А.Болдбаатар: Цэргийн дарга аливаа зүйлд хандах хандлагаа зөв тодорхойлж, шударга үнэнийг гол шалгуур болгон ажиллах учиртай

Aдмин / Хууль

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа А.Болдбаатарыг энэ удаагийнхаа “Ангийн захирагч ярьж байна” буланд урьж ярилцлаа.

Таны төрж өссөн нутаг ус хийгээд бага насны тань тухай дурсамжаар яриагаа эхлүүлье ...

-Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул. Аавынхаа нутгаар овоглодог. Манай аймаг тал хээр, хангай говь хосолсон, байгалийн хосгүй үзэсгэлэнт тогтоц газар олонтой, онгон зэрлэг байгальтай, ховор ан амьтны өлгий болсон сайхан нутаг. Ийм сайхан нутагт төрж, өсөж өндийсөн маань их хувь заяа юм даа. Бага насны маань тухайд гэвэл аав ээжийнхээ хайр халамжид өлгийдүүлж, магтаал зэмлэлд нь ухаажиж, хэр хэмжээндээ таарсан ажилд тусалж, үе тэнгийнхэнтэйгээ дарвин шуугьж өссөн дөө. Ер нь хөдөөгийн хүүхдүүд яаж өсдөг билээ, тэр л зарчмыг тойроогүй гэх үү дээ. Аав маань жолооч байсан учраас зуны амралтаараа аавтайгаа хөдөө их явдаг байлаа.

Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбож “цэргийн хүн” хэмээх тодотголоор овоглогдох болсон үүдэл, замналын тань тухайд тодруулбал ...

-Манай удамд цэргийн хүн байхгүй. Гэхдээ миний аав болон буурал аавууд бүгд хугацаат цэргийн алба хаасан хүмүүс. Манай аавын аав цэргийн алба хаах хугацаандаа Армийн сонс эргэлтийн аварга болж байсан гэдэг. Миний хувьд багаасаа л цэргийн хүн болох туйлын хүсэл сонирхолтой хүүхэд байлаа. Тиймдээ ч 1997 онд аравдугаар ангиа төгсөөд ЦИС-д элсэж байв. Цэргийн хүн болно гэсэн багын хүсэл маань цаг хугацааны явцад хувирч өөрчлөгдөөгүй болоод тэр үү аав ээж хоёр маань ч их дэмжсэн. Яах вэ, ээжийн хувьд эхэндээ арай өөр бодолтой байсан.

Цэргийн сургуулийн сонсогч болсноос хойш аливаад хандах хандлага, харах өнцөг эрс өөрчлөгдсөн. Энэ нь цэргийн сургалт бэлтгэлтэй шууд холбоотой. Дээр нь манай аавын хүргэн ах Н.Загдаа гэж хурандаа байсан юм, тэр хүний үлгэр дуурайлал их нөлөөлсөн болов уу. Мөн цэргийнхнийг шулуун шударга, тэсвэр хатуужилтай, зарчимч гэж хүмүүс дүгнэдэг. Тиймдээ ч ард түмнийхээ энэхүү итгэл найдварыг алдах учиргүй гэж боддог учраас дээрх чанаруудыг өөртөө шингээж, ажил албандаа баримтлахыг хичээдэг.

Оюутан ахуй цаг гэдэг бол хэн бүхний ариун гэгээн дурсамж болгоныг агуулж байдаг тийм нандин цаг хугацаа, орон зай гэж би боддог. Та энэхүү цаг хугацаагаараа эргэж нэг аялаач? Өөрөөр хэлбэл сонсогч насны дурсамжаасаа сөхвөл ...

