М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын Ёс зүй дэгийн дэд хороогоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг авч хэлэлцэх ёстой байсан ч Б.Хэрлэн, А.Ариунзаяа нараас бусад гишүүн хуралдаа ирээгүй тул хойшлов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Ёс зүйн дэг хороо гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал дээр би өөрөө эргэлзэж эхэлж байна. Ганцхан гишүүн М.Нарантуяагийн асуудлыг хэлэлцэж, айлгах, үг хэлэх эрх чөлөөг боомилох мэт үйл ажиллагаа явуулж байгаа нь зөв үү гэдэг асуулт гарч ирж байна. Ер нь энэ бүхэнд эрх чөлөө гэдэг зүйл байх ёстой шүү дээ. Халдашгүй дархан байдал гэж ярьдаг ч энэ нь бодит байдал дээр яг хаана, хэрхэн хэрэгжиж байна вэ?

Гомдол гаргасан гэх 48 хүн үнэхээр зохион байгуулалттай биш юм бол өөрсдөө ил тод гарч ирж, нүүрээрээ мэдэгдэл хийх ёстой. Үнэхээр миний үйлдэл буруу бол УИХ-ын гишүүний ажлаа хүлээлгэн өгөх үү, эсвэл цаашид анхаарах шаардлагатай зүйлс дээрээ ажиллах уу гэдэг асуудал ч бий.

Мөн хүний гар хөл болж, зохион байгуулалттайгаар ажиллаж буй “тролл” хаягуудын үгээр бүхэл бүтэн дэгийн хороог хуралдуулах гэж байгаа нь харамсалтай санагдаж байна. Нөгөө талаас, УИХ-ын зарим гишүүд, томоохон бүлэглэлүүдтэй холбоотой, ар тал сайтай, чинээлэг хүмүүс төрийн албан хаагчдыг Төрийн ордонд, чуулганы үеэр хүртэл хүч хэрэглэн дээрэлхэж, зодож буй мэт үйлдлүүд гарч байна. Энэ бүхэн өсвөр насныханд “хэрэв чи баян, эрх мэдэлтэй бол хэнийг ч дээрэлхэж болно” гэсэн буруу ойлголтыг төрүүлж байна. Ийм асуудал дээр яагаад ёс зүйн хариуцлага нэхдэггүй юм бэ?

Ер нь хуулийн хүрээнд, хүн өөрийн хувийн орон зайд, гэртээ ажлын бус цагаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй юу? УИХ-ын гишүүн болсноор, тангараг өргөснөөрөө хүн байх эрхээ хасуулна гэж үү?

Мөн би гэрийн эзэгтэй, эхнэр хүний хувьд олон үүрэг хариуцлага хүлээдэг. Бараа бүтээгдэхүүн сурталчилж орлого олох шаардлага ч надад бий. Би өөрөө их хэмжээний өр, зээлтэй, түүнийгээ төлөхийн тулд хичээж яваа энгийн нэгэн хүн. Бусдын адил амьдралаа дээшлүүлэхийн тулд орон сууцны зээл авч, хичээнгүйлэн ажиллаж байна. Би бусад зарим УИХ-ын гишүүд шиг хууль бус аргаар хөрөнгөжиж, хулгай хийж амьдрахыг хүсэхгүй. Зөв замаар, хөдөлмөрөөрөө амьдрахыг л зорьж байна

Б.Төгсбаясгалан


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.