О.Алтангэрэл: Ямар ч эргэлзээгүй заалтаар "нэр дэвших эрхгүй" гэж ойлгуулахыг оролдож байна

Aдмин / Улстөр

Хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх тайлбар мэдээлэл гарлаа. Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?

-1992 оны Үндсэн хууль батлагдаад Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, Цэцийн үйл ажиллагаанд зарчмын шинжтэй ямар ч өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн удаад Үндсэн Хуульд өөрчлөлт орсон. Гэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал тэр чигтээ байгаа. Нэгэнт батлагдсан бөгөөд тогтоосон актын хүчин чадлын тухай л ярьдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн юм уу, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн үү, УИХ-аас гаргасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн үү, хууль, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрсөн үү гэдгийг л хянадаг. Үндсэн үүрэг нь энэ. Хамгийн гол санаа яваад байгаа шүү дээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ямар шийдвэр гаргаагүй вэ гэж ҮХЦ ерөөсөө хянадаггүй. Ийм боломж ерөөсөө байхгүй. Түүнээс биш ийм хууль гаргасангүй, ийм тогтоол баталсангүй гэж УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн эсэх гэж ийм кейс байгаагүй. ҮХЦ-ийн түүхэнд байгаагүй. Цаашид ч онолынхоо түвшинд ямар ч боломжгүй. Ямар нэг зүйл байвал хууль зөрчсөн эсэхийг нь ярих гээд байна шүү дээ. Энэ хууль зөрчсөн юм уу үгүй юу гээд. Байхгүй байгаа нь хууль зөрчсөн байна гэж ярихаар утгагүй болчихоод байгаа юм. Зарчим нь ерөөсөө болохгүй байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байгаа зүйл.

-Одоо бүрэн эрхээ хэрэг­жүүлж байгаа Ерөн­хийлөгч Х.Бат­тулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гуульд дэвших эрхгүй гэдэг маргааныг ҮХЦ-д гаргасан. ҮХЦ дээр очсон маргааны асуудлыг та юу гэж бодож байна?

-Жишээлбэл, Ерөнхийлөгчийн тухай хуульд энэ талаар нь дэвшиж болно гээд заасан байвал энэ чинь буруу байна гэж гомдол гаргаж болж байгаа байхгүй юу. ҮХЦ үзээд зөв буруу, дэвших дэвшихгүйг шийднэ. Гэтэл тусгаагүй байна, үүнийгээ тусгаж өг гэж маргаан шийдвэрлэх ямар ч бололцоогүй болчихоод байгаа асуудал. Нэг зүйлийг гайхаад байна. Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг дэмждэг, дэмждэггүй нийгэмд зөндөө олон хүн байгаа. Монгол Улсын бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн институцитай холбоотой асуудлыг авч үзэхдээ яагаад ганцхан Баттулга гэдэг хүнтэй холбож яриад байгаа юм. Түрүүнд нь өчнөөн хүн ажиллаж байсан институци. Монголын Төрийн тэргүүнээр дахиад бидний үр хүүхэд цаашид сонгоод явах бүхэл бүтэн төрийн институци. Зөвхөн өнөөдөр хэн Ерөнхийлөгч байгаа гэдгээс шалтгаалаад энэ институцийг дураараа “болно, болохгүй” гээд. Хууль тогтоох эрх мэдэл нь, гүйцэтгэх эрх мэдэл нь нийлж байгаад ямар нэг байдлаар энэ зүг рүүгээ улс төрийн акц хийдэг энэ явдал бол Халтмаагийн Баттулга гэж хүний асуудал биш ээ. Ерөнхийлөгчийн алба түр. Монгол төр бол бүр. Тийм ээ. Энэ институци төрийг хэн удирдаж явах вэ гэдэг чинь бүр юм. Тэгэхлээр ийм “болно, болохгүй” гэдэг асуудлыг хүнд тааруулж ярьдаг, хүнд тааруулж улс төрждөг, дээрээс нь хамгийн тогтвортой байх ёстой ҮХЦ нь хүртэл яах нь мэдэгдэхээ байчихдаг. Үндсэн хууль гээл өгчихсөн тэр эрхэм зүйлээ л манаж байх ёстой. Тэгвэл парламентаар яах юм. Жишээ нь, маргааш би ҮХЦ-д гомдол гаргая л даа. Авлигатай тэмцэх хуульд төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа бүх хүнийг шалгая гэж УИХ оруулахгүй байгаа нь буруу гэхээр миний гомдлыг хянаж аваад үүнийг УИХ оруулах ёстой юм байна гэж шийдэх юм бол УИХ буюу хууль тогтоох байгууллагад шууд чиглэл өгдөг, өөрсдөө хэм хэмжээ тогтоодог байгууллагын эрх эдэлнэ. Шууд үйлчлэх хэм хэмжээг. ҮХЦ-ээс эрх зүйн акт гарна. Хууль зүйн томоохон акт гарна. ҮХЦ-ийн дүгнэлт гардаг. Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй. Үндсэн хууль зөрчсөн бол хүчингүй болдог ийм л юм. Бусад юмны улстөржиж байгааг ойлгож байна. Сайд нар гарч ирээд мэдэгдэл хийж байгааг, УИХ-ын гишүүд гараад мэдэгдэл хийгээд янз янзын акц явуулж байгааг ойлгож байна. Хуульч хүнийхээ хувьд харамсаж байна.

