах уу. Танай намын дотоод сонгууль болгоны ард нэг тийм хэл яриа гардаг шүү дээ?

-Сонгууль гэдэг ерөөсөө л өрсөлдөөн. Нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. Тийм учраас бид эвтэй найртай, шударга өрсөлдөнө гэж бодож байгаа. Сонгуулийг зохион байгуулах АЗХ-ны хуучин удирдлагууд маань сайхан шударга явуулах байх. Нөгөө хоёр нэр дэвшигчдээ миний хувьд амжилт хүсэж байна. Учир нь бид ингээд л салчихгүй. Цаашдаа намынхаа, улс орныхоо төлөө байнга л уулзаж, ярилцаж, хамтарч явах болно. Хэн нэгнийгээ харлуулж, муугаар ярьж ерөөсөө болохгүй. Ер нь хүний сайн сайхныг нь эхлээд олж харж чаддаг байх ёстой. Мууг нь харах л гээд байвал хүн бүр ямар нэгэн алдаа дутагдалтай шүү дээ. Нэмээд хэлэхэд Ардчилсан нам хүссэн хүсээгүй Монгол төрийн хоёр баганын нэг мөн. Ардчиллын амин дархлааг хадгалах үүрэгтэй. Тийм учраас залуучууд бидний манлайлал нэгдүгээрт байх ёстой. Миний хувьд одоо 38 настай. Ардчилсан намдаа өөрийнхөө чадах хэмжээгээрээ тултал ажиллаж байгаа. Намынхаа бүхий л хүмүүсийг ижил тэгш хүндэтгэдэг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Т.ХӨВСГӨЛ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.30] 2026-08-12 11:07:48

Ebi suganii vs jinhene hudlaa gar daa.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.