Хүсэхүйн сууриас ангижран магад оршихуйг баригтун! 1991 он С. Зориг

Aдмин / Нүүр

Хүсэхүйн сууриас ангижран магад оршихуйг баригтун. 1991 он С. Зориг

Өдгөө нэр нь дурсагдахаас үйл хэрэг, үзэл санааг нь албаар бүдгэрүүлсэн төр нийгмийн тод зүтгэлтэн С. Зориг ард түмний зүрх сэтгэлд одоо ч амьдарсаар байгаагийн нууц нь түүний төр, ард түмнээ гэсэн халуун сэтгэлийг мэдэрсэн түмэн олон мөнх болохоор биз. Улс төр, нийгмийн нарийн чинад учиг, цаашдын чиг шугам, оюун санаа, бие цогцосыг шулуутган, хүчирхэгжүүлэх чадвар гагц түүнд байжээ. Улс орныхоо хувь заяаны төлөө залуу насаа зольж, эцэст нь хөөрхий амиа бусдын гарт алдсан ч шударга чин хүсэл эрмэлзэл нь хэзээ ч нурашгүй бат бэх билээ.

Өдгөө засгийн нэрийг цэврүүтүүлсэн цэвдэгүүд төрийн эрхийг ашиг хонжооны халтар түрийвч, шунал тачаалын хиртэй дэвсгэр мэт сэтгэн аашлах нь хэрээс хэтэрлээ. Гэвч авилгын энэ бузар бүлэглэл нялх, нүд аниатай цоролзон, татвалзаж байхад нь олоод харчихсан аавын хүү ганцхан С. Зориг байж дээ. 1991 онд төр улсынхаа төрхийг сэргээн төрөлх шалтгаанаа ухаарч, хүсэхүйн өчүүхэн сууриас ангижран бултаараа энхжин орших чин хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн хэд хэдэн удаа монголчуудын өнийн ирээдүйн сайн сайханд тулгуур болох улс төрийн хүчин байгуулахаар оролдсон ч хулгайн санаагаа хуйвалдаанд хулдсан зарим замын ноход, тэдгээрийг өөгшүүлэн урхагт дарангуй тогтолцооны сүүдрийг хадгалж үлдэхийг хичээсэн МАХны машины өөдөөс үзэл санаагаараа эрслэн босоод, мухардан ганцаардахдаа “ хүн нэгнээ алах болохоор цусгүй алж чаддаг л юм байна даа...” хэмээсэн ч цуцалгүй шударга, зөв төр, нийгмийн төлөө зүтгэлээ орхиогүй.

Давтагдахуй

Өөрийн гараар үзэглэн үлдээсэн бичвэртээ тэрвээр өдгөөгийн үүсрэн, цумралдах Үндсэн хуулийн өөрчлөлт гэх эх захгүй будилаан эцэстээ ямар уршигт унагахыг урьдчилан харж чадсан ажээ.

“... Улс төрийн өөрчлөлтийн асуудал социалист систем задарснаас хойш ямар нэг жоргүй болсон нь эрх баригчдад нэг талаас бие амар нөгөө талаас хармаагаа тэнийлгэж, үндэсний хөрөнгөтний эгнээнд богино хугацаанд орох тун таатай арга зам болсон тул улс төрийн зогсонги байдалд орох, хэт их эрх мэдэлдээ согтон ардчилсан ололтоос урвах хандлагыг МАХН-ы дээд албан тушаалтнуудын эгнээнд бий болгосон...”

“... УИХ-д ямар нэг хэлбэрээр хуульчлагдсан улс төрийн сөрөг хүчин байхгүй бөгөөд хуулийн төсөл, бусад шийдвэрийг хэлэлцэх, санал хураахад жинхэнэ олон ургальч үзлээр санаа бодлоо уралдуулах нөхцөл үгүйсгэгдсэн. Сөрөг хүчний зургаан гишүүн нийт сонгогчдын 40 гаруй хувийг төлөөлөв ч УИХ-д санал хураалтын үр дүнд нөлөөлөх ямар ч бололцоогүй. Уг нь УИХ бүх ард түмний улс төрийн зориг эрмэлзлийг хууль тогтоох үйл явцад тусгах, улс төр эдийн засгийн тогтвортой хөгжил хувьсгалыг хангах улс оронд тодорхой зөвшлийг бий болгох үүрэгтэй ч харамсалтай нь УИХ дахь хүчний харьцаа, эрх баригч МАХН-ын олонхийн улс төрийн чиг шугамын зөвшилцлыг бололцоогүй болгосноороо хууль тогтоох дээд байгууллагын улс төрийн бололцоог хязгаарлаж, монголын нийгэмд үзүүлэх нөлөөг ихээхэн багасгаж байна.

Үндсэн хуулийн үзэл баримтлалын суурь засаглалын хуваарилалт, түүний салаа мөчрүүд харилцан тэнцвэртэй байх зарчим зөрчигдөж эхэллээ. УИХ, ЗГ-ын хоорондох зааг ялгаа үгүй болж, хоёр гуравхан хүний хүрээнд улс орны хэмжээний асуудал шийдэгдэх байдал үүсч, шүүх засаглал түүний нэгэн салшгүй хэсэг Үндсэн хуулийн цэцийн эрх мэдэл рүү довтлох боллоо...” гэжээ. С. Зориг агсаны томъёолсон улс төрийн тогтолцоог эвдэх замаар дарангуйллыг дасгах аргыг дараах байдлаар тунгааж болохоор.

