АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: Ерөнхийлөгч асан хоёр хүний ойлголцол АН-ын эв нэгдлийн гол хөшүүрэг болно байх

Aдмин / Улстөр

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудал болон намын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-АН-ын дотоод маргаан Дээд шүүх дээр процессын ямар шатанд явааг товч хэлж өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх дээр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй. Ямар ч хүн байхгүй. Харин АН-ын 117 мянган гишүүний 113 мянгынх нь саналыг авч сонгогдсон Х.Баттулга гэж намын дарга байгаа. Дотооддоо тушаал шийдвэрээ гаргаад ажлаа хийгээд явж байна. Нөгөө талд маргаан нь юу байна вэ гэхээр АН-ыг Улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнэ гэж хүний нэрийн бичилт яваад байгаа юм.

-Намын гэрчилгээний арын бичилт гэхээр цаасан дээр гэсэн үг үү?

-Тийм л дээ. Дээд Шүүхийн цахим мэдээллийн санд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний тогтоолоор С.Эрдэнийг АН-ын даргын бүртгэлээс хасчихсан байгаа юм. Ингэж хассан хэдүй боловч АН-ын гэрчилгээний ард энэ бичилтийг Дээд шүүхээс хийгээгүйгээс болоод иргэн С.Эрдэнэ гэрчилгээг үзүүлж, өөрийгөө АН-ын дарга гэж явдаг. Ердөө ийм л жижигхэн маргаан, ийм жижигхэн процесс юм. Сая АН-ын нийт гишүүд намын даргаа сонгосны дараа тавдугаар сарын 21-ний өдөр Дээд шүүхэд материалаа өгсөн.

-Гэтэл гэнэт буцаагаад татчихна лээ, энэ нь АН-д бас л ойлгомжгүй байдал нэмэх шиг болсон?

-Энэ өдөр Дээд шүүх хуралдаж асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч бидний зүгээс материалаа түр татаж авсан юм. Шалтгаан нь 19-ний өдөр Дээд шүүхээс мэдэгдэл гаргахдаа 2-3 ноцтой үйлдэл гаргасан учраас тодруулж байж дахин хандъя гэж шийдсэн нь тэр.

-Тэр нь тэгээд тийм ноцтой юм уу?

-Нэгдүгээрт, Улсын дээд шүүх маргааш нь хэлэлцэх гэж байгаа асуудлынхаа үндсэн агуулгыг урьдчилж нийгэмд зарласан Хоёрдугаарт, Дээд шүүхийн тухай хуулиар Шүүн таслах ажиллагаанаас бусад ангиллаар бүртгэх үйл ажиллагааг хариуцуулсан байдаг. Гэтэл мэдэгдэлдээ, Шүүн таслах ажиллагаанд АН-ынхан оролцох гээд байгаа учраас та нарт хариуцлага тооцно шүү гэж мэдэгдсэн. Энэ нь өөрөө АН-ын даргыг бүртгэх ажлыг Шүүн таслах ажиллагаа болгож хувиргасан үйлдэл. Энийг тодорхой болгох шаардлагатай болсон. Гуравдугаарт, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдахаас өмнө урьд гарсан Шүүхийнхээ тогтоолыг биелүүлж, улсаас өгсөн АН-ын гэрчилгээний цаасан эх хувилбарын ар талд шийдвэрээ бичих үндсэн үүргээ биелүүлнэ үү гэсэн шаардлага. Ийм гурван шалтгаанаар татсан. Энэ бүгдийг тодорхой болгоод удахгүй Дээд шүүхэд дахин хандана.

-АН-ын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцаж байна. Албан ёсоор анх удаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаа болов уу. Тэгэхээр та өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөөч. Зарим уншигчид энэ хаанахын, ямар замналтай нөхөр АН-ыг төлөөлж яриад байна гэж бодож магадгүй?

-Тэр нь зөв байх.

Үндсэн мэргэжил маань технологич. Эдийн засаг, эрх зүйн чиглэлээр бас суралцсан.эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг, ийм л залуу гэр бүл. ШУТИС-д багшаар ажлын гараагаа эхэлсэн. Улс төрийн хувьд бол намын анхан шатны үүрээс эхэлсэн дээ. Намынхаа бүх шатны сонгуульт албанд сонгогдож ажилласан. Намын хороо, намын Залуучуудын байгууллага, намын ҮБХ, намаас ИТХ-д, ИТХ дахь намын бүлгийн дарга... гээд. Сүүлд АН-ын дотоод сонгуулийн хорооны даргаар намын их хурлаасаа сонгогдож ажилласан. Анх удаа л АН-ын томилогддог албан тушаал буюу намын Ерөнхий нарийн бичгийн даргад томилогдон ажиллаж байна.

