Түүхээсээ суралцаж уламжлалдаа тулгуурлан хөгжих нь

Aдмин / Нүүр

Аливаа колоничлогчид буурай орныг ноёлохдоо өөрсдийн гарыг шууд дүрэн, харгис нөлөөллөө аймшиггүй тогтоохын тулд сул дорой, эрх мэдэлд дуртай, шунамгай сүүдрийн улс төрчдийг ашиглаж тэднээр үндэсний үзэлтэй, тэргүүлэх сэхээтнүүд, улс төрийн зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлэн мохоох, улмаар үйл хэрэг, үзэл санаа нь газар авахаас эмээн хороодог түүх давтагдсаар иржээ.

Нэгэн тод жишээ нь 1921 оны ардын хувьсгалаар тогтсон БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, Аж ахуйн яамны сайд ( 1924-1925), Дотоод яамны сайд, (1926-1927), Ерөнхий сайд (1928-1939) асан Анандын Амарыг их гүрний харалган, харгис бодлогыг даган, хүлцэгч улс төрийн бүлэглэл, тодруулбал Х. Чойбалсан түүний тойрон хүрээлэгчид “ урвагч, эсэргүү” нэр зүүлгэн гүтгэсэн явдал юм. “ А. Амар Монголын товч түүх 1990” номын оршилд эрдэмтэн түүхч А. Очир гуайн өгүүлэх нь:

...1939 оны гуравдугаар сарын долооны МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хуралд, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д. Лувсаншарав “ Амарын нам бус явдлын тухай” илтгэл тавьж, “... А. Амар бол ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчдөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан бөгөөд өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв. Тус орны нам, аж ахуй, соёлын байгууллагын ажилд гарсан дутагдал нь Амарын үйл ажиллагаанаас болсон...” гэхчлэн түүнд хамаг нүглийг чихэхийг оролдон давшилсныг Х. Чойбалсан дэмжин “Ийм өнгөө будсан, дотор нь харласан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэнд, түүнчлэн тэргүүлэгчээр нэг цаг нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино. Ерөнхий сайдын тушаалаас шууд хаяваас таарна” гэжээ.

Уг хурал дээр А. Амар “ Надад ийм аюултай мөндөр ирж, ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхдүүд намайг хаяж таягдах болжээ. Нэгд, феодалын үр хүүхэд би өөрөө бэйс зэрэгтэй явсан тул өдгөө ангийн тэмцэл гарч, хувьсгал хөгжихөд багтаах газаргүй, гишгэгдэн хаягдахад гомдох газаргүй. Хоёрт, Нөхдөөс эсэргүү нартай холбоотой хэмээн үздэг юм уу, аль эсвэл эсэргүү нараас ноцдогоос... намайг хардах ахул би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй... Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна. “ гэжээ. Мөн өдрийн орой БНМАУ-ын XXII бага хуралд Х. Чойбалсан “ Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай” илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд “ Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноос урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрийн эсэргүүцэл учруулж, үнэ хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүргэсэн” хэмээн заагаад ялтны ширээнд шилжүүлэн мөнхүү хурлаас Х. Чойбалсан Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд болжээ. Үүний дараа А. Амарыг ЗХУ-д хүргүүлэн И. В. Сталины шадар этгээдүүдээр “ хэргийг нь шалгуулж 1941 оны долдугаар сарын 10-нд цаазаар аваачжээ. А. Амар эцсийн мөрдөн байцаалтад өөрийнхөө ямар ч гэм буруугүйг нотлоод “өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл, Үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямар ч бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огт биш... гэж өчжээ.

А. Амар: “ Үндэсний эрх чөлөө хэмээх нь чухам өөрийн улс төр, өөрийн газар шороондоо бүрэн эрхтэй эзэн нь болж чадаад өөрийн үндэсний зан суртлаа дагаж, бусад ямар ч этгээдийн хавчилтгүйгээр өөрийн хэргийг өөрсдийн аль тохиролцож болох заншил байдалдаа зохицуулан явуулж чадах эсэхэд харгацах бөгөөд бусдын эрх мэдэл,засалт удирдлагын доор орох аваас хэзээд өөртөө эрх жаргал байхгүй болно” хэмээсэн нь түүний эх орныхоо төлөөх чин халуун сэтгэлтэн төдийгүй “Монголын товч түүх” хэмээх бүтээл нь өдгөө ч үнэ цэнээ алдаагүйн дээр Монголчуудын үүсэл гарваль, Чингис хааны байлдан дагуулалт, бодлого, үйл ажиллагааг судлан өөрийн үнэлэлт, дүгнэлтийг илэрхийлснээрээ судлаачдын чиг баримжаа болж чаджээ. Ийм эрхмийг улс төрийн хилс хэрэгт гүтгэн, хороолгосон нь юутай харамсалтай. Улс орныхоо төлөөх халуун сэтгэлийг нь жинхэнэ урвагчид харлуулан гүтгэсэнд ихэд ганцаардан, цочирдсон нь түүний ...Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна... гэж халаглан өгүүлснээс илт ажиглагдах аж.

