Мялзантай мах оруулж байхаар өөрсдөө гахай тэжээж сурцгаая

Aдмин / Эдийн засаг

Хятад улсаас орж ирсэн 25 тонн гахайн махнаас мялзан өвчний вирус илэрч, холбогдох албаныхан лацдаж, тусгаарласан гэсэн мэдээлэл саяхан гарсныг уншигч та бүхэн харсан байх. Хэдийгээр хүнд халддаггүй ч гэсэн тэжээмэл болон зэрлэг гахайнд энэ өвчин халдах эрсдэлтэй. Хэрэв үүнийг тавиад туучих юм бол дотоодын жаахан зах зээл маань улам л хумигдаж таарна. Учир нь мялзан өвчнөөр өвдсөн тохиолдолд шууд устгалд оруулж, дараа нь улсаас нөхөн төлбөр олгодог. Тэгэхээр хэцүүхэн байгаа улсын төсөвт маань ч тэр хэрээрээ хүндрэл учруулж таарна. Гэхдээ энэ удаагийн хөндөж байгаа асуудал маань яг энэ өвчин биш. Харин өвчний вирустэй энэ мэт гахай, тахианы махыг гаднаас оруулж ирээд байх шаардлага байна уу. Дотооддоо энэ бүхнээ өсгөн үржүүлж, үйлдвэрлэл явуулж хэрэгцээгээ хангах илүү шаардлага байгаа юм биш үү гэдгийг сануулах гэсэн юм. Мэдээж мялзантай мах байж л хямдхан оруулж ирсэн биз. Манай наймаачид тооны машин гаргаж ирээд л Монголд зарвал яаж ашиг гарах нь вэ гээд бодоод унадаг.

Цаг үеэ дагаад манайхан гахай, тахианы махыг өргөн хэрэглэдэг болсон. Энэ жилийн махны үнэ ч хэрэглээний өсөлтөд нэлээд нөлөөлж, Их хурлын гишүүд нь хүртэл хүнсэндээ хэрэглэх тухай ярьж байлаа шүү дээ. 2025 онд гэхэд гахай, тахианы махны импорт нэг жилээр тооцон үзэхэд улсын хэмжээнд 35.9 мянган тонн байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 15.1 тонн болсон гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэ төрлийн махны импорт жил ирэх тусам нэмэгдэж байгааг энэ судалгаанаас харж болно.

Харин импортын хэрэглээгээ дотоодоосоо хангадаг болох нь чухал. Бид хэдий болтол бүхий л зүйлээ гаднаас авч байх юм. Гэхдээ бүр гадны хамгийн муу зүйлийг хямд үнээр оруулж ирчихээд дотоодын үйлдвэрлэгчдийнхээ үнэтэй адил шахуу зардаг. Тэгчихээд бидэнд л зориулаад хятадууд муу муухай юм хийчихсэн мэтээр ярьж, ойлгуулсаар өдийг хүрсэн. Манайд өнөөдөр ажилгүй хүнээс их зүйл алга. Сумын төвд очоод харвал илүү сайн анзаарна. Тэгэхээр сум бүрд биш гэхэд хүнсний ногоо, тариа буудай тариалдаг сумдад гахай үржүүлж болно. Нэг овсгоотойхон нөхөр санаачлаад, ажилгүй нөхдүүдээ ажилд аваад хөдөлбөл бэлээхэн зах зээл байна. Үүнийг нь төр засгаас бодлогоор олигтойхон дэмжээд өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь дундаас нь хурган дарга нар идэхгүй байх тал дээр сайтар анхаарууштай. Учир нь манай улсад 2008 оноос хойш хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөрүүд бүгдээрээ шахуу алдагдалтай гэж гарсан учраас энэ сарын сүүлээр Ерөнхий хяналтын сонсголыг холбогдох байнгын хороо нь хийх гэж байгаа юм. Тахиа үржүүлгийн газруудыг ч боломжийн байдлаар хөгжүүлж болно гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ бүхнийг дорвитойхон хийгээд эхэлбэл эдийн засгийн талаасаа гадна ажлын байрыг нэмэгдүүлэх боломж ч байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” гээд эхлүүлсэн. Хэр дорвитой явсныг тэр удахгүй болох сонсголын үеэр нээлттэй хэлэлцэх байх. Мэдээж дотооддоо хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ бүрэн хангадаг болох зорилт тавиад ийм зүйл хэрэгжүүлсэн нь сайшаалтай. Гэвч нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах талын ажлыг хэр хийсэн юм. Дээгүүр, доогуур гүйж байгаад нэг ажил эхлүүлдэг. Гэвч гаднаас маш хямдаар өнөөхийг нь оруулж ирээд байхаар ямар ч газар удахгүй дампуурна. Тиймээс энэ талын хууль, журмаа хэр гаргасан бэ гэдгийг нь анзаарч, гаргаж амжаагүй бол яаравчлах нь зүйтэй.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛЫН НЭГ СУРГАЛТАД ОЧИЖ БАЙХАД ЯПОНООС ИРСЭН НЭГ ХҮН ЯРЬЖ БАЙСАН ЮМ. ТЭР ХҮНИЙ ХЭЛСНЭЭР БОЛ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМГИЙН АМАРХАН ЗҮЙЛ БОЛ ГАХАЙ, ТАХИАНЫ ФЕРМ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. НЭГ НӨХӨР ХЭДЭН ГАХАЙ ТЭЖЭЭНЭ. ТҮҮНИЙ ХАЖУУД ГАХАЙНЫХ НЬ ТЭЖЭЭЛИЙГ ТАРЬДАГ, БОЛОВСРУУЛЖ БЭЛДДЭГ БАС НЭГ ЖИЖИГ ГАЗАР БАЙНА. НЭМЭЭД НЯДАЛДАГ, РЕСТОРАН ХООЛНЫ ГАЗРУУД, ХУВЬ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН БАЙДЛААР ЭВДЭЖ, ЖИЖИГЛЭЖ, УУТАЛЖ САВЛАДАГ ГАЗАР Ч БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХАМГИЙН СҮҮЛД НЬ ТҮҮНИЙГ НЬ ХОТ СУУРИН ГАЗАРТ ХҮРГЭЖ ӨГДӨГ ТЭЭВРИЙН ЖИЖИГ КОМПАНИ БАЙХ БОЛОМЖТОЙ. ИНГЭЖ Л БИЕ БИЕНЭЭСЭЭ ХАМААРАЛТАЙ, НЭГНИЙГЭЭ НӨХСӨН ХӨГЖҮҮЛЖ БОЛДОГ ГЭЖ БАЙГАА ЮМ. ЯГ Л ЭНЭ ЗАРЧМААР ЯВАХАД БОЛОХГҮЙ ГЭХ ЮМГҮЙ.