-Цэргийн сургуулийн сонсогчийн амьдрал иргэний их, дээд сургуулийн оюутнуудынхаас маш өөр бөгөөд өвөрмөц онцлогтой л доо. Анх нормын хувцсаа авчхаад утас зүү барьчихсан захны даавуугаа хадах гээд бүлтгэнээд сууж байх ч хэцүү шүү /инээв/. Нэг курсийн найзууд болж бүхэл бүтэн дөрвөн жил нэг дор үргэлж хамт амьдарч, сурч боловсорч, жаргал зовлонгоо хуваалцаж, баярлаж хөөрч, даарч хөрж явна гэдэг маш дотно хийгээд бат бөх, үнэ цэнтэй нөхөрлөлийг бүтээх нь гарцаагүй шүү дээ. Сонсогч насны сайхан дурсамж зөндөө. Хөгтэй нь ч их. За нөгөө оройн зугаалгатай холбоотой андуурал бараг сонсогч бүрд тохиолддог байх. Нэгдүгээр курстээ хээрийн гаралтад гарав аа. Тэгсэн ар талынхан шөнө хооллолт зохион байгуулаад бидэнд талх, цай авч ирж өгөв. Бид ч талхыг нь шороотой хольчихсон байна энэ тэр гээд л жадаараа хусаж байгаад идэцгээв. Дуугүй ч идээгүй тэрүүхэндээ хэсэг муулж байгаад л идсэн юм даг. Тэгсэн өглөө харсан чинь масло, сахрыг нь хусаад хаячихсан байдаг байгаа. Ингээд л яривал хөгтэй дурсамж хөвөрнө. Биднийг I курст ороход курсийн даргаар ахмад Н.Бор гэж мундаг цэргийн дарга, курсийн орлогчоор дэд ахлагч Н.Лодойжамц (дэд хурандаа) нар гардан авч байлаа. Манай курсийн дарга бол цэргийн сургалт, бэлтгэлийг маш чанартай зохион байгуулдаг байлаа. Бид ч тэр хэрээр чамгүй боловсорсон.

Анхны бүхэн сэтгэлээс холддоггүй гэдэг дээ. Анхны томилолт чинь таныг хааш нь хөтөлж, ажлын эхлэл тань хэрхэн тавигдаж байв?

-Сургуулиа дүүргээд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид Батальоны Соёл хүмүүжлийн ажилтнаар томилогдож, эл ангиас ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Тийм ч учраас энэ ангиараа их бахархдаг. Тухайн үед ангийн захирагчаар хурандаа Д.Ганхуяг, штабын даргаар дэд хурандаа Н.Бямбасүрэн, батальоны захирагчаар хурандаа Ч.Эрдэнэболд нар ажиллаж байсан бөгөөд энэ хүмүүсээс их зүйл суралцсан. Мөн хурандаа Ц.Бат-Амгалан, Н.Хүрлээ, Ж.Хоролсүрэн, дэд хурандаа Т.Далхсүрэн, Ч.Мөнхжанцан гээд олон сайхан офицертой мөр зэрэгцэн ажиллаж, харилцан бие биеэсээ суралцсан даа. Эл ангид ажиллах хугацаандаа үндсэн ажлаас гадна хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдыг хариуцан бүтээн байгуулалтын ажилд нэлээд оролцдог байлаа. Энэ нь хүн удирдах арга барилд хөтөлж, бие даан шийдвэр гаргаж сурахад нэлээд нөлөөлсөн гэж би боддог юм.

Холбооны хорооноос эхлэлтэй ажил хөдөлмөрийн тань шан хэрхэн үргэлжилсэн бэ? Цэргийн хүн тушаалаар гэдэг шүү дээ ...

-2006-2011 онд Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт, 2011-2013 онд БХЯ-нд, 2015 онд ЗХЖШ-т мэргэжилтэн, 2015-2019 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн штабын даргаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалд томилогдсон.