А. Амар төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд шударга ёс нэвтрүүлж, аливаа хэргийн мөн чанар, түүний гарсан нөхцлийг сайтар судалж шийдвэрлэхдээ ямагт бодитой хандаж, төр, хуулийн хүмүүжүүлэх үүргийг өндөрт тавихыг чухалд үздэг. Намаас тус орныг хөрөнгөтний бус замаар жолоодон, шинэ боловсрол, соёл хөгжүүлэхдээ өөрийн хуучин соёлын өвд тулгуулахаас гадна дэлхийн дэвшилт соёлоос сурахыг ч үгүйсгээгүй нь үндэсний консерватив үзэлтэн байсныг нотлох ажээ.

Өдгөө Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, эрх чөлөөт нийгэм тогтсон ч хүн бүхэн эрх тэгш боломж эдлэн амьдрах хувь заяа хараахан бүрэлдээгүй нь харамсалтай. Түүхийг мушгин гуйвуулж, оюун санааг бүдгэрүүлэн, үндэсний дархлааг эрлийзжүүлэх харийн бодлогод тасралтгүй сульдсаар ахул монгол гэх нэр л үлдэх аюул ойрхон. Одоо биднийг юу аврах вэ? Үндэсний эв нэгдэл, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, өөрсдийн эрх чөлөөнд сэргэмжлэх хүн бүрийн хүчин зүтгэл, ухаарал сэхээрэл хэрэгтэй мэт. Монголчуудын нэгдэл улс төрийн томоохон хоёр нам өөр өөр үзэл баримтлалд хуваагддаг. Нэгийг нь оргүй устгаж, нөгөөд нь төр бариулах харийн неоколонизмын аюул аль хэдийн аянгын хар үүл мэт нөмөрснийг хүн бүр сэнхэрсүгэй. Ардчилсан намын дарга Х. Баттулга гишүүдээрээ батламжлагдсан даруй үндэсний консерватизмыг тунхагласан нь цаанаа ямар нарийн учиртайг өгүүлэхэд

Нэгэн зүйл: Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсан үндэсний уламжлалдаа тулгуурлан шинэ хөгжлийн бодлого тодорхойлох замаар улс орон хөгжин дэвших гарцыг аль эрт олж харан: “Төр улсынхаа төрхийг сэргээн төрөлх шалтгаанаа ухагтун, хүсэхүй сууринаас ангижран магад оршихуйг баригтун”... хэмээн өөрийн гар бичмэлдээ үлдээсэн ажээ. Үүнийг ухваас уламжлалдаа суурилан хүчирхэг төрийн төрхөө сэргээн, хувийн эрх ашиг бус улс, үндэстнийхээ оршихуйг урьтал болгохыг захисан гэмээр аж.

Нэгэн зүйл:

Санжаасүрэнгийн Зоригийг харамсалтайгаар амь насаа алдахад монголчуудын зориг итгэлийн гал бөхөх шахсантай зэрэгцэн өсөхийн өлөн нь өтөлтлөө дарагдаагүй эрлийз, харь сэтгэлтнүүдийн гайгаар хүн амын дийлэнх нь ядуу амьдарч, эдийн засгийн эрх чөлөөг зүүдлэн хүлээх хүртлээ доройтжээ. Харин төрийн тогтолцоог мафижуулж, харийн нөлөөлөлд автсан цөөхөн улс төрчдийн гайгаар Ардчилсан нам тогтсон зөв үзэл баримтлалгүй, дүрэм байсан ч мөрдөх боломжгүй удсан нь либерал үзлийг хуулбарлан даган дуурайснаас гажуудсан тогтолцооны нэг хэсэг болжээ.

