Н.ГАНИБАЛ: Дотоодын хэрэгцээгээ хангаад илүүг нь экспортлоход төр хориглох биш дэмжих ёстой

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Засгийн газар дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг он дуустал түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь мах бэлтгэх салбарт гараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам мөн үү. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бодлого дээр түлхүү анхаарал тавьдаг цөөн хэдэн гишүүний нэг нь та учраас таны байр суурийг сонирхох гэсэн юм?

-Монгол Улсын Засгийн газар 2022 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуусталх хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг агшааж, үнэгүйдүүлсэн шийдвэр л дээ. Манай улсад 2021 оны байдлаар 188 мянган малчин өрх бүртгэгдсэн байна.

Тэгвэл эдгээр өрхийн орлогыг бууруулж, амьжиргааны түвшинг доошлуулах сөрөг үр дагавартай, тиймээс Засгийн газраас энэ шийдвэрээ эргэн харж, цуцлах ёстой гэж үзэж байгаа.

2015-2020 оны статистик мэдээллээс харахад, хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн мах нядалгааны жингээрээ 400-600 гаруй мянган тонны хооронд хэлбэлзсэн байна. Үүний 97 хувийг дотоодод үйлдвэрлэсэн таван хошуу малын мах эзэлж байгаа бол үлдсэн гурван хувь нь импортоор оруулж ирсэн загас, шувууны мах байгаа юм.

Дотооддоо бэлтгэсэн болон импортоор оруулж ирсэн нийт махыг хүн амын тоондоо хуваагаад үзэхээр нэг хүнд ногдох махны хэмжээ 2020 оны байдлаар 230.8 кг болж байсан. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 60кг буюу 35 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас гаргадаг жишсэн хүнд шилжүүлэх итгэлцүүрээр нэг монгол хүний махны хэрэглээ жилд 69.4 орчим кг байна. Дээрх итгэлцүүрээр улсын хэмжээнд авч үзвэл, нийт хүн амын жилийн махны хэрэглээ 2016-2020 оны байдлаар 172.6-182.4 мянган тонн болж байна. Эндээс харахад, дотоодын зах зээлд эрэлт, нийлүүлэлт хол зөрүүтэй байгаа юм.

Тэгвэл мах, махан бүтээгдэхүүний эскпорт 2018 онд 68.8 мянган тонн байсан бол 2019 онд 56.2, 2020 онд 38.8 мянган тонн болтлоо буурсан байна. Нэгэнт дотоодын хэрэгцээгээ хангаад, илүү гарч байгаа бүтээгдэхүүнийг экспортод гаргах зах зээлийн шаардлага байна. Тэгэхдээ манай гол худалдан авагч болох өмнөд, хойд хөршийн шаардлагад нийцсэн вакцинаар малынхаа эрүүл мэндийг хамгаалж, аль болох нэмүү өртөг шингээн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад анхаарах ёстой. Энэ нь зөвхөн мах ч биш, ер нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүхий л түүхий эдэд хамаарна. Олон улсын стандартад нийцүүлэн, чанар, аюулгүй байдлыг нь хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ татварын таатай бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага ч бий.

-Та мах, махан бүтээгдэхүүний экспортыг ихэд чухалчлаад байна. Гэтэл сүүлийн үед экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал, маргаан их гарах боллоо. Үүнд та юу гэж хэлэх вэ?

-Махны экспорттой холбоотой гомдол санал жилийн жилд гардаг. Мах үйлдвэрлэдэг үндэсний 17 үйлдвэр байдаг. Харамсалтай нь зарим нь өөрсдийнхөө зөвшөөрөл дээр бусдын махыг гаргадгаас болж Монголоос экспортод гарч байгаа махны нэр хүнд унах эрсдэл үүслээ. Тиймээс тухайн үйлдвэрлэгчид энэ асуудлыг анхааран ажиллах шаардлагатай.

Мах бэлтгэн экспортолж байгаа үйлдвэрүүдийн ариун цэвэр, аюулгүй байдал, хяналт шалгалтын асуудалд тухайн худалдан авагч улс орнууд өөрсдийнхөө хорио цээрийн албыг илгээж, хяналт хийлгэдэг. Үүний дагуу тухайн үйлдвэрт мах экспортлох зөвшөөрлөө олгодог. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авсан үйлдвэрүүдийг аль болох дэмжиж ажиллах нь зүйтэй. Хүлээн авагч улс нь худалдаж авъя, импортолъё гэдгээ илэрхийлчихээд байхад Монголын талаас хорьж цагдах нь утгагүй.