1. МАХН засагт хэт олонх болох болгондоо бойжиж чадаагүй ардчиллын дархлааг боомилж байсан мэт. Үндсэн хууль руу гар дүрэх бүртээ үндэстнээсээ урвасан хулгайчид цулайсан түүх арвин.

2. Эрүүл нийгмийн амин дархлаа, ардчиллын оршин тогтнолын суурь иргэний нийгмийн дээд төлөөлөл хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлөх нам бүлэг, сөрөг хүчнийг зориуд хүчгүйдүүлэн, самууруулах улмаар дангаар дураараа луйврын бүлэглэл ард түмнийг мөлжин дарлах таатай боломжийг бүрдүүлдэг мэт.

3. Үндсэн хуульт парламентын тогтолцоог нэр төдий хадгалж, засаглах эрх мэдлийг хэн дуртай нь ашиглан юу хүссэнээ хийх улмаар төр, ард түмний хооронд шударга ёсны хэлцээрээр батлагдсан баримт бичиг, Үндсэн хуулийг сахин хамгаалах Цэцийг ашиглан улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд шууд заналхийлэх байдал руу оруулдаг мэт.

С. Зориг агсан цааш нь өгүүлэхдээ “... Дэлхий дахинд хоёр нүүр гарган парламентын ардчиллыг бэхжүүлнэ хэмээн тунхагалдаг ч бодит байдал дээр шууд сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх үүрэг, ардчилсан парламентэд ёсны суурь зарчмууд, Засгийн газрын ил тод тайлагнах зарчим, бие даасан хараат бус шүүх засаглал гэх мэт ардчиллын ололтоос ухарч байнгын хороодын дарга нараар буруу үзэлтэй хүмүүсийг томилох нь улс төрийн хурц хямралдаанд хүргэх аюултайг сануулжээ.”

Мөн дараахь байдлаар хямралаас гэтлэх боломж байгааг дурьдахдаа

1. Сонгуулийн хуулийг яаралтай шинэчлэн батлаж, УИХ, орон нутгийн ээлжит бус сонгууль явуулах, тэнцвэр, хяналтын системийг боловсронгуй болгох

2. Засгийн газрын тайланг ил тод хэлэлцэх

3. Үндсэн хуулийн Цэцийн бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулах үүднээс Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах

4. Хэвлэл мэдээллийн бие даасан чөлөөт байх боломжийг төр дэмжих

5. Хээл хахууль, албан тушаал урвуулан ашиглахтай тэмцэх хуулийг яаралтай батлах

6. Үндсэн хуульд харшилсан хууль тогтоол, аливаа шийдвэрийг даруй хүчингүй болгох

7. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүдийг ил тод байлгах үүднээс мэдээллийн эрх чөлөөний хуулийг батлах

8. Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах, эрх зүйн үндсийг бүрэлдүүлэх арга хэмжээг яаралтай авч, тэдэнд харшилсан хууль тогтоомж, шийдвэрүүдийг ойрын үед хүчингүй болгох.

С. Зориг агсаны 1994 онд “ Улс оронд үүсэн нөхцөл байдал улс төрийн хурц сөргөлдөөн түүнээс гарах арга зам” хэмээх энэхүү гар бичмэлдээ үлдээсэн “тогтолцооны хямрал” сүүлийн 28 жилд 4 удаа ижил арга барил, хуйвалдаан, өнгөлөн далдлалтын доор хоржоонтойгоор түүхчлэн давтагдах гэж байгааг хүн бүхэн сэнхрүүштэй.

Д. ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн бүр, аймаг бүр тус тусын ашиг сонирхолтой. [192.82.88.124] 2022-06-30 14:58:34

Сонгуулийн мажоритар системыг манай УИХ-ын гишүүд буюу Монголын ард түмний төлөөлөгчид л анх сонгосон. Үүнд хорсоод, гонсоогоод байгаа юм уу? Нөгөөтэйгүүр мажоритар систем нь орон нутгийн буюу аймаг тус бүрийн эрх ашгийг илүү сайн илэрхийлж хамгаалдаг. Монгол чинь 18 аймагтай улс, тэдний эрх ашгийг парламентад илэрхийлэх хэрэгтэй. Үүнийг пропорционал систем хангаж чадахгүй. Учир нь нам бүр аймаг бүрт хүрч чадаагүй байгаа. УБ, Дархан, Эрдэнэтийн оршин суугчийн байр суурьнаас бол пропорционал систем дажгүй санагдах байх, харин Дорнод, Баян-Өлгий, Өмнөговь, Хөвсгөлийн оршин суугчдад мажоритар сонгууль илүү хэрэгтэй. Иргэн бүр тус тусын ашиг сонирхолтой байгаа ш дээ, Бид чинь ардчилсан улс биздээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.