Д.Болорхүү: “Танил талгүй бол хэн ч биш” тогтолцоо хэвээр байгаа нь над шиг хүмүүс эх орондоо очиход чөдөр болдог
ХБНГУ-д роботын инженерээр ажиллаж байгаа Д.Болорхүүтэй ярилцлаа.
-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. ХБНГУ-д 17 жил сурч, ажиллаж, амьдарч байна гэсэн байсан?
-Намайг Дариймаагийн Болорхүү гэдэг. Би Герман улсад анх 2009 онд оюутан болж ирээд, Дрэсдэний Техникийн их сургуулийг цахилгаан техник, автоматжуулалтын мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж, амьдарч байна.
-Та ажиллаж байгаа компанийхаа талаар танилцуулахгүй юу. Монгол хүн гадаад улсад инженерээр ажиллана гэдэг бахархал төрүүлж байна?
-Би сургуулиа 2017 онд инженер зэрэгтэй төгссөн. Төгссөнийхөө дараа Дрэсдэний Техникийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар жил гаруй ажилласан. 2018 оны эхээр Мюнхен хотод шилжиж ирснээс хойш роботын инженерээр тасралтгүй ажиллаж байна. Энэ чиглэлээр ажиллаад бараг арван жил болжээ.
Анх Германы “Kinexon” гэдэг робот, мэдээллийн технологийн компанид ажилд орж байлаа. Энэ компани нь автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл (AGV) болон интернэтийн зүйлс (IoT)-ийн өндөр нарийвчлалтай байршил тогтоох бүтээгдэхүүн хийдэг байсан. Тэнд таван жил ажилласны дараа одоогийн ажиллаж буй “Agile Robots” компани руу шилжсэн. Одоо энэ компанидаа дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Манай компани өмнөхөө бодвол хамаагүй том, олон төрлийн робот үйлдвэрлэдэг. Америк, Хятад, Энэтхэгт салбартай. Хүн төрхтэй (humanoid) роботоос гадна гар хэлбэртэй аж үйлдвэрлэлийн зориулалттай роботууд гээд олон төрлийн робот бүтээдэг. Мөн олон улсын чадварлаг инженерүүдээс бүрддэг. Мэдээж ихэнх нь германчууд мөн хятад, энэтхэг, орос гээд олон орны мэргэжилтнүүд бий. Би энэ компанидаа одоогоор ганцаараа монгол хүн нь байна.
-Германд энэ чиглэлээр суралцаж төгссөн болохоор олон улсын чадварлаг мэргэжилтнүүдтэй ойр ажиллаж туршлага, мэдлэг хуримтлуулах боломж бүрдэж байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Ажлын талбар дээр маш их зүйлийг сурч авдаг. Ялангуяа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллах нь маш сонирхолтой бөгөөд бие биесээсээ суралцах боломж их байдаг.
-Таны хувьд компанидаа ямар ямар роботуудыг бүтээхэд гар бие оролцон ажиллаж байна вэ. Өдөрт хэдий хугацаанд ажилладаг вэ?
-Би компанидаа орсноосоо хойш автомашины үйлдвэрт өргөн ашиглагддаг, төрөл бүрийн даацтай гар роботууд дээр ажиллаж байна. Сүүлийн үед хүн төрхтэй роботын төслүүдэд ч гар бие оролцож байгаа. Ажлын цагийн хувьд хүссэн үедээ оффистоо ирж ажилладаг.
-Танай компани бүтээсэн роботуудаа бусад улс орон руу гаргадаг уу. Герман улс ямар ямар салбарууддаа робот ашиглаж байна вэ?
-Манай компани голчлон Германаас гадна Европын холбоо, Америк, Хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсын томоохон зах зээлийг тоочиглож робот бүтээдэг. Учир нь улс бүр роботын өөр өөр стандарттай байдаг. Тухайн улсын стандартад бүрэн нийцүүлж, холбогдох сертификатаа авч байж зах зээлд гарах эрх нээгддэг учраас манайх голдуу томоохон эдийн засагтай орнууд руу түлхүү чиглэдэг. Герман улсын хувьд хамгийн өргөн хүрээнд машин үйлдвэрлэлийн салбарт роботыг түлхүү ашиглаж байна.
-Өнөөдөр дэлхий дахинд хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнууд роботын үйлдвэрлэлээрээ өрсөлдөж байна. Герман улсын энэ чиглэлийн салбар ямар түвшинд хөгжиж байгаа вэ?
