Ж.Сандагсүрэн: Нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаанаар НЗДТГ болон нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх тогтоолыг баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос найман төвт хот болгох бодлогын хүрээнд Яармагт байрлах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэхээр болов. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-НИТХ, НЗДТГ шинэ байр руугаа хэзээ нүүх вэ?

-Засгийн газрын өнөөдрийн хурлын тогтоолоор НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон 16 агентлагийг Яармагт байрлах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарлаа. Эхний ээлжид дээрх байгууллагуудын нийт 900 гаруй албан хаагч нүүхээр болж байна. Энэ бол түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд төр захиргааны байгууллага манлайлан оролцож байгаагийн илрэл юм. Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Сэлбэ, Шархад гэсэн гурван дэд төв байгуулагдаж, энэ хүрээнд зарим яам, тамгын газруудыг нүүлгэх асуудлыг ярьж байна. Бид НЗДТГ-ыг нүүлгэх ажлын бэлтгэлийг үе шаттай хийж байгаа.

-Нийслэлийн төр, захиргааны байгууллага Яармаг руу нүүснээр тус газрын замын ачаалал нэмэгдэнэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Яармагийн төлөвлөлт муу хийгдсэнийг Нийслэлийн Засаг дарга хэлсэн. Шинэ суурьшлын төвийг хангалтгүй түвшинд зохион байгуулсан. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байр олон жил ярьж байгаа төсөл. Хотын удирдлагууд түгжрэлийг бууруулахаар дотоод ажлаа зохион байгуулахыг эрмэлзэж байгаа. Яармагийн төвлөрөл болон түгжрэлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөж байна. Эхний ээлжид цагийн хуваарийн зохион байгуулалт хийхээр ярьж байгаа. Цаашид дэд бүтцийн төсөл 2-3 жил үргэлжлэх бол нүхэн гарцуудын төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байр нь гурван хэсгээс бүрдсэн барилга юм. Одоогоор нэг байр бүрэн ашиглалтад орсон. Хоёр дахь байр буюу агентлагууд байрлах байрны гүйцэтгэл 70 хувьтай байна. Тиймээс бид хоёр байранд иргэдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаа оруулахаар зохион байгуулж байгаа. Нийслэлийн харьяа байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Бид эдгээр иргэнд үйлчлэх үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй байхаар төлөвлөлт хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэдэд үйлчилгээ үзүүлдэг салбар нэгжүүдээ мөн нүүлгэх төлөвлөгөө гаргасан. Яармагийн замын түгжрэлд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын оруулах нөлөөлөл харьцангуй бага гэж харж байгаа. НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаар өдөрт дунджаар 1000 гаруй хүн үйлчлүүлдэг. Үүнд Яармагаас ирж байгаа иргэд ч бий. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байр бүрэн ашиглалтад ороогүй, хөрөнгө оруулалт дутуу байгаа. Энэ байрыг дуусгах ажлыг нэн тэргүүнд хийнэ. Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог бид нарийвчлан гаргана. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байранд 145 хүний ортой эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс тухайн эмнэлгийн үйл ажиллагааг шилжүүлэх хэрэгтэй болно. Бид ирэх жилийн намар гэхэд бүрэн нүүж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд 2000-2500 ажилтан хамрагдана гэсэн төлөвлөгөө гарсан. Хангарди ордныг дуудлагаар худалдаалах шийдвэр гарч, 2020 онд зохион байгуулах ёстой байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас шийдэгдээгүй. Анхны үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Нийслэлийн одоогийн байр бол нийслэлийн өмч. Үүнийг хэрхэхийг НИТХ-аас шийдвэрлэнэ.

-Нийслэлийн Засаг дарга болон орлогч нар нүүх үү?

-Ажлын уялдаа холбоогоо бодсон ч хэлтэс, албадтайгаа хамт нүүх ёстой. Бид шинэ байрны өрөө тасалгааг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулна.

