“Цахилгаан бараа” гэсэн ангиллаар хил, гаальд мэдүүлдэг электрон тамхийг зохих ангилалд оруулахаар ажиллаж байна гэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов.
Т.Мөнхсайхан сайдын мэдээлснээр, 2022 оноос хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байгаа аж.
Эрт илрүүлгийн дүнгээр 1.4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна. Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, 9.8 хувь нь шээс, бэлгийн, 7.4 хувь нь зүрх судасны, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд байна. 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулсан үзлэг шинжилгээнд нийслэлийн 40.753 хүүхдийн 90, орон нутгийн 38.728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд шүдний цоорол нийслэлийн хүүхдүүдийн 79.3 хувь, орон нутагт 71.0 хувьд, харааны өөрчлөлт нийслэлд 20.4, орон нутагт 15 хувьд нь илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотын хүүхдүүдийн 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ.
Эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үүднээс цаашид ургийн хромосомын гажиг, нярайн цогц эрт илрүүлэг-скрининг, сургуульд, ажлын байранд суурилсан болон хорт хавдрын гэсэн чиглэлээр явуулахаар ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв.
“Дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг Засгийн газар 2023 онд шинэчилж, 0-15 насны хүүхдүүдэд 13 халдварын эсрэг есөн төрлийн вакцин хийж буй бөгөөд энэ сарын байдлаар улсын хэмжээнд нийт 50.000 хүүхдийг хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна.
Эрүүл мэндийн яамнаас 2024 онд “Хүн амын хоол тэжээлийн Үндэсний VI судалгаа” хийжээ. Судалгаагаар Д аминдэмийн дутал тав хүртэлх насны хүүхдийн 48 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 76 хувь, цус багадалт тав хүртэлх насны хүүхдийн 21.3 хувь, эхчүүдийн 16.3 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 22.3 хувь, төмөр дутал 6-59 сартай хүүхдийн 6.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 13.6 хувьд илэрсэн байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа нийгмийн сэтгэл зүйн үйлчилгээг бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгэн адил төвлөрсөн байдлаар үзүүлж байгаа учир дутагдалтай тул аймаг, дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байгааг онцолж, эхний ээлжинд Хан-Уул дүүрэг, Өмнөговь аймагт жишиг төвүүд байгуулагдсаныг мэдээлэв.
Салбарын сайд сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эмэгтэйчүүдийн тамхидалт маш их нэмэгдсэнийг статистик мэдээ татан өгүүллээ. Электрон тамхи хор хөнөөлгүй, утаат тамхинаас гарахад тусална гэж сурталчилж байгаа, утаат тамхины хэрэглээ буураагүй, “Цахилгаан бараа” гэсэн ангиллаар хил, гаальд мэдүүлдэг электрон тамхийг зохих ангилалд оруулахаар ажиллаж байгаа аж.
Мөн Боловсролын яамтай хамтран эрүүл мэндийн боловсрол олгогч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулж, анги нээн, эхний 30 оюутныг элсүүлсэн талаар танилцуулав.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд салбарын нийт төсөв санхүүжилтийн 5.0 хувь нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулагдаж байгааг мэдээлж, 44000 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ердөө 2.8 хувь нь энэ чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа. Тэрбээр аймгуудад зоонозийн төвүүдийг түшиглэн Нийгмийн эрүүл мэндийн төвүүд байгуулахаар ажиллаж буйг танилцуулж, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Guest [202.55.191.194] 2025-05-28 10:56:11
Device нь байхаа, яг тамхи нь биш
Гааль, татвар, эрүүл мэндийнхний нүд нээгдлээ гэнээ. [66.181.160.32] 2025-05-28 10:07:19
Чухамхүү ӨНӨӨДӨР Л электрон тамхи хортой гэдгийг мэдчихэж гэнэдээ. Сүүлийн 4-5 жил чих нь дүлий, нүд балай байсан юм байхаа. Гэтэл импортлогч зальт этгээдүүд "мэдэхгүй байхад нь" цахилгаан бараа гэсэн нэрээр ӨЧНӨӨН электрон тамхи Монголд оруулчихаж гэнээ. Гаалийнхан, таварынхан, эмч нар үүнийг мэдэхгүй байсан гэнээ. Шаал итгэмээргүй байгаа биз? Одоо тэгээд чухамхүү шинэ журмаа боловсруулж салбарууд хоорондоо зөвших гэж 1-2 жил болно, харж л байгаарай.