-Яагаад таныг намын генсекээр томилов, миний харж байгаагаар та Х.Баттулгын ойрын хүн биш дээ. Гэтэл таныг санал болгосон. Та түүний ямар шалгуурт тэнцэв?

-Жинхлээгүй байгаа, үүрэг гүйцэтгэгч. Нам дотор ажилласан байдал маань нэг дэх шалгуур байсан байх. Намын мерит зарчим гэж байдаг бол тэр шалгуур. Хүүхэд шахуугаасаа намд зүтгэсэн. АН хүнд байгаа ийм ороо бусгаа цаг үед нээнтэггүй, хууль хүчний байгууллагаас шалгахад ямар нэг асуудалгүй, өмнө нь төрд, төрийн өмчийн компанид ажиллаж байгаагүй хүн чухал байсан байж магадгүй. Миний хувьд сүүлд АТГ-ын Олон нийтийн зөвлөлд дөрвөн жил ажилласан. Иймэрхүү итгэл үнэмшил намын даргад байсан байх. Сүүлийн хэдэн жил улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор миний нэр дээр цагдаад 10 гаруй гомдол очиж байнга шалгуулсан. Юу ч гараагүй л дээ. За тэгээд хамгийн гол нь намаа сайн мэднэ, гадарлана, бүх л ажилд нь оролцож ирсэн. Ний нуугүй хэлэхэд, би Х.Баттулга даргад ойр байсан хүн биш шүү дээ. Тэгэхээр дээрх зүйлүүд нөлөөлсөн юм болов уу.

-Өнөөдөр АН түвэгтэй байна. Заавал аль АН нь вэ гэж асуух болдог. Танай үеийнхэн хоёр талд, биеэнтэйгээ үзэлцэж байна уу?

-Бид хоёр талд гарчихсан, биесээ муухай хараад байгаа юм яг үнэндээ байхгүй. Нэг нам гэдгээ маш сайн мэддэг. Кофегоо хувааж уугаад, санал бодлоо солилцоод, инээж хөхрөөд л явцгааж байгаа. Хоорондоо муудна гэж юу байхав дээ. Эрх баригчдад хандаж байгаа шүүмжлэл, тэдний алдаа оноог хэлж дүгнэж байгаа байдал, улс орны цаашдын хувь заяаг хэрхэх, бодлогын тухайд ч бидний үзэл бодол адилхан, мөр зэрэгцээд явж байна. Өөр яах ёстой юм, тийм биз дээ. АН-ын гишүүн бидний хувьд улс орныг нэг иймэрхүү бодлогоор, аятайхан аваад явчихаж болно гэсэн итгэл үнэмшил, улс төрийн том амбиц бий. Тийм боломжийг нам, сонгууль, ард түмний итгэл л бидэнд өгнө. Түүний төлөө юу хийх ёстой юм, товчхондоо АН-ын залуусын зорилго энэ шүү дээ.

-АН доторх өнөөдрийн энэ зөрчилдөөний шалтгааныг хэрхэн харж байна. Магадгүй та шинээр харж байж магадгүй?

