Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ийн шалгалт өгөх элсэгчдэд бүхий хувилбараар хүртээмжтэй хүрч ажиллахыг хичээсэн

Н.Баярмаа / Боловсрол

Энэ жил ЭЕШ-ыг ирэх долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд явуулж, их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 8, 9-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. ЭЕШ-ын бэлтгэл ажил, элсэгчдийн анхаарах зүйлсийн талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.

-Энэ жил сурагчид хичээлийн жилийнхээ хоёрны нэг хэсгийг бие даан суралцаж өнгөрөөлөө. Маш онцлогтой энэ тохиолдол төгсөх ангийн хүүхдүүдэд ихээхэн шалгуур болж байх шиг. Төгсөгч, элсэгч хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх талаар БСШУЯ, Боловсролын үнэлгээний газраас ямар ажлуудыг хийв?

- 2019-2020 оны хичээлийн жилд танхимын сургалтын нэг хоёрдугаар улирлын хичээл 85 хоног зохион байгуулагдаж үлдсэн 80 хоног буюу гурав дөрөвдүгээр улирал зайны сургалтаар явсан. Үүнээс төгсөх ангийн сурагчдын теле хичээлд нэлээдгүй анхаарал хандуулж ажилласан. Элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан теле хичээлийг Монголын Телевизүүдийн Холбооны 17 телевиз нэг бүрчлэн сурагчдад хүргэлээ. Энэ үеэр ойролцоогоор ахлах ангийн 10490 минутын 583 теле хичээл, 1653 цагийн агуулгыг зайнаас өгсөн байна. Телевиз үзэх боломжгүй алслагдсан бүс нутагт байгаа болон интернэт хэрэглэх боломжгүй элсэгчдэд зориулан “Элсэгч” сониныг эрхлэн гаргаж орон нутгийн боловсрол, соёл урлагийн газраар нь дамжуулан хүргүүлж ажилласан. Одоо энэ сонины маань сүүлийн дөрөв, тавдахь дугаар ойрын үед хүүхдүүдийнхээ гарт очно. Мөн зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллүүдээр цахим хаяг ажиллуулж ЭЕШ-ын талаар нэг дороос мэдээлэл авах боломжоор хангаж ажиллалаа. УОК-оос өгсөн зөвшөөрлийн дагуу зөвхөн элсэгчдэд зориулсан нэг сарын танхимын давтлагыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөгчдийн бүртгүүлсэн хичээл төрөл бүрээр өгч дуусгалаа. Ямар ч байсан хувь хүн өөрөө хичээгээд ирээдүйнхээ төлөө зориод бэлтгэсэн тохиолдолд байж болох бүхий л хувилбараар нь хүртээмжтэй байх зохион байгуулалттайгаар төгсөгч элсэгчиддээ хүрч ажиллахаар хичээсэн.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлс энэ жилийн онцлогоос шалтгаалан нэмэгдсэн байгаа. Жишээлэн дурьдвал?

- Энэ жилийн онцлогоос хамаарч шалгуулагч сурагчдын эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс нийт 50 байсан шалгалтын байрыг 85 болгон нэмэгдүүлсэн. Мөн шалгалтын байр бүрд тусгай хоёр нөөц ангийг бэлтгэж байгаа. Энэ ангиудыг шалгалтынн үеэр халуурсан зэрэг эрүүл мэндийн талаар ямар нэгэн анхаарал татсан шалгуулагч гарвал тухайн шалгуулагчийг тэр танхимд оруулаад тусгайлан шаардлага хангасан багшаар шалгалтыг авах ажлыг үргэлжлүүлэх зорилгоор ашиглах анги юм. Үүнээс гадна нэг ангид дээд тал нь 12 хүүхэд байхаар шийдэж байна. Шалгуулагч хоорондын зайг хоёр метр байхаар тооцож анги танхимыг бэлтгэсэн. Шалгалтын байрны гадна болон дотор талд иргэдийг олноор нэг дор бөөгнөрүүлж цуглуулахгүй байх зохион байгуулалтыг хийж байгаа учраас шалгалтын байранд гаднаас нэвтрэх хэсгийг зохион байгуулах зэрэг олон онцлог өөрчлөлтүүд орсон. Өчигдрөөс эхлэн шалгуулагчдын суудлын хуваарийг Боловсролын Үнэлгээний цахим хаяг дээр байршуулж тавьсан. Энэ суудлын хуваарь нь энэ жилийн хувьд чухал ач холбогдол өгөх мэдээлэл бүхий хуудас болж байгаа. Суудлын хуваарь дээр шалгуулагчийн сонгож өгөх хичээл аль шалгалтын төвийн аль хэсгээр нэвтрэх, хуваарилагдсан заал анги танхимын дугаар бүхий мэдээлэл, тухайн шалгалтын байран дээр хэдэн цаг хэдэн минутанд ирэх талаар нарийвчилж зааж өгсөн мэдээлэл бий.

COVID-19 өвчлөлөөс сэргийлэх эрсдэлийг үүсгэхгүйгээр зохион байгуулах энэ тэргүүний зорилго. Энэ эрсдэлийг даван гарах талаар ямар зохицуулалт хийгдэх вэ?

