Иргэдийн олонх авлигын асуудалд анхаарах ёстой гэж үзжээ

Aдмин / Эдийн засаг

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Олон нийтийн санал бодлын судалгааг явуулж, өчигдөр үр дүнг танилцууллаа. Тус судалгааг энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 26-ны хороонд зохион байгуулж, Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны 2500 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулжээ. Ингэхдээ компьютер, утсаар  ярилцлага хийх аргаар судалгааны мэдээллийг цуглуулсан байна. Судалгаагаар улс оронд тулгамдаж буй тэргүүн асуудал, сонгуулийн тогтолцоо, засгийн газар, улс төрийн нам болон бусад институцүүдийн талаар олон нийтийн санал бодлыг судалснаас гадна авлига, мэдээллийн эх сурвалж, улс төр, нийгмийн үнэт зүйлс болон хувь хүний эрх чөлөөний талаарх иргэдийн байр суурийг тандаж судалжээ.
Судалгааны үр дүнгээс онцлон танилцуулахад, иргэдийн олонх улс орны эдийн засаг, авлигын асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Нэн ялангуяа улс оронд тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын талаар асуухад дийлэнх нь эдийн засагтай холбоотой асуудлуудыг нэрлэжээ. Тухайлбал, хамгийн олон дурдагдсан гурван хариултад үнийн өсөлт, амьжиргааны өртөг гэж иргэдийн 58 хувь, ажилгүйдэл гэж 26 хувь, эдийн засгийн бусад ерөнхий асуудлууд гэж 14 хувь нь хариулжээ. Өнгөрсөн онд явуулсан санал асуулгад иргэдийн 34 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ, цар тахлыг Монголд тулгамдаж буй хамгийн чухал асуудлууд хэмээн нэрлэж байсан бол энэ жилээс эдийн засгийн асуудалд санаа зовниж эхэлжээ.


Түүнчлэн иргэдийн 74 хувь нь авлигыг маш ноцтой асуудал гэж үзсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх институцүүдэд итгэх итгэл нэн доогуур байгааг судалгааны үр дүнгээс харж болохоор байна. Иргэдийн 64 хувь нь Авлигатай тэмцэх газар, 66 хувь нь шүүх байгууллага, 62 хувь нь Улсын их хурлын талаар сөрөг хандлагатай байдгаа илэрхийлжээ.


Мөн төр засгаас гарч буй шийдвэрүүдэд энгийн иргэд нөлөөлөх боломжтой юу гэх асуултад 80 хувь нь нөлөөлөх боломжгүй хэмээн хариулжээ. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Жоанна Као “Монголчууд өнөөгийн эдийн засгийн байдал, авлигатай тэмцэх төр засгийн хүчин чармайлтад сэтгэл дундуур байгааг судалгааны үр дүн тод харуулж байна” гэж тэмдэглээд, “Сонгуульт албан тушаалтнууд эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх илүү дорвитой арга хэмжээг түргэн авах шаардлагатай” гэв.  Түүнчлэн,иргэдийн 67 хувь нь ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар гэж үзсэнийг судалгааны үр дүн онцлов.


Жоанна Као энэ талаар “Монголын ард иргэдэд тулгамдаж буй асуудал нэлээдгүй бий ч иргэдийн дийлэнх олонх нь ардчилсан засаглалд итгэл хүлээлгэж буй нь олзуурхууштай. Хариуцлага, ил тод байдал, улс төрийн үйл явц дахь олон талт байдлыг нэмэгдүүлснээр төрөөс улс орны хөгжлийг зөв замд нь чиглүүлэхэд томоохон түлхэц болно” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

зочин [192.82.68.86] 2022-08-13 11:51:02

энэ авилга пирамид хэлбэрт орсон. авилгад ээлтэй орон болсон.

зочин [66.181.182.35] 2022-08-13 09:43:13

Монголоор дүүрэн ажлын байр байна,, ажил хийцгээ, эрт босцогоо за .

Зочин [192.82.85.54] 2022-08-13 07:09:56

Энэ бол өнгөн үзэгдэлийн жагсаалт болжээ. Үндэс ёзоороос нь авч үзэвл ХАРИУЦЛАГА, ШУДРАГА ЁС хамгийн их үгүйлэгдэж байна

Зочин [188.162.254.24] 2022-08-13 05:53:39

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [192.82.85.54] 2022-08-13 07:07:33

Огцруулах, тараах өвчинөөсөө салая!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.