“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Н.Учралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн мэдүүлэв.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварыг тогтоох, зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч тодотголоо. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 95 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлдэг.

Өнгөрсөн 12 дугаар сард УИХ, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Холбооны бусад гишүүн орнууд хэлэлцээрийг баталснаар автомашины бензиний гаалийн татвар тэглэгдэнэ гэдгийг салбарын сайд онцолж байв. Хэлэлцээр хэрэгжиж эхлэх хүртэл, мөн Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний хүрээнд энэхүү тогтоолын төслийг санаачилжээ.

УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор шатахууны гаалийн албан татварын хэмжээ 5 хувь байсныг тэглэсэн бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар түлш, шатахууны борлуулалтын үнийн өртөг мөн хувиар буурах ач холбогдолтойг төсөл санаачлагч хэллээ. Тухайлбал, одоо борлуулж байгаа Аи-92 шатахууны гаалийн албан татвар тонн тутамд 125,633 төгрөг бөгөөд гаалийн албан татварыг 0 төгрөг болгосноор литр тутамд үнэ 106 төгрөгөөр багасаж, 57 төгрөгийн ашигтай болно гэж тооцсон байна. УИХ-ын тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд тогтоолын үйлчилж эхлэх болон хүчин төгөлдөр байх хугацааг тус тус нэмэлтээр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.