-Шалгуулагчийг шалгалтын байрны гадна цуглуулахаас эхлээд тусгайлан төлөвлөсөн журмын хүрээнд ажиллана. Жишээлбэл, цугларах хэсэг гэж байгаа. Энд шалгуулагчдыг хоёр метрийн зайтай цуглуулаад тусгай маршрут заавар чиглэийн дагуу оруулж эхэлнэ. Шалгалтын байрны гаднаас нэвтрэх гурван нэвтрэлтийн цэгийг нэг, хоёр, гуравдугаар хэсэг гэж заагласан. Ингээд тухайн шалгуулагчийн суудлын хуваарьт бичигдсэн хэсгээр нэвтрүүлж халууныг нь хэмжсэний дараа ариутгал халдваргүйжуулалт хийгдэнэ. Мөн зохих бичиг баримтаа шалгуулж металл илрүүлэгч зэрэг бусад ЭЕШ-ын үед мөрддөг журмын хүрээнд үйл ажиллагаанд хамрагдсаны дараа өөрт заагдсан эгнээгээр шалгалтын байр луу нэвтрэн орно. Мөн орох гарах аль ч тохиолдолд түрүүн нэрлэсэн нэг хоёр гуравдугаар хэсгийн шалгуулагчид тусгай анги гэсэн дарааллаар явна. УОК, ЭМЯ-наас өгсөн заавар зөвлөмжийн дагуу шалгуулагчдыг аль болох нэг дор бөөгнөрүүлж эрсдэлтэй хэмжээнд хүргэхгүй байхад анхаарч ажиллах юм.

- Шалгалтын сэдвийн нууцлал, бүрэн бүтэн байдлын асуудал гээд жил бүрийн шалгалтанд чухал асуудал байдаг? Энэ жилийн хувьд ямар байдлаар зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Шалгалтыг сэдэв даалгаврыг Тагнуулын Ерөнхий газрын Төрийн тусгай шуудангийн алба Цагдаагийн ерөнхий газрын хамгаалалтын газартай хамтарч нууцлалын маш өндөр түвшинд хийж байгаа. Тэгэхээр сэдэв даалгавар задрах ил болох гэх мэтчилэн асуудал гарахгүй. Шалгалт өгсөн даруйд шалгалтын дүнг шууд гаргахаар зохицуулалт орсон. Мөн орон нутаг нийслэлтэй хамтарч дүнгийн засалт хийж байгаа процессыг лайваар үзүүлэхээр болсон. Улаанбаатар хотын 43 шалгалтын төвийг төв тус бүрээр нь харуулна. Харин орон нутгийнхыг Боловсрол соёл урлагийн газрын пэйж хуудсаар дамжуулж үзүүлнэ.

- Сургуулийн хуваарь сонголтыг цахим хэлбэрт шилжүүлж ажиллана гэсэн?

- Энэ жилийн нэг том шинэчлэл бол энэ юм. Их дээд сургуулийн конссерциумтай хамтраад хуваарь сонголтын ажлыг бүрэн онлайн болгох ажлыг Боловсролын Үнэлгээний төвөөс зохион байгуулж байна. Өмнө нь ямар байсныг та бүгд мэдэж байгаа. Орон нутагт сургуулиуд өөрсдөө очиж хүүхдүүдийг нэг бүрчлэн дуудаж хуваарь сонголтыг хийлгүүлдэг байсан.

- Шалгуулагчдад онцгойлон анхааруулж хэлэх зүйл юу байна?

- Энэ жилийн цаг үеийн байдалтай уялдуулан шалгалтын байр 30 байраар нэмэгдэж 85 болсон байгаа. Тиймээс элсэгчид болон өмнөх жилийн элсэгчид шалгалтын төвөө сайн нягталж аль шалгалтын төв дээр яаж шалгалт өгөх талаараа сайтар мэдээлэл авсан байх шаардлага үүсч байгаа. Өөрийн биеэр хэдний өдөр, хэдэн цагт хаана шалгалтанд орохоо нарийвчлан шалгах шаардлага бий шүү гэдгийг хэлмээр байгаа юм. Өмнө нь шалгуулагчид бичиг баримтаа шалгуулаад шууд ордог байсан. Харин энэ жилийн хувьд COVID-19 өвчлөлөөс шалтгаалаад шалгуулагчийн эрүүл мэндэд үнэлгээ хийх зэргээр цаг зарцуулах зохицуулалттай. Өмнөх жилүүдэд шалгалтын төвөө андуурч хоцорч ирсэн шалгуулагчийг оруулдаг байсан бол энэ удаа цаг хугацааныхаа хувьд тийм боломжгүй. Цагаасаа эрт ирэх хоцорч ирэх аль ч тохиолдолд шалгалтанд орох боломжгүй.

- Олон хүн цугларсан газарт өвчний эрсдэл үүснэ гэж үзэж байгаа. Гэтэл шалгуулагч хүүхдүүдийг эцэг эх нь дагаж ирэх тохиолдол түгээмэл. Энэ талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

- Эцэг эхчүүд хүүхдээ биечлэн дагаж ирэх шаардлагагүй юм. Харин хүүхдийнхээ шалгалтын байранд ирэхдээ авч ирвэл зохих бичиг баримтын бүрдэлийг хангахад эцэг эх, багш нар дэмжин туслах хэлбэрээр оролцох шаардлагатай байдгийг анхаарахад гэмгүй. Гар утас, ухаалаг цаг, томъёоны хураангуй зэргийг авч орохыг хориглосон журмын зохицуулалтууд байдаг. Тэгэхээр журмыг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр бичиг баримтынхаа бүрдлийг хангаж ирэх хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [91.134.2.190] 2020-06-23 02:15:39

Улсын мөнгө идэх аргаа олж ядаж байна даа. Олон тендер хулгайлсандаа эдний ах дүүс

Зочин [51.91.18.131] 2020-06-23 02:14:32

Hentii aimgiin tenderiiin hulgaichid ajildaa orjee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.