Кнессетийн сонгуульд Б.Нетаньяхугийн нам тэргүүлж байна
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тэргүүлдэг “Ликуд” нам аравдугаар сарын 27-нд болсон парламентын сонгуульд тэргүүлж байгааг саналын хуудсуудыг 100 хувь тоолж дууссаны дараа Сонгуулийн төв комиссоос нийтэлсэн урьдчилсан мэдээ харуулжээ.
Мэдээллээс үзвэл, “Ликуд” нам 120 суудалтай Кнессетэд 27 суудал авахаар байгаа бол Нетаньяхугийн гол өрсөлдөгч, сөрөг хүчний улстөрч Гади Айзенкотын тэргүүлдэг “Яшар” нам 21 суудал авч, хоёрдугаарт бичигдэж байна. “Ликуд” нам болон Б.Нетаньяхуг дэмждэг хэт барууны үзэлтэй, үнэн алдартны шашны намуудаас бүрдсэн эрх баригч эвсэл тэргүүлж байгаа хэдий ч Кнессетэд нийт 53 суудал авахаар байна. Харин сөрөг хүчний намууд 48 суудал авах төлөвтэй байгаа бол арабын намууд 19 суудал авахаар байна. Ажиглагчдын таамаглаж байгаагаар, сөрөг хүчин болон “Ликуд” нам арабын намуудтай эвсэл байгуулахгүй байх төлөвтэй байна.
Сонгуулийн албан ёсны эцсийн дүнг давж заалдах гомдлыг хэлэлцэж дууссаны дараа 11 дүгээр сарын 4-ний дотор танилцуулах төлөвтэй байна. Үүний дараа Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог Кнессетэд суудал авсан намуудын төлөөлөлтэй зөвлөлдөж, шинэ Засгийн газар байгуулах үүргийг парламентын гишүүдийн нэгэнд даалгана.
Засгийн газар байгуулахын тулд Кнессетийн нийт 120 суудлын дор хаяж 61-ийг хянах эвсэл бүрдүүлэх шаардлагатай. Одоогоор улс төрийн аль ч хүчин дангаараа ийм олонх болж чадаагүй байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчээр ихэвчлэн парламентын хамгийн олон суудал авсан намын даргыг тодруулдаг хэдий ч олонхын дэмжлэг авч, эвслийн Засгийн газар байгуулах боломжтой өөр улс төрчид энэ үүргийг даалгаж болно.
Засгийн газар байгуулах эхний нэр дэвшигчид 28 хоногийн хугацаа олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг хоёр долоо хоногоор сунгах боломжтой. Хэрэв тэрбээр Засгийн газар байгуулж чадахгүй бол Ерөнхийлөгч парламентын өөр гишүүнд энэ үүргийг даалгана. Хоёр дахь нэр дэвшигчид Засгийн газар байгуулахад хоёр долоо хоногийн хугацаа олгох бөгөөд сунгах боломжгүй юм.
Хэрэв парламентын гишүүдийн хэн нь ч тогтвортой эвслийн Засгийн газар байгуулж чадахгүй бол 90 хоногийн дараа дахин сонгууль явуулна. Харин шинэ Засгийн газар тангараг өргөх хүртэл Б.Нетаньяху Израилын Засгийн газрыг тэргүүлсэн хэвээр байх ажээ.
Д.ЖАРГАЛ


.jpg)






































































Сэтгэгдэл