Хамгийн гол нь бид өөрсдийн малын махыг эрүүл гэдгээ батлах ёстой. Мах гэдэг бол эцсийн бүтээгдэхүүн. Тиймээс махны гарал үүслээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл нь мөрдөн мөшгөх хяналт шалгалтыг сайн хийж, түүгээрээ монгол мах, гурил чанартай, эрүүл гэдгийг баталгаажуулах ёстой. Түүнээс биш өнөөдөр үйл ажиллагаа нь түр зуур доголдсон ганц нэг аж ахуйн нэгжийн асуудлыг нийгмээрээ сөхөн гаргаж ирээд, үүнд үндэслэж махны экспортыг зогсоож байгаа Засгийн газрын бодлого буруу.Малчдын хувьд мал, махнаас олж байгаа орлого нь нийт орлогын 70 орчим хувийг эзэлдэг. Тиймээс Засгийн газар энэ бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй байлгахын төлөө ажиллах ёстой. Түүнээс тухайн бүтээгдэхүүний үнийг буулгах бодлого хэрэгжүүлэх нь буруу. Монгол Улс экспортыг дэмжсэн бодлого явуулъя л гэж байгаа бол монголчуудын үйлдвэрлэж байгаа бүхий л бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй байлгах, борлуулалт, эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд л Засгийн газрын бодлого чиглэх ёстой. Гэтэл үүнийхээ эсрэг үйл ажиллагаанууд явуулаад байна.

Нөгөөтэйгүүр, махны экспортын нэмүү ашгийг экспортлогч аж ахуйн нэгжүүд хүртдэг ч тэр махыг үйлдвэрлэж байгаа малчинд очих үр өгөөж нь бага байна. Тэгэхээр мах, махан бүтээгдэхүүнийг малчны хотноос хилийн чандад хүргэх шат дамжлагыг аль болох багасгаж, малчны гэрт очих үр өгөөжийг дээшлүүлэх шийдлийг олох хэрэгтэй гэсэн үг. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, борлуулалт зэргийг цогцоор нь шийдвэрлэх урт хугацааны бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлснээр эцсийн дүндээ малчдын орлого нэмэгдэнэ, сүргийн бүтэц сайжирч, эрчимжсэн МАА хөгжинө, төв рүү чиглэсэн их нүүдэл саарна, мах боловсруулах салбарт ажлын байр нэмэгдэнэ, хүнсний аюулгүй байдал хангагдана гэхчлэн маш олон эерэг үр дагавар гарна.

-Махны экспортыг нэмэгдүүлэхээр эрэлт өснө. Эрэлтээ дагаад үнэ өснө. Энэ нь малгүй өрх, ялангуяа нийслэлчүүдэд хүндээр тусна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын малын тоо толгой 70 саяд хүрч, хавартаа 30 сая орчим төл хүлээн авах болж, улмаар бэлчээрийн даац хэтрээд байгаа. Бэлчээрийн даац хэтэрснээс болж цөлжилт улам эрчимжиж байна. Тэгэхээр мал, махаа экспортлох нь эдийн засагтаа өгөөжтэй, байгальдаа ч ээлтэй байна. Мэдээж, эрэлт ихсэхээр үнэ өсөх нь тодорхой. Энэ нь манай улсын таван өрх тутмын нэг нь болох малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх ач холбогдолтой.Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр нийт малчин өрхийн 86 орчим хувь нь 500-гаас доош тооны малтай бол ердөө дөрөвхөн хувь нь мянгаас дээш малтай, үлдсэн 10 хувь нь 501-1000 хүртэл тооны малтай байна. Дийлэнх малчин өрх мал аж ахуйгаараа амьжиргаагаа залгуулдаг учраас тэдний гол бүтээгдэхүүн болох мах нь үнэ цэнэтэй байх ёстой.

Нөгөө талдаа малгүй өрхүүд махаа өндөр үнээр худалдаж авахад хүрэх нөхцөл бүрдэнэ. Гэхдээ энэ асуудлыг мах экспортлох эрх авч байгаа аж ахуйн нэгжүүдээс хураамж авч, Засгийн газрын тусгай санд төвлөрүүлэх, тус санд хуримтлагдсан хөрөнгөнөөс нөөцийн маханд татаас өгөх замаар шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Та тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн. Хүнсний аюулгүй байдлыг хангах, түүний хяналтыг сайжруулах хамгийн оновчтой арга зам нь юу юм бэ?

