Ц.Даваасүрэн: Парламентын гишүүнийг баривчилж, саатуулах замаар төрийн шийдвэрт нөлөөлөх аюултай нөхцөл үүсч байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой асуудлын талаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзэн лайв хийсэн. Ямар шийдвэр гарсан талаар тайлбарлахгүй юу?
-Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн Цэц төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын халдашгүй байдалд халдсан ноцтой шийдвэр гаргалаа. Ер нь сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэц иймэрхүү асуудлыг их хөндөж, парламентыг сулруулах, ард түмний төлөөлөл болсон байгууллагын эрх мэдлийг бууруулах, гаргасан шийдвэрийг нь өөрчлөх чиглэлийн үйлдэл хийж байгаа нь харамсалтай. Уг шийдвэрээр УИХ-ын гишүүнийг Зөрчлийн тухай хуулиар саатуулж, баривчилдаг болгож байна. Үүний үндэслэлийг тайлбарлахдаа УИХ-ын гишүүн бусад иргэний нэгэн адил тэгш байх ёстой гэж үзжээ. Гэтэл энэ бол тийм энгийн асуудал биш. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл. Нөгөө талаас, төрийн шийдвэр гаргагч хүн. Жирийн иргэн биш, төрийн шийдвэр гаргадаг хүн гэдгийг манай иргэд онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн хамгийн ноцтой шийдвэрүүдийг ч УИХ гаргана. Их хурлын шийдвэр гарахад ганц хүний нөлөө чухал байх тохиолдол ч бий. Нэг хүнээс шалтгаалаад Их хурлын шийдвэр, цаашлаад төрийн шийдвэр өөрчлөгдөж ч болно. Тиймээс бусад улс оронд төрийн шийдвэр гаргагч болох парламентын гишүүнийг баривчилж, саатуулахыг хориглодог. Яагаад гэвэл төрийн шийдвэрт хүчний байгууллагууд нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг юм.
-Тухайлбал, ямар асуудал дээр Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэр парламентын эрхийг зөрчих бол...?
-Жишээлбэл, Оюу толгой шиг том ордын асуудлыг авч үзье. Тийм асуудлыг шийдвэрлэх үед эсэргүүцэх байр суурьтай хүмүүсийг саатуулчихвал яах вэ. Төрийн шийдвэрт нөлөөлөх боломж бүрдэнэ шүү дээ.
Зөрчлийн тухай хуулиар үл ялих шалтгаанаар ч хүнийг саатуулж, баривчилж болно. Нийтийн хэв журам зөрчсөн, олон нийтийн дунд биеэ зөв авч явж чадаагүй гэх мэт үндэслэлээр саатуулж, баривчлах боломжтой. Өөрөөр хэлбэл, өчүүхэн шалтаг гаргаад төрийн шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүнийг саатуулж, баривчилж болно гэсэн үг. Баривчлах хугацаа нь 30 хоног, саатуулах хугацаа нь 700 цаг буюу бараг хоёр сар шахуу хугацаа болно. Тэгэхээр томоохон шийдвэр гаргаж байх үед тухайн шийдвэрт нөлөөлөх байр суурьтай хүмүүсийг саатуулж, баривчлах замаар төрийн бодлогод нөлөөлөх боломж бүрдэж байна гэсэн үг. Энэ бол ноцтой асуудал. Зарим хүн УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёр хуулийн өмнө адил тэгш байх ёстой гэж хэлж байгаа. Мэдээж хуулийн өмнө эрх тэгш байх зарчим бий. Гэхдээ УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл бөгөөд төрийн шийдвэр гаргаж байгаа хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-д орж ирлээ гэж бодъё. Одоо ярьж байгаа 32, 38 гэдэг тоо хоорондоо ердөө тав, зургаан хүний зөрүүтэй байж болно. Тэгвэл тэр гурваас дөрвөн хүнийг саатуулахад л асуудал шийдэгдчих боломжтой шүү дээ. Тийм учраас гадаадын улс орнуудад төрийн шийдвэр гаргагч болох парламентын гишүүнийг баривчилж, саатуулахыг хориглодог. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, бүрэн эрх нь дууссаны дараа ял шийтгэл оногдуулдаг. Учир нь төрийн шийдвэрт хүчний байгууллагын нөлөө орох ёсгүй гэж үздэг.
-Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэхүү шийдвэр хэрэгжээд явбал парламентын дархлаа үгүй болно гэсэн үг үү?
-Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэ шийдвэр цаашид хэрэгжээд явбал ийм нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Улс орны эрх ашгийг хөндсөн, маш ноцтой асуудлыг шийдвэрлэх гэж байхад хүчний байгууллагыг ашиглан албадан саатуулж, төрийн шийдвэрт нөлөөлж болно. Нэг, хоёр хүний асуудал байвал яах вэ. Саатуулчихна, баривчилчихна. Ялихгүй зүйлээр машиныг нь зогсоогоод “Танаас архи үнэртэж байх шиг байна” гэх ч юм уу, эсвэл хэн нэгнээр зориуд өдөөн хатгуулж болно. Дараа нь хоёуланг нь аваачаад хорьчихож болно шүү дээ. Баривчилж болно. Янз бүрийн шалтаг гаргаж, баривчилж, саатуулж, хорьж болно. Ингэснээр хүчний байгууллага төрийн шийдвэрт нөлөөлж болох ийм аюултай нөхцөл бүрдэнэ. Үндсэн хуулийн Цэц ийм ноцтой шийдвэр гаргалаа. Тиймээс иргэд маань үүнийг бас анхаарах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хэрхэн уялдуулж энэхүү шийдвэрээ Үндсэн хуулийн Цэц гаргасан юм бол. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн хувьд Үндсэн хуулиар халдашгүй байх эрх олгоогүй. Зөвхөн хараат бус ажиллана гэж заасан байдаг. Харин Үндсэн хуулийн 29-ийн хоёрт, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж зааж өгсөн. Түүний дагуу УИХ-ын тухай хуульд халдашгүй байдлыг нь тусгаж өгснийг Цэц үгүйсгэсэн нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.
-Сүүлийн үед парламентын нэр хүнд нийгэмд унаж байна гэж ярьдаг. Нөгөө талдаа парламент дархлаа өдрөөс өдөрт суларч байгаад та ямар байр суурьтай байдаг вэ?
-Сайн зөв тунгааж бодож, ойлгоорой. Ер нь яах вэ гэхээр зарим УИХ-ын гишүүний ёс зүйгүй байдал, авлига болон элдэв асуудалд холбогддогоос нь болж парламентын нэр хүнд унасан. Үүнээс шалтгаалаад парламентын дархлаа, парламентын засаглал гэдэг зүйлийг сулруулж эхэлж байна шүү дээ. УИХ-ын гишүүн хүн бол ард түмний төлөөлөл. Энэ утгаараа иргэдийнхээ төлөө тэмцэх ёстой хүн. Дуугарах ёстой. Энхцэцэгийн асуудлыг хар л даа. Дурын хүн очоод зодож болдог болж байна. Бараг л ийм байдалд хүрнэ. Энэ нь олон нийтийн эрх ашгийн төлөө дуугарч чадахгүй болно гэсэн үг.
-Дуугарвал яах вэ..?