-Нийгэмд эргэлзээтэй зүйл байна л даа. “Зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогдоно” гээд. Энэ нь анх удаа явагдах сонгууль гэж нэг хэсэг нь тайлбарлаад байна. Нөгөө хэсэг нь арай өөр байдлаар тайлбарлаад байх шиг байна. Хуульчид юу гэж үзэж байна?

-Уг нь энэ ерөөсөө маргахаар зүйл биш юм. Яаж ийж байгаад л улс төр, улс төржилт гээч юм л үүнийг эрхтэй, эрхгүй гэдэг зүйл рүү оруулчихлаа л даа. Яг энэ чиглэлээр судалгаа хийсэн тулгатай, туршлагатай хүмүүс голдуу дуугай байгаад байна. Би харамсаж байна. Хэдийгээр би хуульч мэргэжилтэй ч гэсэн яг энэ Үндсэн хуулийн эрх зүйн салбарт үгийг нь сонсох ёстой сайн мэргэжилтнүүдийг бас өөрөө хуульч хүн боловч тэд нарын үгийг сонсмоор, хандлагыг нь хармаар байгаа юм. Энэ чинь уг нь маргахаар юм биш шүү дээ гэчихээд үүнийгээ ярь гэхээр “за яах юм, яах юм” гэдэг. Бид институцийн мөн чанарын тухай болно, болохгүй гэдэг юм уу яриа гаргаад байх юм бол яваандаа засаг төр сулрахын үндэс болдог. Уг нь бол яригдах ч үгүй сэдэв. Ярих хэрээр нээрээ ч тийм юм уу болчихоод байгаа юм. Хов байдаг шүү дээ. Аятайхан хүний хүүг хүмүүс муулаад байхаар нээрээ ямар юм бол гээд хүн эргэлздэг шүү дээ. Тэрэн шиг зүв зүгээр хуулийн хувьд ямар ч асуудалгүй юмыг эрхгүй гээд л дунд нь байгаа үг, үсгийг салгаж тайлбарлаад л. Нэн ялангуяа улстөржиж үүн рүү дайраад байхаар сүүлдээ энийг ярихаас аргагүй болно. Үүнийг яриад ирэхээр хоёр тал болно. Хоёр тал болоод ирэхээр хүмүүс өөрсдөө алинд итгэхийг хүсэж байна түүндээ итгээд эхэлнэ. Гэтэл хууль зүйн шинжлэх ухаан чинь өөрийн гэсэн онолтой. Ойлгож байгаа, учрыг нь мэдэж, таниж байгаа ийм хүмүүс зөндөө байхгүй юу. Юун дээр олонх нь санал нэгдээд байна вэ гэхээр “энийг бол ярих ч хэрэггүй”. Асуудал хаана байна вэ гэхээр нэгэнт ярьдаг сэдэв болгочихсон учраас энийг л яриад байгаа юм. Үүн дээр маргаан байхгүй. Ямар ч маргаан байхгүй. Дөрвөн жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол өөр Ерөнхийлөгчийн тухай. дөрвөн жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогдсон хүн гэдэг бол өөр хүний тухай. Дөрвөн жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогдоод дараагийн сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн гэдэг бол бас өөр хүн. Тэр байтугай дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогдчихоод зургаан жилийн хугацаатай сонгуульд орох гэж байгаа гэдэг нь өөр ойлголт байгаа байхгүй юу. Энэ болгоны шинж тэмдэгүүдийг энэ тэндээс нь түүж авч, баахан юм цуглуулаад “болохгүй” гэдэг дүгнэлт хийчихдэг. Эсвэл шинжлэх ухаанд баримтлах ёстой суурь зарчмуудаа хаяж байгаад аль нэгийг нь барьж авч байгаад “болохгүй” гээд хэлчихдэг. Ийм юм байдаггүй. Энэ чинь онолтой, сургаальтай. Маш товчхон хэлэхэд дэлхий дээр жишиг байвал жишгийнхээ дагуу шийддэг. Ийм улс орнууд зөндөө байна. Эсвэл эхнээсээ шууд тодорхой болгодог.