-Урт тайлбар ярина. Гэвч товчилъё, АН-ыг ийм байлгах эрх баригчдын зүгээс үйлчилж байгаа хүчин зүйл байна. Үүнд гар хөл, зэвсэг нь болсон ганц нэг хүн АН-д байгаа. Ийм л энгийн асуудал. Үүнийг одоо нуугаад, бөөрөнхийлөөд байх шалтгаан байхгүй. Бүгд л мэдэж, ярьж байгаа. Тэр хоморгонд нь залуус хавчуулагдсан. Нам доторх карьераа бодсон, эсвэл ингэж эвтэйхэн явж байгаад энэ хүнээс тамгаа аятайхан авъя гэсэн залуус нөгөө талд бий. Ер нь бол олон үзэл бодол тэнд яваа. Гэхдээ эцсийн мөчдөө энэ нам 2024 онд АН гэсэн нэг тугийн дор, нэгдмэл удирдлагатай сонгуульд орох ёстойг бүгд мэдэж байгаа. Нэг намын дарангуйлалд цааш явж болохгүйг хаа хаанаа маш сайн ойлгосон. Хэт их уналтаас, огцом сэргэлт маш их үр дүн авчирдаг улс төрийн практикийг бид удахгүй үзнэ. Нам доторх асуудал бусдын харж байгаа шиг яадгаа алдаад завхарчихсан, яах гэж байгаа нь тодорхойгүй, хэдэн лидер нь эргэж уулзах нүүргүйгээр явчихсан юм огт байхгүй. Өнөөдөр хэвлэл мэдээллээр хэгжүүн, хатуу үгсийг биен рүүгээ шидэлж, монголчууд яг түүгээр нь хүлээж авч байна. Энэ бүгдийн ард эргэж нэгдэх процесс, гайхмаар эв нэгдэл, ялалт, амжилт ирнэ. Харж бай л гэж хэлье. Нэг зүйлийг энд онцлоход, сая миний бие орон нутгийнхаа 330 сумын дарга нартайгаа нэгдсэн хуралдаан хийлээ. Эндээс юу харагдсан гэхээр АН орон нутагт нэгдмэл, нягт байгаа юм байна. Нийслэл дотроо, хэдэн том лидерээ дагасан талцал харагдаад байгаагаас биш дунд, доод шатандаа АН урьдын хэвээр байгаа нь харагдсан. Бодит үнэн ийм байгаа үед ний нуугүй үнэнийг хэлье. Одоо энэ намаас нэр дэвшиж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, одоо АН-ын дарга Х.Баттулга, энэ хоёр хүн ойлголцох ёстой юм билээ. Хүнийхээ хувьд харилцан буулт хийж, Монгол улсын төлөө, монголын ардчиллын төлөө ойлголцох цаг болсон. Эхний удаад ердөө л энэ. Өнөөдрийн үр дүнтэй алхам. Тэрнээс АН дотор залуус нь хоорондоо өрсөлдөөд, маргаад, би чи гээд байгаа юм ерөөсөө алга. АН-аас төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс л эр хүн шиг эвлэрлийн ширээний ард суучихвал АН-д өөр асуудал алга. Үе, үеийн гишүүд үүнийг л хүсч, харж байна. Намын лидерүүдийнхээ энэ ойлголцол, эвлэрлийн төлөө манай үеийнхний хийж чадах зүйл бол зүрх сэтгэлээрээ дэмжих, эвлэрэл, нэгдлийн төлөө бид чадах бүхнээ хийнэ. Яагаад гэвэл энэ бүхэн Монголын ардчиллын төлөө учраас. Ер нь удахгүй Ерөнхийлөгч асан хоёрын зүгээс ойлголцлын алхмууд хийгдэх байх.

-Итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Ингэхгүйгээр энэ улс орон чинь баларлаа шүү дээ, ардчилал, шударга ёс, ардчиллын үнэт зүйлс, Олон улсаас Монголд хандаж байгаа хандлага, өнгөрсөн 30 жилд ардчиллаар олж авсан бүхэн нурах нь, маш хүнд боллоо. Үүнийг эрх баригчид ч өөрсдөө мэдэрч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүр ч их ойлгож байгаа гэж харж байна. Үүнийг хаа хаанаасаа хичээж хийж чадахгүй бол Монгол улс л хохирно. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр хүн Монголын ардчиллын төлөө удахгүй ойлголцох, улс орныхоо төлөө нэгдэн ажиллах байх.

-Ах нарынхаа дэмжлэггүйгээр улс төр хийх, улс орныг удирдах, АН-ыг ялалтад хүргэх боломж ер нь бага юм уу?

-Ний нуугүй л хэлье. АН-ын хэт лидер дагасан 30 жилийн үр дүн. Хариулахад түвэгтэй сэдэв болчихоод байгаа юм. Ерэн оноос 2016 оныг хүртэлх АН-ын хүний нөөцийн бүтцийг харахаар ганцхан үеийнхэн улс төрөөс буулгүй явж ирсэн.

-Ерэн онд хувьсгал хийсэн, тэр үеийнхэн үү?

-Тийм ээ, ерэн онд гарч ирсэн үеийнхэн тэр чигээрээ явж ирсэн. Энэ үеийнхнийг гатлаад гарч ирсэн үе гэж байхгүй. Энэ үеийнхний дараах үе гэхээрээ энэ намын золиос гэмээр, АН-д том орон зайтай болж чадаагүй. Өөрсдийн эр зориг, дайчин чанар байхгүйгээс залуус та нар хохь чинь гэсэн нийгмийн шүүмжлэл байгаа боловч нам гэдэг институт чинь дараа үеэ бэлддэг, сургадаг, тийм л процесс. Гэтэл зөвхөн хуйвалдааны зарчмаар явчихсан. Энэ нь бүхэл бүтэн үеийг тасалчихсан. Шулуухан хэлэхэд, өмнөх үеийнхэн хийгээд одоо бидний үеийнхний хооронд их зай үүссэн, их холдоцгоосон. Өнөөдөр АН-ын залуус маш их эрмэлзэлтэй байгаа, урагшаа явахыг их хүсч байгаа. Гэвч АН-ын дүрэм журмаас эхлээд Монголд үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин нь хүртэл намын лидер гэх хүмүүст АН-ыг үймүүлэх, өөрсдийгөө хадгалаад байх боломжийг олгоод байна. Ийм тохиолдолд залууст хүсэл эрмэлзэл байгаа хэдүй ч бөхөөр яривал бяр нь хүрэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн АН-ын улс төрийн замналд кейс болон үлдлээ, үүндээ дүгнэлт хийгээд цааш явж эхэллээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ сэдвийг ингэсхийгээд орхих нь зөв байх.

