Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
- ТӨСВӨӨ 10 ИХ НАЯДААР ТЭЛНЭ ГЭДЭГ НЬ УЛС ТӨРЧДИЙН ЗАРЦУУЛАХ МӨНГӨ 10 ИХ НАЯДААР ТЭЛЖ БАЙНА Л ГЭСЭН ҮГ-
УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдын асуулгын цагаар АН-ынхан асуултаа асуусан. Таны хувьд Ерөнхий сайдаас асуулт асуув уу?
-Миний цаг дээр яг цаг нь дуусчихлаа. Нэгдүгээрт, цаг нь дууссан. Тэгээд өмнөх гишүүд асуулт асуугаад, дээрээс нь Ерөнхий сайд бас хэтэрхий дэлгэрэнгүй хариулахаар арын асуух ёстой хүмүүсийн цаг дуусаж байна. Сэдэв нь “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэдэг асуудал юу болж байна вэ гэсэн мэтгэлцээний үндсэн сэдэв байсан. 2000 онд сонгуульд орохдоо яг ийм уриатай МАН орж байсан юм. Тэгээд одоо 26 жилийн ард төр маань хямралаас гарсан уу, түмэн олон маань ядуурлаас гарсан уу гэдэг асуултыг бид уг нь тавьсан. Ерөнхий сайд болохоор “2000 оны тэр уриа бол тэр үедээ өнгөрсөн. Би тэр үед хүүхэд байсан” гэж хариулаад байгаа юм. Би болохоор Н.Учрал сайдыг МАН-ын даргынх нь хувьд энэ асуултыг асуумаар байсан юм. Яагаад гэвэл эрх баригчид энэ уриа дэвшүүлснээс хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацааны 85 хувьд нь буюу 22 жилд нь МАН дангаараа засагласан байхгүй юу. 100 өдрийн 85 өдрийг нь Ардын намын бодлогоор засаглал явагдсан гэсэн үг. Тэгэхээр хэрвээ түмэн олон ядуурлаас ангижраагүй бол Ардын намтай холбоотой, төр хямарсан бол мөн л Ардын намтай холбоотой. Өөрөөр хэлбэл, одоо Н.Учрал сайдын даргалж буй МАН-тай холбоотой. Ингээд дүгнээд үзэхээр төр одоо хямралаас гарах нь бүү хэл, бүр хямрахаараа нэг болоод, бүр УИХ тарахдаа тулчихлаа шүү дээ. Үүн шиг ийм хямрал руу бараг орж байсан удаа энэ өнгөрсөн хугацаанд байгаагүй байх. Энэ нам дотроос нь хэчнээн ч “түгжил” гарав. Хэн нь ч хэнийгээ түгжилдээд байгаа юм. Өөр хоорондоо муудалцсан, бие биенээ түгжилдсэн энэ асуудлаа өнөөдөр парламентын дайн болгож ингэж хувиргаж болохгүй л дээ.
-Нөгөө талаас нь авч үзвэл түмэн олон ядуурлаас гарсан уу гэдэг асуудал бас байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Нэг талаасаа түмний ядуурлаас аварсан уу гэхээр 2022 оны байдлаар Монгол Улсын иргэдийн 27 хувь нь ядуу гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 418 мянган төгрөгөөс доош цалингийн орлоготой гэсэн үг. 2022 оноос хойш дөрвөн жил өнгөрлөө. Би нэг зүйл сонссон нь юу гэвэл МАН түүгээрээ бас судалгаа хийлгэсэн гэж сонссон. Өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар ядуурлын түвшин бараг 45 хувьтай байна гэж гарсан гэж би сонссон. Тэгэхээр энэ яг үнэн эсэхийг тогтоох хэрэгтэй. Энэ арваннэгдүгээр сард ядуурлын түвшин яг ямар хувьтай байгааг гаргах юм байна. Тэгэхээр 27 хувь гэдэг үзүүлэлт бараг хоёр дахин нэмэгдсэн байх гэж би бодож байгаа. Ядуурлын түвшинг жишээлбэл 418 мянгаас дээш цалин, орлоготой хүн ядуу хүн биш гэж тооцож байгаа. 500 мянган төгрөгийн орлоготой хүн өнөөдөр ядуу биш хүн гэж хэлэх боломж байна уу. Ямар ч боломж байхгүй шүү дээ. Арван килограмм мах авах хэмжээний орлоготой хүн өнөөдөр үүнээс цаашаа ямар ч зүйлд мөнгө зарцуулах ийм орлогогүй болчихсон байна. Тэгэхээр түмэн олон үнэндээ ядуурсан байна. Төр бүр хямарч гүйцсэн байна. Энэ 26 жилийн эцэст ингэж дүгнэж асуух байсан юм.