-Энэ асуудлыг хууль тогтоогчид анхнаасаа хэрхэн тайлбарлаж байсан бэ?

-Яг тодорхой зааж өгье энэ асуудлыг гэхэд УИХ-ын чуулган дээр тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нарын хэлсэн үг протокол, ЕТГ ажиллаж байсан З.Энхболд даргын ярьсан яриан дээр бүгд тодорхой байж байгаа шүү дээ. Үүнд нээх оруулаад байх шаардлагагүй юм байна. Харин энд ингээд оруулаад өгчих юм бол хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байдал үүсэх гээд байна. Угаасаа үүн дээр маргаан байхгүй юм чинь хаяад явъя гэсэн байдаг. Яаж ч маргаж олон онол ярьсан хууль тогтоогчдын анх яаж тайлбарласан энэ логикийг дагахаас аргагүй болдог. Хуулийн сургуулийн захын оюутан мэднэ. Үндсэн хуулийн эрх зүй хичээл дээрээ асуудлыг судалж үзээд, маргаан мэтгэлцээнтэй зүйл байх юм бол анх 1992 оны Үндсэн хуулийг баталж байхад юу ярьж байсан юм бэ үүнийгээ л шүүдэг. Тухайн үеийн УИХ -ын гишүүд юу ярьж байсан юм, анх төсөл боловсруулагдаад явж байхад ямар саналууд гарч байсан юм, бага хурал дээр юу яригдаж байсан юм гээд тэрийгээ л ярьдаг. Үгүй ядаж энэ түвшиндээ буцаж очоод л үзэхэд энд ямар нэгэн маргаан байхгүй шүү.

-Дэвшүүлнэ, дэвшүү­лэхгүй гэсэн асуудал хууль­зүйн хүрээнээс нэгэнт халиад улс төрийн шийдвэр болоод байх шиг байна?

-Би хуульч хүнийхээ хувьд ч биш иргэн хүнийхээ хувьд бодоход өнөөгийн Ерөнхийлөгчийг улс төрийн сонгуульд яаж ийж байгаад оруулахгүй л байх сонирхол байна шүү дээ. Яагаад тэр бүртгэлээс хасах гээд байгаа юм бэ. Тэмцээн эхлээгүй байхад. Энэ бол тогтолцооны асуудал. Нэг нам нь ялахын төлөө бусдыгаа ямар ч аргаар хамаагүй дэвсэлдэг. Өөрсдөдөө байгаа эрх мэдэл, мөнгө төгрөг, өргөн далайцтай хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүх юмаар нөгөөхөө дарж байгаад дийлдэг. Ийм байж болохгүй. Надад миний нэг таньдаг ах хэлсэн юм. Мундаг үг. Надад бодогдоод байдаг юм. “Хүн болгон өөртөө тааруулж, нэг нэг банз сугалсаар байтал Монгол Улс чинь хууль гэдэг хашаагүй боллоо шүү” гэж хэлсэн байхгүй юу. Хүн болгон л нэг юм тайлбарлаад л нэг банз хуулж авсаар байгаад бид хашаагүй боллоо. Хашаагүй бол яах юм. Гадны хүн орж ирнэ биз дээ. Бид нар хуульгүй бол яах юм бусдын тоглоом болно шүү дээ. Нэн ялангуяа хоёр аварга том орны хооронд хавчуулагдсан бид нар нэг нэгнийгээ улс төрийн өрсөлдөөнд давж гарахын тулд Үндсэн хуулиа эвдээд, хэм хэмжээгээ зөрчөөд, институциэ хооронд нь хагаралдуулаад байх юм бол бид бусдын л идэш болно. Өнөөгийн маргаанд хэн нэгэн дийлэх бол өнөөдөр тэр хүндээ чухал асуудал байх. Цаашаа үр хүүхэддээ хуультай улс орон үлдээх юм уу, бид цаашид хуультай байх юм уу эсвэл нэг хэсэг нь дандаа тийм бяртай, хүчтэй биднийг дарласан анги давхарга байх юм уу гэдэг үүний хариулт л одоо явж байна шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:57