-Тэгэхээр өнөөдрийн хамгийн том сэдэв бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ), тогтолцооны өөрчлөлтийн талаарх эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаа байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль нь гурван сая иргэн хэрхэн амьдрах эрх зүйн баримт бичиг. Хоёр жилийн өмнө МАН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа найман жил гар хүрч болохгүй гэчихсэн. Гэвч энэ бүгд тэдэнд хамаагүй бололтой. Үнэхээр эрх баригчид ҮХНӨ-ийг хийх гэж байгаа бол гурван сая иргэнээсээ “Ийм ийм өөрчлөлтийг хийх гэж байна” гэж хэлэх, асуух ёстой. Энэ нам өөрөө санаачлаад нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Үүнийг хийхгүйгээр өөрсдийн тоглоомын нам болох ХҮН-аар дамжуулж, гишүүн Доржхандаар дамжуулан ҮХНӨ-ийг оруулж ирж, түүнийг нь МАН дэмжиж байгаа хэлбэрээр явж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй үзэгдэл. Ийм арга технологиор эрх мэдлээ хадгалах, дараагийн сонгуулиар яаж орвол ашигтай вэ гэсэн хувилбараар ҮХНӨ-ийг өөрчлөх аюултай. Сөрөг хүчингүй, бодлогын өрсөлдөөнгүй, мэтгэлцээнгүй, нийгмийн зөвшилцөлгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болдоггүй дэлхийн практик байна. Яг үнэндээ юу өөрчлөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хэрэвзээ ҮХНӨ-ийг буруу хийвэл ямар аюул дагуулахыг тооцож үзсэн хүн байна уу. Бүгд л өөрчилье гээд хошуурах шинжтэй. Өнөөдөр дэлхий ертөнцийг хамарсан энэ их хямралт байдалтай ҮХНӨ-өө яаж уялдуулах ёстой юм. Ядаж энэ талаас нь харсан, судалсан, тооцсон, дүгнэлт гаргасан судлаач байгаа юм уу. Дэлхийн хямралын тоглоом болох зүйлийг наад ҮХНӨ-өөрөө хийх гэж байгаа юм биш биз. ҮХНӨ-ийг дэмжих, дэмжихгүйн тухай асуудал дараагийн асуудал юм билээ. Наана нь юуг өөрчлөх, нийгмээрээ хэлэлцэж шүүсэн юм уу гэдэг л асуудал. Одоогоор мэдэж байгаа ганц зүйл нь парламентын суудлын тоог нэмнэ, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн хоёр мессэж байна. Үүнийг дагуулж юу оруулж ирэх, яаж өөрчлөх, дагалдах ямар хуулиуд өөрчлөгдөх, тэр бүгдээс нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах, хамгийн гол нь энэ бүгдээс шалтгаантай ямар муу үр дагаврууд нийгэмд маргааш бий болох талаар ойлголттой нэг иргэн байтугай, нэг улстөрч ч алга. Үнэхээр хийх байсан юм бол өмнөх парламентаар тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, одоо АН-ын дарга Х.Баттулга энэхүү ҮХНӨ-ийг оруулж ирсэн. МАН олонхоороо унагасан биз дээ. Өчигдрийн үйл явдал. Өнөөдөр яагаад гэнэт өөрчлөх болов. Эндээс нэг л зүйл харагдаж байгаа, дараагийн сонгуульд холимог тогтолцоогоор орох, АН-ыг хуваан жижиглэх, жижиг намуудад хоёр, гурван суудал өгч олон намын тогтолцоотой парламент гэсэн нэр зүүх, харагдуулах, ингээд ирэх он жилүүдэд энэ улсад эзэн мөнх суух. Ийм л башир арга. Энэ хуулиараа ирэх 2024 оны сонгуульд орвол МАН уналтынхаа доод цэг дээр очно гэдгийг цаадуул чинь тэнэг биш болохоор мэдэж байгаа. Хөгжлийн банкийг хувааж идсэн нь зөвхөн эхлэл шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улс дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр цааш явахгүй юм байна гэдгийг илүү ойлголоо. Тэгсэн үйлдвэрлэлд зориулах санхүүжилт болох Хөгжлийн банкийг МАН-ын хэдэн гишүүн хуваагаад идчихсэн байх жишээтэй. Цаашид маш олон луйвар, авлига, албан тушаалын хэргүүд нь нийгэмд ил болно. Нийгмийн анхааралд аваачих олон асуудал АН дээр төвлөрч, төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ бүгдээс эрх баригчид айж, болгоомжилж байна. Тиймээс өөрсдийгөө авч үлдэхийн тулд ҮХНӨ-ийг хийх гэж байна.

