Б.Батбаатар: БОУАӨ-ийн сайдаар томилогдсоноор тэр хүний цаг эхэлсэн

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан, ИЗНН-ын дарга Б.Батбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Шинэ Засгийн газар байгуулагдлаа. Таны хувьд энэ удаагийн гүйцэтгэх засаглал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Байгуулагдаад хэдхэн хонож байгаа Засгийн газар дээр байр суурь илэрхийлээд байх юу байх вэ. Хэрхэн ажиллахыг цаг хугацаа л харуулна.

-Энэ удаагийн Засгийн газарт танай нам яагаад орсонгүй вэ. Танайд санал тавьсангүй юу?

-Наадах чинь ерөөсөө Улсын Их хурал дээрх кнопоо л тоолж байгаа ажил шүү дээ.

-Танай намын албан бланктай засагт хамтрахгүй гэсэн бичиг ирсэн гэсэн утгатай зүйлийг Ерөнхий сайд Н.Учрал хэлчихсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Хуулийн этгээд, албан байгууллагын нэрийг барьж, хэн нэгэн хүн бланк дуурайлгаж хэвлээд бичиг явуулах бол хуулиараа хориотой. Бүр Эрүүгийн хариуцлагатай асуудал. Тийм зүйлийг байр суурь гэж хүлээж авах нь өөрөө буруу л даа.

-Тэгэхээр Р.Батболд гишүүний хувьд албан бланк дуурайлгаж хэвлээд Ерөнхий сайд руу бичиг явуулсан зүйл байгаа юм уу?

-Монгол ардын нам ч бай, бусад намуудын албан бланкийг нэг хүн дуурайлгаад бичиг явуулбал тэд хууль, шүүх, цагдаагийн байгууллагад өгч, Эрүүгийн хэрэгтэн болгох нь гарцаагүй. Тэр чинь угаасаа Эрүүгийн хууль тогтоомж зөрчиж байгаа асуудал. Гэмт хэргийн шинж чанартай зүйлийг хийнэ гэдэг чинь угаасаа л болохгүй зүйл.

-Таны тэргүүлж байсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Ц.Сандаг-Очир гишүүн шинээр томилогдсон. Энэ намар СОР-17 Бага хурлыг зохион байгуулна. Шинэ сайдын талаар юу хэлэх вэ?

-Одоо СОР-17 хүртэл 130 хоногийн л зай байна. Тийм болохоор ажиллах л хэрэгтэй. Гайгүй суурийг нь бэлдээд, цэгцлээд өгчихсөн. Тэгэхээр одоо ажиллаж, үр дүн гаргах ёстой. Шинэ сайдын талаар би одоо юм хэлж мэдэхгүй байна. Ер нь зүгээр сайдын ажлыг хүлээж авснаар тэр хүний өөрийнх нь цаг эхэлсэн. Тэр цагаа өөрөө удирдах ёстой. Түүнд нь оролцохгүй. Харин дэмжлэг үзүүлэх шаардлагатай бол тусална. Түүнийгээ ч ёс зүйн хувьд үүрэг гэж ойлгож байгаа.

-СОР-17 Бага хурлаас манай улс ер нь ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Хамгийн багадаа нэг тэрбум ам.доллар, цаашлаад гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад оруулж ирэх ёстой. Урьдчилсан төлөвлөгөөгөөр ингэж явж байсан. Эхний амлалтуудыг аваад эхэлсэн. СОР-17-гоор нийт 800 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулна гэдэг амлалтыг авчихсан байгаа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Т.ДАРХАН


Сэтгэгдэл

Зочин [203.23.199.179] 2026-04-07 10:52:42

Төрд ямар ч хэрэггүй амьтан. Баахан идэж ууж аваад л буух биз дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.