Зочин [103.229.121.222] 2021-03-23 12:48:07

Хуульд юу гэж заасан байна тэргээр л шийдэнэ хэсэг булэг хумуус хоронгоо хураалгах гэж сунс нь зайлж хэн дуртайн хуульд тайлбар хийгээл тун ч их сандарч байх шиг бна доо энэ яахав болох юм болдгоороо болно хэн оролцох эрхтэй бна тэр оролцож ард тумэн сонголтоо харин зов мэргэн хийнэ гэж найдая харин биднийг энд уймэж байхад Алтай таван богд" д олгосон 10 лиценз юу болох бэ оор ухах газар зондоо байгаа байлгуй тэр сайхан онгон дагшин узэсгэлэнтэй газарт битий гар хурээч хэрэв та Монгол хун л бол эх ороноо гэсэн бага ч болов сэтгэл байгаа л байх монгоноос илуу газар нутаг чинь оно монх уеийн уед ур удамд чинь сайхан чигтээ улдэг лдээ

Зочин [202.9.40.172] 2021-03-23 12:09:42

Хүрэлсүг л биш бол хэн гуай нь ч болнооо

zochin [202.9.40.182] 2021-03-22 22:03:21

Battulgiig ahiad Euk bolohoos ymar ih aij bn aa,,,Tegeh tusam ni demjih yum shuu,,,

zochin [39.154.234.197] 2021-03-22 20:15:18

Zaluu hun gehed, ih zov bodoltoi hun yum. Ardchilsan niigmiin unet zuil ni huulia deedelj, huulindaa zahiragdah yabdal. MAH-s Hurelsuh ner devsheed hetsuu dee. Bid zagnuulaad duusah yum bn. ali esvel undsen huulind oorchlolt oruulaad, autoritary deglem ruu gulsaad, munkhiin munkh, MAH-hand zagnuulj suuh ayuld oroh nee. Buduuleg, chadvar muutai, poporson humuus hol yavahgui l dee

иргэн [66.181.185.43] 2021-03-22 12:55:55

Наадуул чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа - зориуд тэгж дарамталж байгаа юм. Дандаа балиартаж өөрсдийгөө гаргах гэж улайрч бана.Горд Занданшатар.Хүрэлсүхээ!!!!!!!!!

Зориг [43.242.242.192] 2021-03-22 11:08:51

Энэ мангар бацааны хууль тайлбарлана гэж юу байдаг юм муу хоноцын шээс

Зочин [202.179.27.153] 2021-03-22 18:00:30

Хүн бусдыг өөртэйгөө адилтгаж боддог юм гэнэлээ. Өөрөө харин хоноцын шээс үү? үгүй юу?

иргэн [202.126.89.172] 2021-03-22 15:35:37

Хаанахын хэний ШЭЭСийг та мэдэх үү.

К [59.153.87.174] 2021-03-22 10:35:21

АЛТАНГЭРЭЛ ГЭГЧ ЭТГЭЭД ХОНГИЛЫН ШҮҮГЧ НАРЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ МӨН ДӨӨ

Зочин [111.199.56.249] 2021-03-22 12:50:41

mundag shuu ALTANGEREL

зочин [59.153.86.45] 2021-03-22 10:07:30

МАН-тай нийлж АН -Г ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд оролцуулахгүйн төлөө намыг 2 хуваачихаад тэмцэлдээд байгаа хэсэгт нь хандаж хэлэх үг байна , Та нар одоо баян намын тагнуул хийж хүч чадалтай , санасандаа хүрч ч болно , гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдгийг санаж амьдар ,Ардчилалд гай болсон хэнийгч ард түмэн өршөөхгүй ,


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.