-Герман улс яг энэ роботын техник технологийн үйлдвэрлэл, судалгаа инновацийн тал дээр дэлхийд тэргүүлсэн хэвээрээ байна. Ялангуяа их сургуулиуд нь байгалийн шинжлэх ухааны салбарт маш өндөр түвшний боловсрол олгодог. Гэхдээ сүүлийн таван жилд Хятадаас маш олон чадварлаг, хүчирхэг компаниуд шинээр гарч ирж байгаа нь энэ салбарын өрсөлдөөнийг улам хурцатгаж байна.
-Ирэх таван жилийн дотор дэлхий дээр багадаа 100 сая, магадгүй нэг тэрбум гаруй хүн дүрст робот хөдөлмөрлөж эхэлнэ гэсэн мэдээлэл байгаа. Дэлхийд эхнээсээ анагаах ухаан, хөдөө аж ахуй, банкны салбаруудад роботууд оруулаад ирлээ. Энэ тал дээр таны үзэл бодлыг сонсъё?
-Энэ бол цаг хугацааны л асуудал. Хамгийн түрүүнд үйлчилгээний салбарт илүү эрчимтэй нэвтэрч орж ирэх байх. Хиймэл оюун ухаан болон робот техникийн хөгжлөөс үүдэж зарим төрлийн ажлын байр байхгүй болох нь үнэн ч түүнийг дагаад цоо шинэ мэргэжлүүд ч гарч ирэх нь ойлгомжтой. Жишээ нь, анх Англид аж үйлдвэрийн хувьсгал эхэлж байхад гар аргаар утас ээрдэг хүмүүс ажилгүй болж байсан ч цоо шинэ мэргэжлүүд төрсөн. Мөн автомашин анх үүсэхэд морин тэрэгний жолооч нар ажилгүй болсонтой яг л ижилхэн.
-Технологи хэт их хөгжих тусмаа хүн төрөлхтнийг устгах аюулыг дагуулдаг гэж бас ярьдаг. Гэтэл аль хэдийнэ бид дотор нь амьдарч байна. Технологийн асар их энэ хөгжлийг яаж ашиглах ёстой вэ?
-Би энэ тал дээр нээлттэй үзэлтэй. Технологийн хөгжлийг хэзээ ч хориглох боломжгүй. Хэдийгээр асар их хор хөнөөлтэй, эрсдэлтэй талууд бий ч нөгөө талдаа хүн төрөлхтөнд төсөөлөхийн аргагүй боломж, дэвшлийг авчирна гэж хардаг.
-Ирээдүйн чиг хандлага ямар байх вэ?
-Тун удахгүй буюу арван жилийн дараа гэхэд робот болон хиймэл оюун ухаан хоёр хослоод бидний өдөр тутмын ухаалаг гар утас шиг энгийн хэрэглээ болон хувирна гэж төсөөлж байна.
-Та сошиал хаягаараа робот сонирхдог хүүхэд залуусыг холбогдохыг уриалсан байсан. Хүүхдүүд тантай холбогдож байна уу?
-Тийм ээ, маш олон оюутан залуус холбогдсон. “Та сургалт явуулдаг уу, робот хийж сурмаар байна” гэсэн төрөл бүрийн түвшний мэдлэгтэй хүмүүс хандсан. Тийм учраас би ойрын үед залууст зориулж роботын чиглэлээр суурь болон мэргэжлийн сургалт явуулах бодолтой байгаа.
-Таны ирээдүйн ажил хөдөлмөр эрхлэлт Герман улсад л үргэлжилсээр байх уу, эх орондоо ирж ажиллах уу?
-Сурах, мэдэх зүйлс хэзээ ч дуусахгүй л дээ. Гэхдээ одоо би өөрийн гэсэн хангалттай ажлын туршлага хуримтлуулсан. Тиймээс ирээдүйд эх орондоо очиж, эзэмшсэн мэдлэг туршлагаасаа хуваалцан, Монголынхоо роботын салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулна гэж боддог. Ойрын таван жилдээ эх орондоо буцаж суурьших төлөвлөгөөтэй байгаа ч эцэст нь нэг зүйлийг онцолж хэлмээр санагддаг юм. Монголчууд 20 жилийн өмнө, намайг хүүхэд байхад гадаадад гарч хар ажил хийх нь түгээмэл байсан бол өнөөдөр дэлхийн томоохон компаниудад олон монгол залуус мэргэжилтэн, инженер болоод дэвшин ажиллаж байна. Харамсалтай нь Монголын Засгийн газар гадаадад боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсан чадварлаг залуусаа эх орондоо татах тал дээр бодлого хэрэгжүүлж, бодит алхам хийхгүй байгаад нь үнэхээр эмзэглэдэг юм. Ялангуяа Монголд одоогоор “Танил талгүй бол хэн ч биш болсон” тогтолцоо хэвээр байгаа нь над шиг хүмүүс эх орондоо очиход чөдөр болдог. Үүний улмаас гадаадад мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуус өндөр цалинтай албандаа “цоожлогдоод”, эцэст нь тухайн орныхоо нийгмийн нэг хэсэг болж үлдэхэд хүрдэг нь дэндүү харамсалтай санагддаг даа.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.Нандинцэцэг





.jpg)





























































.jpg)








Сэтгэгдэл
Зочин [66.181.189.106] 2026-11-07 15:01:03
Үнэн хэлж байна.