Ардчилсан намын Их хурал өнөөдөр болно
Ардчилсан намын Их хурал өнөөдөр болж, намын дотоод зохион байгуулалт, бодлогын шинэчлэлтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэхээр байна. Тус Их хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, сумдаас сонгогдсон нийт 1800 гаруй төлөөлөгч оролцохоор болжээ. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан намууд дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэ хуульд нийцүүлэн өөрчилсөн. Энэ хүрээнд Ардчилсан нам дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталж, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Үүний дараа гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулж, дотоод сонгуулиа шат дараатайгаар явуулсан. Их хурлаар дотоод сонгуулиар сонгогдсон анхан болон дунд шатны удирдлагуудыг батламжлахын зэрэгцээ намын удирдах дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийг тодруулах юм. Мөн Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинээр сонгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлснээр, уг Их хурлаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцэх боломжтой гэх мэдээлэл байна. Энэ удаагийн Их хурал нь Ардчилсан нам байгуулагдсаны 36 жилийн ойтой давхцаж буй бөгөөд “Нээлттэй, цэгцтэй нам” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Э.ТҮВШИН



































































Сэтгэгдэл