-Ингэхэд хүчтэй дуу хоолой байх ёстой УИХ дахь АН-ын бүлэг хаана байна вэ, бүлгийн дарга нь хэн болсон бэ?

-АН-ын бүлгийн гишүүд олонхоороо даргаа сольж, шинэ дарга сонгосон. Түүнийгээ УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч Занданшатар дарга нь албан ёсоор батлахгүй, ширээндээ дарчихсан, тийм л байгаа. Энэ байдал нь АН-ын бүлэг учраа олохгүй байгаа юм шиг байдлыг үүсгэсэн. АН-ын дарга байсан жараад оны ах маань, МАН-ын 80-аад оны залууст “ял”-аар барьцаалагдсаны үр дүн л парламент дээр гарч байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын талаар таны байр суурь...?

-Ганбат гишүүн бол АН-ын гишүүн, нийгмийн зүтгэлтэн хүн. Нэг их төөрөлдөх юм Ганбат дарга дээр байхгүй. Зүгээр л “Чи бидний өмнөөс ингээд самраад бай, тэгэх юм бол ирэх сонгуулиар жагсаалтын эхээр оруулна, тэгэхгүйгээр чи одоо тойргоосоо гарахгүй ээ” гэсэн амлалтыг түүнд өгчихсөн. Ер нь бол АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь аливаа асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа.

-Эрх баригч МАН ирэх сонгуулиар дахиад ялна гэсэн зорилготой, түүний төлөө бүгдийг хийх нь тодорхой. Үүний эсрэг өнөөдрийн АН юу хийж чадах вэ?

-Гурван сонгуулийн цикль дамнуулж Монголыг удирдаж байгаа МАН институтийнхээ хувьд төр барих потенциалаа шавхаж байх шиг байна. Мөн дотроосоо ялзарч байна. Төрийн бүх шатанд авлигыг нийгмийн соёл болголоо. Үсэглэлийн баяраа тэмдэглэхдээ “А” үсэг болох гэсэн хүүхэд багшдаа авлига өгөх хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН төр барилцах хоёр удаагийн боломж бүрдсэн. Энэ үед энэ улс орон ийм хүнд байдалд орж байсан уу. Бүхэл бүтэн намаараа нийлж банк тонож байсан уу. Нүүрсний уурхай тонож байсан уу... энэ бол улс орны доройтол биш, энэ бол улс үндэстний мөхөл, мөхөл рүү явж байгаа хэлбэр. АН ёроолдоо очлоо, сөнөлөө, мөхлөө гэж баярласан хүмүүс байх юм. АН хагарч бутарлаа гээд энэ улс оронд сайн юм юу байгаа юм. Эрх баригчдын ялзралыг хүчтэй сөрөг хүчин илрүүлж, сэргийлнэ. Энэ хүртэл АН дотроо өнгөрсөн 30 жилийнхээ алдааг шүүж, ирээдүйгээ хэлэлцэж байна. Манай намын нэр нөлөө бүхий эрхмүүд одоо АН-аа нийгэмд шүүмжлээд явах хэрэггүй, өнөөдөр АН-д ямар эрх мэдэл байгаа биш, мөнгө хөрөнгө байгаа биш, хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд очоод “АН-ын залуус бол путинчүүд” гэж орилох хэрэггүй. Нам дотроо учраа олох гээд хичээж яваа залууст ямар юмных нь путин байдаг юм. Харин үүний оронд зарим ах нар маань наад эрх баригчдаа шүүмжил, МАН-ын бузар булайг ард түмэнд ойлгуул, тийм үзэл суртлыг нийгэмд хийцгээ. АН-ын нэрээр албан тушаал өгсөж, алдар хүндийн оргилд асч явсан ах нартаа хэлэхэд, та бүхэнд АН-ын үүд хаалга нээлттэй, ороод ирэх юм бол цай кофеныхоо дээжийг бариад ярилцана. “Та нар мундаг шүү” гэж бол хэнд чинь ч хэлэхгүй, харин та нарынхаа санаа оноог сонсоно, цаг үргэлж ярилцана, үүний төлөө ажиллаж байна.