-Бусад улс орнуудад хүнсний бүтээгдэхүүн дээр гарал үүслээс нь эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол нь мөрдөн мөшгөж хянадаг. Малын гаралтай бүтээгдэхүүний хяналт ч ингэж хийгдэх ёстой. Тиймээс УИХ-ын тогтоолын төсөлд хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл, чанартай байлгахын тулд гарал үүслийг нь мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах замаар хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангаж өгөхөөр тусгасан байгаа. Мөн дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний экспортын татварыг тэглэх, адил төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх зэргээр урт хугацааны тарифын зохицууллат хйих асуудлыг ч тусгаж өгсөн.

-Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж эхэлснээс хойш нэлээдгүй маргаан дэгдлээ. Мэргэжлийн холбоодын байр суурь зөрөлдөөнтэй, ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын гишүүд ч цөөнгүй бий. Таны хувьд монгол наадамд зөвхөн монгол адуугаараа уралдах уяачдын шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол наадамд эрлийз морь уралдсанаар хамгийн гол сөрөг үр дагаврыг нь та юу гэж хэлэх вэ?

-Гадны үүлдрийн буюу эрлийз морьд хурдан гэдэг утгаараа тэднийг худалдан авч, эсвэл үржил селекцийн замаар үр төлийг нь гарган авч, төрийн наадамд сойж, айрагдуулж, улсын цол авах, алдрын титэм зүүх сонирхолтой уяачид цөөнгүй байдаг нь нууц биш. Энэ сонирхлыг нь хуулиар хамгаалж өгснөөрөө бид үндэсний өв соёлын салшгүй нэг хэсэг болох монгол адуугаа устгах аюултай нүүр тулна. Саяхан наран түрүүлж манддаг дорно зүгээс эх орны баруун хязгаарт худалдагдсан хоёр адуу төрөлх нуагтаа тэмүүлэн, хориод хоногийн турш газрын хол, усны уртыг үл хайхран зүтгэсээр байгаад зорьсон газартаа хүрсэн гайхалтай түүхийн гэрч боллоо, бид.

Тэднийг харсан монгол хүн бүрийн сэтгэл догдлон огшиж, монгол адуугаа хайрлан дээдлэх сэтгэл төрж байсан нь дамжиггүй. Энэ бол монгол адууны гайхамшигт чанар. Монгол адуу унаж явсан унаач хүүхэд нь унахад хэзээ ч дээгүүр нь гишгэдэггүй. Хэзээ ч гүүгээ гишгэдэггүй. Энэ чанаруудаас гадна манай эрс тэс цаг уурт дасан зохицсон, амьдрах чадвар сайтай. Гэтэл тэдний цусыг булингартуулсаар байх юм бол амьдрах чадвар муудаж, нас нь богиносно. Тэгэхээр монгол адууг монголоор нь авч үлдэх нь хичнээн чухал болох нь харагдаж байгаа биз.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.82] 2022-06-17 05:41:55

Сонин тархитай улс шүү. Сарын 10-20,000 ам доллартай тэнцэх экспорт шууд хийх компани байна. Гэтэл тэд нарт хүртэл үйлдвэрийн зөвшөөрөл, экспортын зөвшөөрөл гэх мэт. Гайхмаар. Дэмжээд байгаа юм уу дарамтлаад байгаа юм уу бүү мэд.

[66.181.179.178] 2022-06-17 09:04:52

зөвшөөрөл болгоны ард яамны нэг албан тушаалтан, эсвэл хэн нэг "гишүүн"ээр дамжсан нөхөр байдаг. тэгээд ажлыг нь бүтээсэн мэт аашилж, сонгуулийн мөнгөө нэхэж ААНийг дарамталдаг. боломжгүй гэвэл аливаа нэг аймаг, дүүрэг, хотын МХА-аар сүр далайлгаж дарамталдаг, тэр дарамт нь бараг л 15 минутын дотор хэрэгждэг

Зочин [202.55.191.194] 2022-06-17 05:29:58

согтуу гятад

Mongol [202.126.90.73] 2022-06-17 02:59:14

Мах хямд байлаа гээд амьдрал сайжрахгүй, харин үнэтэй байх ёстой! Зүгээр хэвтэж байгаад мах идэх биш, ажиллаж хөдөлмөрлөаөөд үнэтэй эрүүл мах идэх ёстой! Халамж, үнийн зохицуулалт хоёр хэрээс хэтэрчээ! Энэ махны үнэ хямд байлна гэж орилоод байгаа хүмүүс бүгд залхуу, ажилгүй хүмүүс

Зочин [202.21.97.242] 2022-06-17 01:40:09

дотоодод махны үнийг кг нь 3000 хүртэл экспортыг хориглох хэрэгтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.