-Иргэдийн дунд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой Засгийн газрын оруулж ирж байгаа төсвийн тодотголыг батлаасай гэсэн хүлээлт байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Тэтгэврээ нэмүүлэх гэж байгаа, нэг танхимдаа бараг 40-50 хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарын цалин, тэтгэвэр, орлогыг нэмэгдүүлэхээс илүү УИХ-ын гишүүд маань бие биеэсээ уучлалт гуйх нь чухал юм уу гэдэг асуулт байна. Уг нь нийт иргэдийн эрх ашгийн төлөө гэдэг тангараг өргөж энэ УИХ-д орсон. Харамсалтай нь бие биеэсээ уучлалт гуйх тухай ч юм уу, “түгжилдсэн” тухай асуудлыг төрийн хямрал болгож, тэр цаана нь ард иргэд буюу тэтгэврийнхнийг хохироож болохгүй. Мөн цалин нь нэмэгдэх ёстой багш, эмч нар, төрийн албан хаагчдын асуудлыг хойш татаж болохгүй гэсэн ийм бодолтой байна. Гэхдээ би төсөв дээр шүүмжлэлтэй байгаа. Өөрсдийнхөө тансагладаг тэр зүйлсийг дахиад л хэлэхэд хасаач ээ л гээд байгаа шүү дээ. Жишээлбэл нэг тоо гаргаж үзлээ. Нэг сая хүнд ногдох сайдын тоогоороо Монгол Улс дэлхийд дээгүүр цохиж явдаг. Тухайлбал, нэг сая хүнд ногдох гишүүдийнхээ тоогоор, дарга нарынхаа тоогоор бол бүр өндөрт байгаа. 10 хүн тутамд нэг дарга ногдож байгаа. Нэг сая хүн тутамд ногдох сайдын тоогоор авч үзвэл зургаан хувьтай байгаа юм. Гэтэл маш их хүн амтай, тухайлбал миний хэлдэг Аргентин улс байна. Монголтой адилхан уул уурхайн эдийн засагтай Чили улс байна. Манайхтай адилхан нэг системд хамрагдаж байсан Вьетнам, Казахстан улсууд байна. Нэг сая хүнд ногдох сайдын тоо нь нэг хувиас доогуур байгаа байхгүй юу. Манайх зургаан хувь, зургаа дахин их байгаа биз. Тэгэхээр энэ сайд, дарга ангиа цөөлөөч ээ. Эндээс гарсан тэр олон тэрбум, их наяд төгрөгөө яах вэ. Тэр мөнгөөрөө багш, ажилчдын цалин, тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмээч ээ гэдэг ийм л асуудлыг тавьж байгаа юм. Түүнээс биш өөрсдийнхөө үрээд байдаг тэр мөнгө төгрөгийг үлдээчихээд, харин иргэддээ амсуулах төдий тэтгэвэр, цалин нэмчихээд эцэст нь “цалин, тэтгэвэр нэмүүлэхгүй байна” гэдэг асуудлыг ярьж болохгүй. АН-ын байр суурь бол цалин мөнгө нэмэхэд асуудал байхгүй.
-Төсвийн зардлыг нарийвчлан харж, аль зардлыг танах, аль зардлыг нэмэх боломжтойг хэлэлцэх боломжтой гэж та үзэж байна уу. Нөгөөтэйгүүр сүүлийн үед чуулган, байнгын хороодын ирц хүрэхгүй, хуралдахаа ер нь болилоо шүү дээ...?
-Ер нь зарчмын хувьд зөв. 64 гишүүнтэй Ардын нам байна. Тэгээд одоо засагт хамтарч байгаа хоёр нам, эвсэл байна, найман хүн гээд нийлээд 80-аад орчим хүн болдог. Энэ хүмүүс хуралдаа ороод, цалин, тэтгэврээ нэмэх бол ямар ч асуудалгүй байгаа. Яагаад эд нар орохгүй байгаа юм бэ гэдэг асуултыг эхлээд өөрсдөөс нь тавих хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр хэн нэгнээсээ уучлалт гуйгуулахын тулд УИХ-ыг бойкотлож болохгүй. Яагаад гэвэл над дээр бас ийм асуудал тохиолдож байсан. Тухайн үед хоёр хүний хоорондын асуудлаас болж УИХ-ыг бойкотлож болохгүй гэж байсан. Тэгэхээр яг одоо тэр зарчмаар хандах юм бол Ардын намын гишүүд өөрсдөө УИХ-ыг бойкотлож болохгүй. Ер нь үүний цаана нь өөр асуудал байгаа. Энэ намын дотоод зөрчил бүр савнаасаа халиад, бие биетэйгээ ял наймаалцах хэмжээнд явагдаад байна гэж би харж байгаа. Тийм ч учраас эрх баригчид та бүхэн ялыг наймаалцах хэмжээнд эвлэрнэ гэж байхгүй шүү гэдэг асуудлыг тавьж байгаа. АН-ын тухайд бол цалин, хөлс, тэтгэврийг нэмэхийн төлөө байгаа. Ямар ч байсан чуулгандаа ороод, асуудлаа хэлэлцэхэд оролцоод явж байгаа гэдгээ хэлье. Энэ ташрамд хэлэхэд миний хувьд төсвийг 10 их наядаар нэмсэн гэдэгт шоконд ороод явж байгаа. Үүнд би шүүмжлэлтэй хандана.