НЭГЭН ЗҮЙЛ: Монгол хүн гэдгээ танихгүй болтлоо самуурсан, үндэстнийхээ бахархал, сэтгэлгээний дархлааг алдаж, гэр бүлийн гишүүд нэгнээ хүндлэх уламжлал тасарч, нийгмийн бүх хэсгүүд үүсрэх, хямрах байдал руу орж, гаднаас нь харахад тайван, хөгжингүй юм шиг ч дотроо ялзарлаа. Залуучууд өөрийнхийгөө гадуурхаж, өрөөлийн хүйтэн, хөндий соёлыг шүтдэг болсон нь ирээдүйд хортой төдийгүй үндэсний аюулгүй байдалтай шууд урвуу хамааралтай. Эдийн засаг уул уурхайгаас бүрэн хараат, Хятадын колони маягийн дагуул, нийлүүлэгч зах зээл монголчуудын эрх чөлөөг улам боомилох арга хэрэгсэл юм. Манж Монголыг дарлахдаа үндэсний үзлээрээ манлайлсан эх орончдыг алах, хавчих, үр үндсийг таслах хүртэл харгисаар мохоож залхаан цээрлүүлээд зогсохгүй монголын баялгийг хуйгаар нь цөлмөсөн. Дараа нь улаан коммунизм мөн л эх орончдыг талж, эрдэмтэн мэргэдийг хядаж байгаад 70 жил мөлжив. Монголоос өөр үндэстэн ор мөргүй устгах энэ ээлжилсэн талхилцалд тэсэж үлдсэн шалтгаан нь бидний уламжлалт ахуй соёл, үндэсний дархлаа. Аав, ээж, гэр бүлийн гишүүдээ тэжээх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үүрэг, үр хүүхэд нь эцэг эхээ хайрлах, эх орноо хайрлах, байгаль дэлхийгээ шүтэх, ахуйгаа тордох гайхамшигт тогтсон уламжлалын хууль биднийг өдий хүртэл чирчээ. Харин одоо юмс гэрлийн хурдаар өөрчлөгдөн уламжлал руу тал талаас нь сөрөн дайрч, мэрэх, талцал хэрүүлийн тамын зовлонд өртөцгөөлөө. Энэ бол ердөө л цагаачдын хэрэгжүүлсэн цоо шинэ колонизм буюу либерализм нөмөрч, дээрэм хийж гаршсан барууныхны гай. Тэдний ойлголтоор хэнд ч эх орон гэж байхгүй нэг дэлхий дээр улс хүн бүр нэг л улс шиг амьдрах ёстой гэх төдийгүй бүр давраад элдэв ТББ-ын нэрээр халхавчлагдсан ижил хүйстнүүдийн нэгдэл, цугларал, залуусын сэтгэлгээнд хор цацаж, удмын санг мөхөөх оролдлого газар авчээ. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, элдэв гаж соёлд автах, хүмүүнлэг бус хэрцгийлэлд дулдуйдах үзэгдлийг даган дуурайх хандлага нөмөрсөн нь аюулын харанга дэлдэж байна.

НЭГЭН ЗҮЙЛ: Аливаа юм бүхэн эерэг, сөргөөс бүтэж гэмээн орших агаад өргөжин тэлэх, тэсч үлдэх, буурах, мандах бүхий л ээдрээг туулна. Үндэстний түүх, тусгаар тогтнол бол сүйрлийг удаашруулах амин дархлаа, архивын баримт. Ийм ч учир дэлхийн томоохон улс төрчид өөрийн үндэстний соёлыг өргөн хүрээтэй сурталчладаг. Дэлхийд гагц нүүдэлчин үндэстний төрийн голомт, туурга тусгаар Монгол улс ч одоо сэрж хүн бүр тусгаар тогтнолоо манах цаг иржээ.

“Монголын консерватив үзэл гэж юу бэ?

“...Монголын консерватив үзэл гэдгээр Монгол улс транснационал буюу үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж түүндээ тулгуурлан дэлхийн эдийн засгаас томоохон хувь эзэмших, Монгол улсыг дэлхийн топ улсын жагсаалтанд дээгүүр байр эзлүүлэх тухай хэлж байна. Яг л 13-р зууны Эзэнт гүрний институттэй адилхан. Даяарчлалд Монголын консерватив үзэл дэлхийн бусад улс оронтой явуулах улс төрийн идеологи болох ёстой. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрэн даяарчилсан улс төрийн бодлоготой хил, хязгаар хамаарахгүй үндэстэн дамнасан эдийн засагтай байж чадсан учраас хүчирхэгжсэн юм. Тиймээс тэр хэлбэрийг авч үлдэн орчин үетэй хослуулж чадвал даяарчлалын том давалгаанд Монгол улс тэсч үлдэнэ. Цаашлаад даяарчлалын дараагийн том давалгааг үүсгэх боломж ч нээгдэх болно...”