Евразийн хэлэлцээр гээд нэг хэсэг хэл ам болсон. Хэрэгжиж эхлээд хэдэн сар болчихож байгаа байх. Нэг талдаа энэ хэлэлцээр бидэнд ашигтай байж болох боловч дотоодынхоо жижиг аж ахуйн нэгжүүдийг хамгаалахын тулд, өөрсдөө хийж чадах зүйлсээ гаднаас авахаа урьтал болгохгүй байх л хэрэгтэй. Яах вэ, тэр хэлэлцээрийг боломжийн хэмжээнд байгуулаад, явцын дунд засвар өөрчлөлт хийгээд явж болно гэдгийг мэргэжилтнүүд нь хэлдэг юм билээ. Тэр засварт нь хэрэг болох болов уу хэмээн ингэж илүү үглээд байгаа хэрэг.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талын нэг сургалтад очиж байхад Японоос ирсэн нэг хүн ярьж байсан юм. Тэр хүний хэлснээр бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамгийн амархан зүйл бол гахай, тахианы ферм байдаг юм билээ. Нэг нөхөр хэдэн гахай тэжээнэ. Түүний хажууд гахайных нь тэжээлийг тарьдаг, боловсруулж бэлддэг бас нэг жижиг газар байна. Нэмээд гахай нядалдаг, ресторан хоолны газрууд, хувь хэрэглэгчдэд зориулсан байдлаар эвдэж, жижиглэж, ууталж савладаг газар ч байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь түүнийг нь хот суурин газарт хүргэж өгдөг тээврийн жижиг компани байх боломжтой. Ингэж л бие биенээсээ хамааралтай, нэгнийгээ нөхсөн байдлаар хөгжүүлж болдог гэж байгаа юм. Яг л энэ зарчмаар явахад болохгүй гэх юмгүй. Хамгийн хэцүү нь манайхан нэг зүйл хийхээрээ бүгдийг өөрөө хийх гээд зүтгээд байдаг. Тэгж, тэгж үнэнд гүйцэгдээд дампуурчихдаг. Ийм байдлаасаа л гарч, хамтдаа хөгжиж, бүтээж, хөдөлмөрлөж, хөрөнгө мөнгөтэй болдог гэсэн ойлголттой болмоор байна. Бүгд ийм бодолтой болоод, гахай, тахиа үржүүлэх нь хүнээс дор орчихсон амьдрал биш гэдгийг яс махандаа тултал ойлгочихвол болох гээд байгаа юм. Тэгэхээр төр засгаас нь дотоодынхноо импортын бүтээгдэхүүнээс хамгаалаад, иргэд, олон нийт нь хичээвэл хэсэгхэн хугацааны дараа бүгд хөл дээрээ бат зогсоод ирнэ, гайгүй.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

М.ЗУЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.