Дээрх албан тушаалуудаас Цэргийн штабт ажиллаж байсан үе маань их онцлогтой юм. Яагаад гэвэл Цэргийн штаб гэдэг маань тухайн орон нутагтаа батлан хамгаалах салбарыг төлөөлдөг, ард иргэд биднээр энэ салбарыг төсөөлдөг. Тийм ч учраас бидний хувьд хариуцлагын тухай асуудал нэлээд өндөрт тавигддаг гэх үү дээ. Мэдээж орон нутгийн ард иргэдэд Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, салбарынхаа талаар зөв ойлголт өгөх, хүүхэд залуус, тэр тусмаа цэргийн насны залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх гээд салбараа төлөөлсөн олон ажлыг энгийн иргэдийн дунд өрнүүлдгээрээ онцлогтой. Тухайн үед Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар хурандаа И.Дамдинсүрэн ажиллаж байлаа. Энэ хүн бол хүнтэй хэрхэн харьцах, баримт бичиг яаж боловсруулах зэргээр аливаад сургаж, өдий зэрэгтэй явах замыг минь нээсэн хүн.

Дараа нь БХЯ-нд томилогдож бригадын генерал Д.Баярсайхан даргын удирдлагад ажилласан. Энэ хүний ажлын арга барил нь арай л өөр санагддаг. Хамт олны хувьд ёстой мундаг хүмүүсийн дунд орсон. Тэр үед хошууч генерал Б.Амгаланбаатар, хурандаа Д.Налжир, Х.Баттулга, П.Жаргалсайхан, С.Ганбямба, Г.Энхболд, С.Рагчаадорж, Э.Гансүх, Ц.Буянтогтох гээд олон сайхан офицертой хамт ажиллах боломж олдсон юм. Тухайн үед би өөрийгөө голж, их л санаа зовдог байлаа. Тиймдээ ч боловсролдоо анхаарахгүй бол болохгүй юм байна гэж боддог болсон. Үүнийг мэдсэн юм шиг газрын дарга маань надад академийн шалгалтад орох үүрэг өгсөнд ихэд баярладаг юм. Ингээд л Батлан хамгаалахын удирдлагын академид суралцаж төгсөөд ЗХЖШ-ын БСТГ-т томилогдон богино хугацаанд ажилласан. Тухайн үед газрын даргаар хошууч генерал Ж.Бадамбазар, орлогч даргаар бригадын генерал Ц.Жавхланбаатар нар ажиллаж байлаа. Энд хэдийгээр бага хугацаанд ажилласан ч маш их зүйлийг ойлгож авсан гэж би боддог.

Дараа нь 2015 оны 10 дугаар сард Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн штабын даргаар томилогдсон. Гүйцэтгэх үүргийн хувьд их онцлогтой анги гэдгийг хэн хүнгүй андахгүй. Хамт олны хувьд гар нийлэмжтэй сайхан хамт олон. Би эл ангид хоёр захирагчийн штабын даргаар ажилласан. Хурандаа Л.Батболдтой гурван жил хамт ажилласан. Маш нээлттэй, туршлагатай хүн. Тэр ч чанараараа байнгын зөвлөгч, түшиг тулгуур минь байж чаддаг. Хурандаа Ж.Мөнхбаярын хувьд маш нухацтай, долоо хэмжиж, нэг огтолдог хүн дээ. Би олон даргын нэр дурдлаа. Намайг өдий зэрэгтэй явахад түшиж тулж, дэмжиж, итгэл өгсөн өшөө ч олон хүн бий. Мөн ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн багш нар, БХУА-ийн захирал, удирдлага хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдаг. Ялангуяа тухай үеийн БХУА-ийн захирал, бригадын генерал Н.Энхбаялаг, тус академийн Стратегийн удирдлагын тэнхимийн дарга, бригадын генерал Н.Наран-Очир нар бидэнд цэргийн дарга ямар зарчим барьж ажилладгийг өөрийн биеэр харуулж байлаа.

Ер нь таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Цэргийн хүн хамгийн түрүүнд дарга, захирагч нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлдэг байх ёстой. Аливаа зүйлд хандах хандлагаа зөв тодорхойлж, шударга үнэнийг гол шалгуур болгон ажиллах учиртай. Зөв зүйлийг дэмжиж, буруу зүйлийг таслан зогсоож, засаж залруулахыг эрхэмлэдэг.

Таны хувьд эл ангийн захирагчаар томилогдоод багагүй хугацааг үдэж байна. Ажлаа юунаас эхэлж байсан тухайд яриагаа үргэлжлүүлье ...

