ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.06) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 09 цаг 45 минутад хуралдаж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаан Улсын Их Хурлын 17 гишүүн хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэй эхэлсэн.
Хуралдааныг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал даргалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ирц, товыг мэдээлэв. Энэ өдөр Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хэлэлцэх болно. Уг асуудлыг тус Байнгын хорооны өмнөх хуралдааны товд оруулсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу гурав хоногийн дараа ийнхүү хэлэлцэж байна гэж хуралдаан даргалагч танилцуулсан юм.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул саналыг хэлэлцэж эхэллээ. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чөлөөлөх саналыг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, Түндэвийн Жамбаажамц нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг оруулж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өөрөө хүсэлтээрээ өргөдлөө өгсөн талаар мэдээлэл авсан. Энэ албан тушаалаас чөлөөлөөд цааш хэрхэх, мөн тус хорооны зарим орон тоо эзэнгүй байгааг анхаарах асуудлыг хөндлөө.


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хариулахдаа, тус хорооны таван гишүүний орон тоог нөхөх асуудлыг ойрын үед хамтад нь шийдвэрлэнэ. Томилгооны сонсголуудыг нээлттэй явуулна хэмээв. Ийн хэлэлцээд дэмжих эсэхээр санал хураахад, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцуулахаар боллоо.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Заяабал, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Б.Уянга, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, М.Мандхай, Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн, Д.Үүрийнтуяа, Г.Лувсанжамц, З.Мэндсайхан, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Ж.Ганбаатар нар оролцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.





.jpg)
























































.jpg)













Сэтгэгдэл