“...Монгол хүн бүрийн оюун ухамсрын гүн дэх хүсэл зоригийг шинэ либералчууд илэрхийлж чадахгүй учраас нийгэмд үзэл санааны дахин засвар хэрэгтэй. Илүү боломжтой нь илүү ихийг хүртэж, гагцхүү хувийн эрх ашгийг төлөөх мөнхийн тэмцэл, өрсөлдөөн, сөргөлдөөн дунд орших уу? гэдэг асуултад нэг мөр хариулт өгч хаах ёстой.

Дэлхийн олон улс орнуудад ёс суртахууны хэм хэмжээ, хүнлэг ёсны талаарх ойлголт дахин сөхөгдөн үндэсний уламжлал, үндэсний ондоошил, соёлын ялгааг арилгах оролдлогууд идэвхжиж байна. Нийгэмд космополит-либерал үзэл санааны нөлөөгөөр сайн, мууг ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөх хандлагыг тулган шаарддаг, уламжлалт үнэт зүйлсийг устгах оролдлогууд сөрөг үр дагавартай төдийгүй олонхийн баримтлах хэв маяг хэм хэмжээг үл тоосон хийсвэр санаагаар ардчиллыг үгүйсгэх уршигтай.

Иймд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёл иргэншил, оюуны болон ёс суртахууны үндэс суурийг эрхэмлэх, гэр бүлийн ариун харилцааг дээдлэх, хувийн өмчийг хамгаалах нь монгол хүн бүрийн язгуур эрх ашигт нийцнэ...”

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэж Монгол үг бий. Шинэ зууны хөгжил дэвшилтэй мөр зэрэгцэх нь чухал ч язгуур эрх ашиг, үндэстний онцлог шинж чанар, эрх чөлөө, эв нэгдэл,тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд уламжлалт оршихуйн гүн ухааны тайлал, төрт ёсны ухаан хэрэгтэй.

Хятадыг эзэрхийлсэн хоёр л үндэстэн бий. Манжаас ялгаатай нь Монголчууд 1271 оноос 1368 он хүртэл 100 шахам жил Хятадад ноёлохдоо өөрсдийн соёлоо хэвээр нь авч үлдсэн нь ахуйн онцлог, өвөрмөц уламжлалтай холбоотойг түүх, судлаачид тэмдэглэдэг. Өдгөө үндэсний үзлээ дээдлэх чиг шугам нь биднийг даяарчлалын шуурганд дэлхийд ганц нүүдэлчин үндэстнээрээ ялгарч үлдэх боломж, гарц мөн. Монголын үндэсний консерватив үзэл санаа бол түүх, улс төр, эдийн засаг, соёлын чухал ач холбогдолтой юм.

Д. ЭНХБАТ

Ишлэл:

1. Б. Янжинлхам “ Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” УБ 2012

2. А. Амар “ Монгол товч түүх” УБ 1990

3. Б. Үнэнбат “ДАЯАРЧИЛСАН ДЭЛХИЙ ДЭХ МОНГОЛЫН БАРУУНЫ УЛСТӨР” нийтлэл

4. С.БАТ-ЭРДЭНЭ “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОНСЕРВАТИВ ҮЗЭЛ САНАА БА

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ” нийтлэл


Сэтгэгдэл

зочин [64.119.18.189] 2022-07-05 00:42:19

Монголын ба Монголчуудын яг үнэн бодит түүх хаана байна вэ? оросуудын зохиосон түүх л байгаа биз дээ? Цэцэрлэгээс нь эхлээд Монголын яг үнэн бодит түүхийг хүүхдүүдэд хэлж зааж сургаасай, ойлгуулаасай. Монгол хүн үеийн үед, үрийн үрд Монголоороо байгаасай, Монголоороо үлдээсэй.

bid gadniihan orood irbel hamgaalah zebseg tehnik baigaa biluu?... [148.60.92.227] 2022-07-04 16:59:02

Hyatadyyd Mongoliin ezent gyrnii tyyhiin ylmaas hegjij baigaa s dee!!!heregjyyleh zeb siidberyyd bol Mongolchyydiin ylamjlald baigaa yum!getel ylamjlalaan ystgaj Amerik mayagiin gadniihaniig dyyriabal asar hyrdan senene,yagaad gebel gadaadiinhaniig dyyriah herenge menge odoohondoo Mongold togtoj chadaagyi bna!

Үнэн юм бичжээ. Ингэж сэтгэж чаддаг хүмүүс м [77.249.65.151] 2022-07-04 15:00:20

Маш зөв сэтгэж бичжээ.. Манай монголчууд Чингuс гэсэн нэрнээс хэтэрдэггүй. Өөрөөр хэлвэл түүхээ судалж мэдээгүй хүмүүс байдаг. Зөвхөн хэлбэр хөөж амьдрах нь хүн таны үнэ цэнийг маш ихээр бууруулдаг аа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.