-Яг ажил авах үед төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан тул ачаалал нэлээн өндөр байсан. Ажлаа аваад хоёр хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч байв. Үргэлжлүүлээд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцсон юм. Тэгээд л буцаж ирээд ангийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаж, хийх ажлаа эрэмбэлсэн. Манай анги 80 гаруй жилийн түүхтэй олон мундаг дарга нар удирдаж байсан тул суурь сайтай сайхан хамт олон. Энэ сайхан хамт олны үе үедээ бүтээж ирсэн ажил үйлс, алдар гавьяаг тасалдуулахгүй авч явахын тулд хичээж байна. Мөн ЗХЖШ, ХЗЦ-ийн командлалаас манай ангид багагүй анхаарч хөрөнгө оруулалт чамгүй хийгдсэн нь биднийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад түлхэц болсон. Намайг ажил аваад удаагүй байхад ХЗЦ-ийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр ирж шалган туслах ажил явуулан үүрэг чиглэлээр хангаж, зөвлөгөө өгсөн нь надад их дэмжлэг болсон. Түүнчлэн манай ангийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлж, надад байнга ажил хэргийн зөвлөгөө өгдөг хүн бол хошууч генерал П.Доржсүрэн. Тиймээс энэ хүнд би хувь хүнийхээ хувьд ч, ангийн захирагчийн хувьд ч үнэхээр талархдаг юм.

Ангийнхаа үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бие бүрэлдэхүүнийхээ үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил өрнүүлэв?

-Бид ангиа 2050 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулан командлагчаар батлуулан ажиллаж байна. Үүнээс гадна бэлэн байдлыг хангах, бие бүрэлдэхүүнийхээ үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхийн тулд цэргийн сургалт, бэлтгэлийг тасралтгүй зохион байгуулахыг нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна. Дээр нь хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн гүйцэтгэх үүрэгт нь дадлагажуулах бэлэн байдлыг хангах, бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, зэвсэглэл, цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ар талын материал хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулахад гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Хийгдсэн ажлуудаас дурдвал бэлэн байдлыг хангах чиглэлээр боловсруулагдах удирдлагын болон төлөвлөлтийн баримт бичгүүдийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаас гадна сургалтын орчныг бүрдүүлж байна. ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон 17 хүний бүрэлдэхүүнтэй засварын бүлэгтэй хамтран ажиллаж тайван цагийн орон тооны авто болон хуягт техникт сэргээн сайжруулах техник үйлчилгээг хийж үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангасан. Хүнс, ШТМ, бусад нөөцийг бүрдүүлж байна. Энэ мэтчилэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар болон тэдний ажлын байрандаа хөгжих боломж нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Аливаа анги, байгууллагын хөгжил нь ажиллаж байгаа бүрэлдэхүүний чадавх, ажлын бүтээмж, ажиллах орчноос ихээхэн шалтгаалдаг гэж боддог. Иймд бид “Ангийн бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг дэмжих төлөвлөгөө”-г боловсруулан орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудтай нягт хамтран ажиллаж байна. Мөн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, ХЗЦ-ийн командлалаас ч анхаарч байна. Манай анги төвөөс алслагдсан, засаг захиргааны нэгжийн хувьд багийн төвд байрладаг. Энэхүү байдлыг харгалзаж төрөөс зарим нэг дэмжлэгийг үзүүлдэг. Тухайлбал, офицер, ахлагч нарт цалингийн болон ажилласан жилийн нэмэгдэл, сургуулийн насны нэг хүүхдэд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгодог.

Цэргийн алба хаагчдад тулгамддаг гол асуудлуудын нэг бол яах аргагүй байр орон сууц. Тиймээс албан тушаалын орон сууцны хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Өнөө жилийн тухайд Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой жил болж байна. Энэ хүрээнд багагүй ажил өрнүүлсэн байх ...

