Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл судална

Aдмин / Боловсрол

Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орж эхэлнэ.

Боловсролын яамны мэдээлснээр, энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэж байна. Мөн сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

Хөтөлбөр нь “Би”, “Бид”, “Бусад” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжүүлж, сурагчид зургаан хүрээ 24 чадамжийг үе шаттай эзэмшинэ. Эдгээр чадвар нь хүүхдийн өөрийгөө танин мэдэх, бусдын мэдрэмжийг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэх, эерэг харилцаа бий болгох, нийгмийн хариуцлагатай оролцох чадамжийг хөгжүүлэхэд чиглэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус хөгжлөөр нь үнэлэх тогтолцоог хэрэгжүүлж, багш нар хүүхдийн эзэмшсэн 24 чадварын түвшнийг үнэлж, хөгжлийн хэрэгцээг нь тодорхойлон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломж бүрдэх аж. Нийгэмшихүй, сэтгэл зүйн боловсрол нь хүүхдэд “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг амьдралын чухал ур чадварыг төлөвшүүлнэ.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хичээл нь сурагчдад зөвхөн хичээлийн мэдлэг олгохоос гадна өөрийгөө ойлгож удирдах, бусдыг ойлгож хүндэтгэх, хамтран ажиллах, нийгэмд зөв оролцох чадварыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдэд сэтгэлийн дархлаа, зөв хандлага, зөв харилцааны ур чадварыг төлөвшүүлэх замаар оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын чухал шинэчлэл болж байна.

Сургалтыг чанартай хэрэгжүүлэх зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэн сургаж, сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр”-ийг олгоно. Энэхүү хэрэглэгдэхүүн нь хүүхдийн өдөр тутмын эерэг дадал, зөв хандлага, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэхээс гадна гэр бүлийн орчинд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулан түгээж, хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг гэр бүл, сургууль хамтран дэмжих нөхцөл бүрдэх аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.