-Яармагийн түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Нийтийн тээврийн зохицуулалтыг нэн тэргүүнд тавьж байгаа. Бид LRT болон бусад нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ярьж байна. Хамгийн богино хугацаанд үүнийг хэрэгжүүлэхээр ажиллах тооцоолол бий. Мөн зураг төслийн ажлыг маш яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Ирэх жилийн төсөвт тусгах хөрөнгө оруулалтын саналыг Сангийн яам болон бусад газартай ярилцсан, Засгийн газрын зүгээс ч дэмжин ажиллаж байгаа.


Сэтгэгдэл

Янаглан хорлосон байрлал болжээ. [202.131.225.53] 2021-09-09 17:07:26

Наад зах нь Хотын даргыг Засгийн газарт дуудья гэж бодье. Тэгээд л Туул дээгүүрх бүх гүүрээ цагдаагаар хаалгаад л Хотын даргын машин "намжирдаж" өгнө дөө. Өглөө ажилруугаа явах, орой ажлаасаа гэрлүүгээ буцах гээд л мөн тэр гүүрийг хааж байж машинаараа өнгөрнө. Пи..уу!

Зочин [103.80.210.183] 2021-09-09 15:23:24

хаха мэргэжлийн хүмүүс шийдээд байгаа шүү дээ. анхнаасаа яах гэж овоо босгож шаазгай дуудсан юм бэ. сум самар гэх мэтийн малуудыг голын урд гаргад хашчих аа.

Сэтгэн бодох чадвар хотын удирдлагад байна уу? [202.131.225.53] 2021-09-09 12:05:12

ҮХСЭНЭЭ ХИЙЖ хотын захиргааныхан Туул голын ЦААНА шинэ контороо барьсан юм бэ? ИХЭНХ ажилтан албан тушаалтан, харьцагч болон хийх ажил нь Туул голын хойд талд байхад чинь МАНГАР юм уу? Иймд шинэ байрлуугаа Хан-Уул дүүргийн ЗДТГ-ыг оруулаад, өөрсдөө ядахдаа ХУД-ийн ОДООГИЙН байранд нүүж орооч. Ингэж сэтгэх чадвар Хотын захиргааныханд байна уу?

зочин [103.26.195.7] 2021-09-09 10:33:41

Нийслэлийн захирагчийн албаар үйлчлүүлдэг ихэнх иргэд хотын төвд байдаг. Энэ нь түгжрэлийг бууруулах биш ихэсгэх болж дээ. Тээврийн хэрэгслэлийн явах зам уртасна. Нөгөө утаа нь ихсэнэ. Цаг алдана. Ёстой дампуу юмыг ч хийж байна даа. Харж л байгаарай. Битгий л буцаж нүүж мөнгө цавчих ажил хийгээрэй. Яармаг, нисэхийнхэн ч ёстой азгүй ярвагарууд болж дээ. Яармагийнханийг яагаад яравгар гэж нэрлэсэнийг мэднэ биз дээ. Энэ түгжрэлээс л болж энэ хочийг хүртсэн. Өглөө ажилдаа явахдаа нар өөд харж гацаад ярвайна, ажил тараад орой бас нар харж гацаад ярвайна. Эрт хөгширнө дөө.

Зочин [66.181.187.221] 2021-09-08 21:15:20

Нөгөө мётро агаараар явуулна гэсэн юу билээ юу болсон бэ.ээдээ яармагч түгжрлийн гацаа болждээ.тэндээ хонохоос өөр аргагүй боллоо.

Зочин [66.181.184.212] 2021-09-08 18:51:33

Илуу их тугжрэлд явуулах гэж бгм болуу Яармаг тугжрэл агуу бгаа очвол бараг л буцаж чадахгуй метро барихгуй бол тугжрэл буурахгуйээ дэмий л гал унтрааж байхын оновчтой шийдэл гаргаачдээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.