-Сая АН-ын зүгээс ҮБХ-ны гишүүдээ шинээр сонголоо, Ч.Сайханбилэг... нарын хүмүүс ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо гэсэн мэдээлэл явсан. Энэ талаар...?

-АН-ын дүрэм бол маш сайн хийгдсэн дүрэм. Сонгуулийн процессууд нь маш тодорхой, хяналттай, үе шаттай хийгддэг, хэн ч ойлгохоор энгийн. Үүнийг будлиулсан юм сая харагдлаа. Бүх тамгаа хаялаа гэж худлаа зар тавиад, шинээр хийлгэж аваад, өөрсдийн хүмүүст тараагаад өгчихсөн. Тэр хуурамч тамгаараа ҮБХ-ны гишүүдийн сонгууль хийж байгаа юм байна. Хаана, хэн дэвшиж, ямар гишүүд санал өгч сонгосон нь мэдэгдэхгүй тийм сонгууль гэж байдаг юм уу. Хаана ч дуулдаагүй сонгууль байх. Би өөрөө АН-ын сонгуулийн хороон дарга байсан хүн хууль, дүрмээ мэдэлгүй яахав дээ. Хэвлэл дээр “Ч.Сайханбилэг ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо” гэсэн мэдээг хараад гайхсан. АН-ын дүрмээр нэр дэвшигч биеэрээ ирж, гараараа бичсэн өргөдлөө өгдөг хууль дүрэмтэй, Ч.Сайханбилэг даргыг Монголд байхгүй байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Монголд ирчихсэн юм уу. Ер нь бол МАН-тай адилхан болж байна даа, “Шоронд байгаа хүн нь УИХ-ын гишүүн боллоо” гэдэг шиг.

-Одоо тэгээд нийгэм АН хоёр, гурав хуваагдах нь тодорхой боллоо гэсэн яриа руу явчихлаа. Үүнд хариулт өгөөч?

- Эрх баригчид анхнаасаа ийм л үр дүнд хүрэх гэж ажилласан. Тэдний зорилго нэгдүгээрт АН-ыг хувааж жижиглэх, дараа нь холимог тогтолцоогоор олон жижиг намыг парламентад хоёр, гурван суудалтай байлгах. Энэ бүгд эрх баригчдын заавал хийх нүүдэл байсан. Үүнд өнөөдөр АН-ын олон мянган гишүүд хууртаж, автаж болохгүй. Орос, Хятад, Казахстаны засаглалын хэлбэрүүд харагдаж байгаа биз. Өнөөдөр эрх баригчдын энэ сценари 40-50 хувьтай хэрэгжээд явж байгаад хамгийн том аюул нь байна. Нэг зүйлийг эрх баригчдад хэлье. Та бүхэн эрх мэдлээ алдахгүйн тулд ҮХНӨ-ийг хийх юм байна. Энэ бүхэн эргээд та нарт хортой тусна, энэ улс орныг хүнд байдалд оруулна шүү. Өрсөлдөөнгүй, шүүмжлэлгүй өссөн дараа үеийнхэн чинь эрх мэдэлд хүрэх цагт энэ улс орон юу болж хувирсан байх бол. Та нарыг өөрсдийг чинь эргээд иднэ. Уг нь бол сайн сөрөг хүчинтэй байсны үр дүнг үзсэн ойрхоны жишээ бидэнд бий. С.Баяр гэж Ерөнхий сайд стандарт бус Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ хамтарсан үедээ Оюу толгойг хөдөлгөж, гурав дахь хөршийн ашиг сонирхлыг Монголын түүхэнд байгаагүйгээр оруулж ирж чадсан. Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ ойлголцож чадсанаар зууны бүтээн байгуулалт болох Монголын бүх аймгийг авто замын сүлжээгээр бүрэн холбох хөрөнгө санхүү, гадаад бондыг босгон ажилласан. Энэ бүгд үргэлж хүчтэй сөрөг хүчинтэй байх үед хийгдсэн Монголын төрийн сайн түүхүүд. Тэгвэл 2016 оноос хойш хэдэн сонгууль дараалан МАН дангаараа төрийн эрхийг өөртөө байлгаж чадлаа. Сөрөг хүчин болох АН-ыг хэрхэн хорлож байна. Өнөөдөр тэгээд энэ улс орныхоо байж байгаа царайг хар. Ийм хүнд цаг үед АН-ыг эв нэгдэлд оруулах сайн жор найруулах, гаргаж авах том ажил АН-ын залуус бидэнд тулгарч байх шиг байна.