-О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаа өгнө гэж ярьж байгаа ч одоо болтол өгөөгүй байна. Үүний зэрэгцээ танай намын гишүүн Б.Хурц гарч ирээд Онц их хурлаа зарлана, О.Цогтгэрэл даргыг огцруулна гэж мэдээлж эхэллээ. Ер нь АН дотор бас хагарал байна уу?
-АН бол үргэлж үзэл бодлоо ил тод илэрхийлдэг ийм нам. Ямар ч гишүүн хэнээс ч айхгүйгээр байр сууриа илэрхийлдэг, хардалтаа ч илэрхийлдэг. Ардын нам дарга төвтэй, даргаа тойрч, даргаа өмөөрч, хамгаалж явдаг бол АН шударгаар шүүмжилдэг ийм ялгаатай. Гэхдээ энэ бол одоо даргаа огцруулах ч байдаг юм уу, тийм том хэмжээнд очоогүй байх гэж би бодож байна. Тэгэхдээ тэр асуудлыг сөхсөн, дэлгэж байгаа хүмүүсээс илүү нарийн тодруулах хэрэгтэй байх. Зүгээр бүлгийн даргын тухайд бол одоохондоо мэдээлэл алга. Ер нь зарчмын хувьд О.Цогтгэрэл дарга өөрөө өгнө гэж хэлчихсэн байгаа. Зүгээр өгөх эсэх нь цаг хугацааны л асуудал байх гэж бодож байна. Ер нь үүнийг салгасан нь зөв байх гэж бодож байгаа. Намын дарга бол намынхаа ажилд илүү их хүчээ хаяж ажиллах нь зүйтэй. УИХ дээр бүлэг нь тусдаа удирдлагатай байгаад, мэдээж нэг л нам юм чинь бодлого, чиглэлээ нэгтгээд явна гэж найдаж байгаа. Сая ерөнхийдөө энэ УИХ-д байх байр суурийг АН-ын Улс төрийн зөвлөл гаргасан. Тэгээд тэр шийдвэрийг гишүүд баримтлах нь зүйтэй гэсэн ийм чиглэлтэй байсан.
-Дараа долоо хоногоос УИХ-ын нэгдсэн чуулгандаа суугаад явах уу?
-Үнэхээр цаг хугацаа байхгүй болж байна. Тэгэхээр энэ нэмэх ёстой ахмадын тэтгэвэр, цалин хөлсийг нэмэх асуудал дээр ороод явахаас өөр зам байхгүй гэж бодож байна. Тэгэхийн зуур танах ёстой, хасах ёстой зардлуудыг нь бас хас гэдэг дээрээ зарчмын байр сууриа хатуу барих хэрэгтэй байх. Нөгөөтэйгүүр төсөв 10 их наядаар тэлнэ гэдэг нь улс төрчдийн зарцуулах хэмжээний мөнгө 10 их наядаар тэлж байна гэсэн үг болоод байна. Гэтэл энэ их мөнгийг улс төрчид захиран зарцуулах биш, түүгээрээ бизнесийнх нь бизнестэй, татварынх нь татвараа бага төлөх ч байдаг юм уу, ийм маягаар уг нь өөрсдөд нь үлдээх ёстой байгаад байгаа юм. Эргээд л нөгөө орлого өндөр үед ингэж мөчлөг сөрсөн биш, мөчлөг дагасан бодлого явуулж, үрэн таран хийчихээд, эцэст нь мөнгөгүй болоод суух ийм л эрсдэл тулгарч байна.Төсөв дээр бас нэг шүүмжлэлтэй зүйл бол уул уурхайгаас олох орлогыг тогтмол зардал буюу урсгал зардалд төлөвлөчихөж байгаа. Гэтэл ирэх жил энэ орлого орж ирэхгүй бол үүнийг юугаар нөхөх вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр хүссэн, хүсээгүй энэ төрийн данхар бүтцээ цомхотгооч ээ гэж би бараг тоть шиг давтаж байна. Би үүнийг анх УИХ-ын гишүүн болсноосоо эхлээд л давтсан. Боломж байгаа гэж хэлдэг. Одоо төрийн албан хаагчдыг цомхотгох бүрэн боломж байгаа. Миний бодлоор судалгаа нь хийгдсэн байх ёстой. Одоо ингээд гурав дахь жилдээ ороод явж байна. Харамсалтай нь наанаа цаасан малгай өмсүүлээд, ингээд л яваад байж болохгүй.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН







































































Сэтгэгдэл