-Баривчилж, саатуулна. Элдвээр оролдоно. Хүчний байгууллагыг ашиглаад янз бүрээр дарамталдаг болно. УИХ-ын гишүүдийг элдэв жижиг зөрчлөөр саатуулж, хорьдог болно. Ийм л байдал руу явж байна. Ер нь 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа бид нэг хүний засаглалтай байхын оронд парламентын засаглалтай байя гэж бодож, ийм тогтолцоог бий болгосон юм. Энэ нь хоёр том хөршийн дунд оршдогтой ч холбоотой. Нэг хүнд нөлөөлүүлэхгүй байхын тулд олон хүн шийдвэрээ гаргаж байг гэж үзсэн хэрэг. Гэтэл одоо олон хүний гаргаж байгаа шийдвэрт төрийн байгууллага, хүчний байгууллагаар дамжуулан нөлөөлөх боломжтой ийм зохицуулалт бий болгож байна. Ашиглаж болно, ашиглана. Би үүнд эргэлзэхгүй байна. Ерээд оны эхэн үед парламентад О.Дашбалбарын санал өгсөн тал олонх болдог байсан. Ердөө нэг хүний санал аль талд орж байна, тэр нь олонх болж шийдвэрээ гаргадаг байсан гэсэн үг. Тэгвэл яах вэ. Тэр үед ийм зохицуулалт байсан бол одоо нэг жижигхэн зүйлээр л саатуулчихна, тэгээд хорьчихно шүү дээ. Ингэснээр төрийн шийдвэр өөрөөр гарч болно. Хамгийн аюултай нь ард түмэн, улс орны эрх ашигт нийцэхгүй байгаа шийдвэрийг эсэргүүцсэн хүнийг тухайн санал хураалтад оролцуулахгүй байх нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, санал хураалтад оролцуулахгүйн тулд элдэв шалтаг гаргаж, баривчилж, саатуулж болно гэсэн үг.
-Тэгвэл Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэхүү шийдвэрийг УИХ цаашид яах ёстой гэж та үзэж байна вэ?
-Энэ асуудалд маш болгоомжтой хандаж, онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь Үндсэн хуулийн Цэцийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай. Цэцэд гишүүдийг нь томилж, илгээсэн хүмүүсээ ч эргэж харах хэрэгтэй. Төрөөр ингэж тоглож болохгүй шүү дээ. Үе үе ингэж тоглож байна. Энэ бол маш ноцтой асуудал. Төрийн шийдвэрт нөлөөлдөг болгох ийм зүйл хийж байна. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрсдөд нь ийм зохицуулалт бий. Цэцийн тухай хуулийн тавдугаар зүйлд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар гэмт үйлдлийг нь нотлох баримтаар тогтоон баривчлахаас бусад тохиолдолд баривчлахгүй, албадан саатуулахгүй, цагдан хорихгүй, Эрүүгийн хариуцлагад татахгүй. Мөн шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахгүй гэсэн зохицуулалт хүртэл бий. Тэгвэл яагаад Үндсэн хуулийн Цэц өөрсдөдөө хамаарах тэр заалтыг хүчингүй болгоогүй юм бэ. Яагаад өөрсдийгөө эргэж харахгүй, зөвхөн Монголын төр, УИХ руу халдаж байгаа юм бэ. Тэгвэл өөрсдийнхөө энэ заалтыг ч адилхан авч хаях хэрэгтэй байсан биз дээ. ҮХЦ-ийн шийдвэр гаргах үйл явцад хүчний байгууллагууд нөлөөлөхгүй байгаасай гэдэг үүднээс хуульд нь Зөрчлийн тухай хуулиар баривчлах, саатуулах ажиллагаа явуулж болохгүй гэж бид зохицуулж өгсөн. ҮХЦ-ийн бодлого, гаргаж байгаа шийдвэрт нөлөөлүүлэхгүйн тулд ийм хамгаалалт бий болгосон. Гэтэл ҮХЦ Монголын төр, парламентын засаглалд халдаж байна. Төрийн шийдвэрт нөлөөлөх ийм алхам хийж байна шүү дээ. Гурав, дөрвөн хүнийг саатуулаад, баривчлаад төрийн шийдвэрийг өөрчилдөг болгох ийм зүйл хийж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН





.jpg)














































.jpg)























Сэтгэгдэл