-Тэгээд тэр шинэ жор чинь юу байх бол?

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдэл л миний хувьд үнэт зүйл. Энэ улс орны хувь заяа, эрх ашиг биднээс шалтгаалах цаг үе ирлээ, үүний төлөө бүгдээрээ гар гараасаа барилцаад алхацгаая. нөөц боломж, байгаа бүх потенциалаа энэ улс орны төлөө шавхан ажиллах цаг Ардчиллын бидэнд, АН-д ирлээ л гэж хэлэх байна

П.Хашчулуун


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.211] 2022-06-08 22:27:25

Ардын намынхан-тэднийг даган баясагч долдой нарын хайртай төр засгийн удирдагчид,2024 онд дахин төр засгийн толгойд залах шүтээн нь: НЭГ,МУЕрөнхийлөгч Хүрэлсүх-Хадгаламж Банкыг барьцаалж Солонгос улсад Казинод мөрийтэй тоглон уг банкыг дампууруулж,олон мянган хадгаламж эзэмшигч,аж ахуйн нэгжүүдийг хохироож байсан зартай дуйварчин, ХОЁР.МУ-ын Их Хурлын дарга Занданшатар мөн солонгост Хадгаламж банкны мөнгийг барьцаалан мөрийтэй тоглон уг банкыг дампууруулалцсан зартай хуйвалдагч луйварчин. Гурав.МАН-с сонгогдсон УИХ,ЗГ-н гишүүд ХХ-ийн банкнаас хууль зөрчин олон тэрбум төгрөгийг хуйвалдан завшсан луйврын хам хэрэгтэнгүүд, Ардын намд тэр нь сайн.Энэ нь сайн гээд өлгөөд авах юм байна уу? Лаларууд аа?????

Зочин [43.242.242.59] 2022-06-08 12:24:40

Танай намынхан хоорондоо дандаа л тэмцэлдэж ирсэн түүхтэй. гэхдээ буруугаа дандаа МАН-аас хайдаг зуршилтай. Ц.Элбэгдорж болон Х.Баттулга нар хоорондоо тэмцэлдээд байгаа нь МАН-ын явуулга гэнээ. та нар тийм тэнэг болчихсон юм уу. Түүнийг нь мэдэж байгаа юм бол хэрэлдэхгүй байх чинь яасан юм бэ. Ер нь тэнэг юм ярьж байна. АН-ын гишүүн хоёр нөхөр л намын дарга болно гээд үзээд байгаа биздээ. Ийм луйвардаас бүрдсэн намд ард түмэн хойшид ч итгэл үзүүлэхгүй. 2024 онд сонгуульд ялж төр засгийн эрхийг гартаа авч самрах санаатай. горьдвоо ард түмэн та нарыг мэддэг болсон. Хоёр удаа итгэл өгч сонгсон боловч та нар улс орны эдийн засгийг сүрүүлж өөрсдөө хөрөнгөжиж баяжсан. Та нарыг би л хувьдаа дахин сонгохгүй

иргэн [64.119.25.211] 2022-06-08 22:39:49

Та тэгээд аль намын хүн болоод Ардчилсан хүчнийг буруутгаад байгаа юм бэ?? Танай Ардын намынхан чинь дээрэмчид,луйварчид,хулгайчид,оффшоорчдын бүлгээс бүрдсэн нь зөв хэрэг үү?????Та түүний нэг хар гар хөл нь болоод энэ намын гэмт хэргийн бүлэглэлийг өмөөрөн хамгаалж байгаа нь эрээ цээрээ алдсан хэрэг болж байнаа даа!!!!!Мангасын хар хүч болсон та нарыг хэзээ нэгэн цагт гэгээрсэн шударга ард түмэн дэнслэн шүүх нь лав.

ИРГЭН [64.119.25.211] 2022-06-08 21:52:07

Өө өө!!!!! Энэ." сэтгэгдэл"-ийг Ман-аас томилогдон цалинждаг,иймэрхүү сэдвүүдэд ардын намын бузар луйврыг жирийн сонгогч,уншигчдын анхаарлаас холдуулж өөр тийш нь мушгин гуйвуулах,Ардчиллалыг гүтгэн доромжлох үүрэг зорилготой орон тооны бичээч А,Л,нарын бичвэр байна байна шүү дээ,