-Тийм ээ. Энэ онд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой олон тэмдэглэлт тэгш ой тохиолоо. Эдгээр түүхэн ойг хамтдаа баринтаглана гэдэг бидний хувьд их азтай хувь тохиол юм. Яах вэ, хэдийгээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ойн арга хэмжээ төлөвлөгөөний дагуу өргөн хүрээнд явагдаагүй ч бид Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойгоо тодорхой хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүтэн жилийн турш тэмдэглэж байна. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн үзлэгт бэлтгэн оролцож, хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээ. “Эх орны цэрэг” яруу найргийн наадам, ангийн марш-тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, эмэгтэй цэргийн алба хаагч шалгаруулах тэмцээн, “Зэвсэгт хүчний 100 жил ба их говийн гарнизон” эрдэм шинжилгээний бага хурал, “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн уралдаан гэх мэтчилэн олон арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулсан.

Ирэх жил танай ангийн 90 жилийн ой тохиох юм билээ. Мэдээж ой угтсан бүтээлч ажлууд хөвөрсөөр байгаа нь гарцаагүй болов уу?

-Тийм ээ, ирэх жил манай ангийн 90 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэх комисс томилогдон ажиллаж байна. Ойгоо угтаж олон ажил төлөвлөсөн төдийгүй зарим ажлын эхлэл тавигдаад явж байна.

Аймаг орон нутаг, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн уялдаатай ажиллаж байгаа тухай жаахан дэлгэрүүлбэл?

-Мэдээж аймаг орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллаж байгаа. 2020 оны сонгуулийн дараа аймгийн Засаг даргаар томилогдсон Н.Батжаргалтай уулзаж батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, батлан хамгаалах газрын даргын үүрэг оролцоо, цэргийн хүрээний анги, байгууллагуудын талаар танилцуулж 2021 онд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний болон цэргийн хүрээний үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлуулсан. Мөн аймаг орон нутгаас зарласан бодлогын арга хэмжээний хүрээнд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тохижилтын ажилд оролцох гэх мэт олон талаар дэмжлэг үзүүлдэг. Үүний зэрэгцээ аймгийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг, нэгдсэн эмнэлэг, хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд ч нэлээд ажлууд хийгдэж байгаа.

Ажлаа сэтгэл хоёргүй хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж, ар гэрийн алив асуудлыг зохицуулж, нуруундаа үүрч явдаг хүмүүс бол цэргийн дарга нарын гэргий нар байдаг гэж би ойлгодог. Тэр ч утгаараа таны гэр бүлийн хүний тухай асуухгүй үлдээж боломгүй юм ..

.

-Тэгэлгүй яах вэ. Ер нь төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр амжуулахад гэр бүлийнхний оролцоо маш чухал. Миний ханийг Б.Сэржбадам гэдэг, бид дөрвөн хүүхэдтэй. Бид хоёр хөдөө ажиллахаараа яалт ч үгүй нэг дор ажиллаж таардаг. Боломж нь ч тэр гэх үү дээ. Одоо манай ангид номын санчаар ажилладаг. Миний хань надтай танилцаж, амьдарснаасаа хойш үндсэн мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. Гэлээ гэхдээ хэзээ ч харамслын үг хэлж, гомдоллож байгаагүй.

Ярилцлагынхаа сүүлийн асуултыг таны мэдэлд орхиё ...

-Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсье.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Хошууч Д.МЭНДБАЯР


Сэтгэгдэл

Док [66.181.161.74] 2021-09-09 21:37:06

Ажлын арга барил нь их зөв явж байгаа захирагч. Ангиас нь сахилгын ямар нэг зөрчил гараагүй. Төлөвшиж байгаа хамт олон юм билээ

Сайн байна. Дарга нар нь баярлаж байгаа байх. [202.131.225.53] 2021-09-09 17:01:45

Цэрэг хүн цэргээрээ л байж цэргээ бодож байх ёстой. Улс төрлүү хошүү дүрэх ёсгүй. Жоол багш, дарга нараа дурсах дуртай юмаа даа. Харин цэргүүдээ хэдийд дурсах юм бол оо? Цэргийн даргад үй олон цэрэг байсан баймаар.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.