зочин [202.21.116.11] 2022-06-07 16:02:02

улс орон уруудахыг ард түмэн өөрсдөө хийдэг буг бурхан 2-оо ялгаж чадахгүй сонгосноос ийм байдалд хүрлээ үүнийг мунхагласны үр дүн гэнэ. аливаа хуурамч, хэврэг, хулхи юм болгон гоё харагддаг одоо удахгүй улс төрийн гоё цэцгүүд энд тэндгүй ганхаж уран цэцэн үгсийн чуулга гэлтэй яриа хөөрөө эгэл даруу төрх гэлтэй зохиогүй дээлтэнгүүд буюу дээлтэй дэлт чононууд ульж эхэлнэ зарим нь одоо улиад байгаа .. чоно өөрийгөө бар гэж улих боловч чоны амнаас барын соёо цхууйхгүй яаж ч ульсан барын хоолой гарахгүй нь харамсалтай нийт ард түмэн кампаний захирлуудыг сонгохоо болёо

zochin [192.82.73.143] 2022-06-07 10:47:23

Chi merit zarchimaar sogogdson edej uugaagyi xun yum bn,Naad darga geed baigaa noxor chin bas tiimuu,Oort ashigtai bol Chotgortei ch noxtsxod belen, deer n naad nam iin darga baisan xumuus chin bugd xuuliar shalguul j bn,Zarim noxdon edej uugaad Mongol ulsad erx nuurgyi yavaa shuu,Chi ex oodrog xaraad bn uu,Iim ix zalitai noxr uu.

Удвал [66.181.181.238] 2022-06-07 00:29:16

Хот хөдөөгийн нийт гишүүдиын 90 гаруй % нь Баттулгыг сонгосон байхад одоо даргын тухай ярих нь утгагүй зүйл. Эрдэнэ Элбэг нарыг яаж юу хийв гэдгийгбүх хүн мэдэж жигшиж бна.

Зочин [203.91.115.38] 2022-06-07 15:16:37

Эрдэнэ гэдэг намаа ялааР наймайлцсан гэдэг яг үнэн юмаа

Агиймаа [124.158.70.83] 2022-06-06 18:29:17

С.Эрдэнэ байгаагүй бол АН будаа болох байсан. Энэ мөнхжаргал илт жэнкогийн бөгс долоогч байна. Жэнкогийн бичсэнийг энд хуулчихсан гэж сайн мэддэг нөхддүд хэлэв.

Зочин [202.126.89.73] 2022-06-06 16:21:52

Жонхууг дагасан Монголоо худалдсан урвагч нар АН-аас Монголоос зайлах хэрэгтэй! Энэ И.Мөнхжаргалыг хэн Генсекээр тавьсан юм бэ? Женко урвагч уу?! Тэр Жонхуутайгаа хамт Моноглоос минь зайл!!

B.zochin [66.181.161.38] 2022-06-07 01:11:16

Bienee ingej bitgii hel.Ta nar dsisnuud bish bizdee.Ev negdlees erhem uil ulsad alga.

Иргэн. [202.126.89.3] 2022-06-06 15:49:32

Танаы намын үзэл санаа үнэт зүйл чинь юу юм бэ..?Залуус аа.... Тэрийг чинь ойлгохгүй хүсэхчгүй огт харш үзэл баримтлалтөй нөхөрийг НД-аараа сонголтгүй сонгуулиар гаргаж намаараа ацдуулчихаад гөлөг шиг явах юм даа.. орон нутагт хагарч сүйд болохгүй ч өөр өөрсдийн толгойгоо мэдэх л бх.

зоочин [192.82.84.122] 2022-06-06 15:47:33

Эрдэнэ нарыг нийт гишүүд жигшин зэвүүцэж байна. Элбэг Үүл нарч гэсэн энэ намд байх эрхгүй тул гишүүнээс хөөх хэрэгтэй.

Зочин [103.26.193.35] 2022-06-06 15:34:49

Шоронгоос гарч ирсэн хулгайч гэдгийг мэдэхгүй бид нар их хуралд сонгоод л Сүүлдээ даварчихсан Салахгүй шаар болж байна.

Ж,энхтаиван [66.181.161.7] 2022-06-06 14:48:12

Хүн хэлээрээ мал хөлөөрөө

иргэд [103.212.118.21] 2022-06-06 14:27:18

Би АН-ын ахмад гишүүдийн нэг,С,Эрдэнэ гэдэг хүн манай намыг дуудлага худалдаагаар хувьчлаж авсан хувийн хомпани мэт үздэг увайгүй зангаа татвал таарна,энэ хүнийг ийм байдалд хүргэсэн нь бидний л буруу,одоо эрс шийдвэр гаргаж энэ хүний нэрийг дахиж нэг их сонсмооргүй байна


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.