Дэлхийн шуудангийн салбарын гол бодлогыг тодорхойлогчид Улаанбаатарт чуулж байна

Aдмин / Технологи

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр (2025 оны зургадугаар сарын 30) Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо (APPU)-ны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) албан ёсоор "Туушин" зочид буудалд эхэллээ.

Долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус хуралд бүс нутгийн 32 гишүүн орны шуудангийн байгууллагын удирдлагууд, бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд, ажиглагчид, харъяа агентлагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох чухал бодлогын уулзалтуудад оролцож байна.

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Монгол Шуудан” ХК хамтран зохион байгуулж буй юм.

Уулзалтын хүрээнд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх ажээ. Үүнд:

  1. Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги
  2. Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд
  3. Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт
  4. Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил
  5. Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд багтсан байна.

Уулзалтын төгсгөлд гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны зарчим, хөгжлийн стратегид нийцсэн бодлогын баримт бичгүүд гаргахаар төлөвлөжээ.

"ТӨР, ЗАСГИЙН УДИРДЛАГУУД, БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ НАРТАЙ
ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТУУД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН"

Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал эхэллээ

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.ТЭЛМЭН:

-Өнөөдрийн хурлын гол зорилго, хүлээж буй үр дүнгийн талаар ярихгүй юу?
-Монгол Улсад энэ удаагийн хурал зохион байгуулагдаж буй нь зөвхөн “Монгол Шуудан”-гийн төдийгүй манай шуудан, логистикийн салбарын нийт хөгжил, олон улсын түвшний хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Бид бүс нутгийн түвшинд интеграц, инновацын шийдлийг дэмжсэн, уялдаа холбоотой ирээдүйг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

Ази, номхон далайн бүс нутгийн гол шуудангийн байгууллагын төлөөлөгчид шуудангийнхан, харъяалах яамд, зохицуулагч байгууллагуудын төлөөлөл гээд 20-иод орны 70 гаруй оролцогч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж биеэр оролцож байна. Дээрээс нь энэ таван өдрийн хуралд жижиг арлын орнууд гэх мэтчилэн 30-аад орны төлөөлөгч онлайнаар, нийтдээ 50 орны 100 гаруй төлөөлөгч энэ хуралд оролцож байна. Шуудангийн салбар дан ганц Монгол Улсад биш, дэлхий дахинд шинэ шинэ сорилттой тулгарсан.

Яагаад вэ гэхээр уламжлалт захидал харилцаа холбооныхоо үүргийг гүйцэтгэхээ больсон. Тэгэхээр цахимжсан энэ дэлхий ертөнцөд шуудангийн байгууллага ямар үүрэгтэй оролцох вэ, шинэ тутамд гарч ирж буй технологи, инновацийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг дээр илүү төвлөрч, энэ хурлын хүрээнд ярилцаж байна.

Хамгийн гол нь, есдүгээр сард дэлхийн шуудан холбооны байгууллагын 192 орны том чуулган болдог. Энэ нь дөрвөн жил тутамд шуудангийн салбар ямар стратегитэй явах вэ гэдгийг тодоррхойлдог хурал байдаг. Түүний өмнө болж байгаа хамгийн том хурлын нэг нь Монгол Улсад, Улаанбаатар хотод болж байна гэсэн үг.

Дээрээс нь Ази, номхон далайн шуудангийн холбоо бүс нутаг болон дэлхийн шуудангийн зах зээлийн 70 хувийг дангаараа хангаж байдаг. Тэгэхээр энд дэлхийн шуудангийн гол бодлогыг тодорхойлох гол хүмүүс хүрэлцэн ирсэн байна гэж ойлгож болно.

-Монгол Улсын шуудангийн салбарын хөгжил ямар түвшинд явна вэ? Цаашид бодлогын түвшинд ямар ямар арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэж та боддог вэ?

-Дэлхийн шуудангийн холбооны байгууллагаас жил болгон дөрвөн үзүүлэлтээр үнэлгээ гаргадаг. Монгол Улс 192 орныхоо 66-д явж байна. Тийм сайн биш ч муугүй явж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн, цахимжилт дээр нэлээд анхаарсан. Гэтэл цахимжилтын ар талд байдаг нэг зүйл нь иргэд, харилцагчид өөрсдийнхөө иргэний, жолооны үнэмлэхийг, дээрээс нь шаардлагатай үйлчилгээг цахимаар авах сонирхолтой болсон. Түүнийг хэн хүргэх вэ гэхээр энэ биет сүлжээ болох үндсэн буюу үндэсний шуудан сүлжээ зайлшгүй байх ёстой.

Бид харилцаа холбоогоо дижиталаар орлуулах боломжтой боловч бидэнд шаардлагатай биет бараа бүтээгдэхүүн, солилцоо зайлшгүй байж байдаг гэдэг утгаараа шуудангийн байгууллага зайлшгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар шуудангийн салбар луу анхаараагүй. Бид энэ жилээс анхааралд нь оруулахаар, энэ нь өөрөө яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулахаар эдгээр хурлуудыг хийж байна.

Хурал хийхээс гадна төр засгийн удирдлагуудтай, бодлого тодорхойлогч нартай хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, бусад орнууд шуудангаа хэрхэн бэхжүүлж, хөгжүүлж байна вэ, бодлогын түвшинд ямар дэмжлэгүүд байдаг вэ гэдгийг ойлгуулах уулзалтууд хийх юм.

"БИД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЯВУУЛСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХААНА ЯВААГ
ХАРАХ БОЛОМЖТОЙ СИСТЕМ НЭВТРҮҮЛСЭН"

Австралийн шуудангийн Олон улсын харилцаа хариуцсан захирал БАВАНА ПАТЕЛ:

-Ази, номхон далайн шуудангийн холбооны Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлын гол ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн хэмжээнд шуудангийн системээ хэрхэн сайжруулах, байгаль орчинд ээлтэй байдлаар хэрхэн илүү сайн ажиллах вэ гэдэг сэдвээр голчлон ярьж байна. Бид байгаль орчинд хэрхэн ээлтэй байх вэ гэдэг асуудалд анхаарал хандуулж, Засгийн газартайгаа илүү нягт хамтран ажиллаж байна.

-Австралийн шуудангийн салбарт шинээр ямар шинэ ноу хау, шинэлэг үйлчилгээ нэвтрээд байна вэ?

-Австралийн шуудангийн үйлчилгээнд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж маш чухал. Тэр хүнд юу таалагдаж, юу таалагдахгүй байна, юу хэрэгтэй байгааг ойлгож, үйлчлэхийг хүсдэг. Бидний үйлчилгээ үзүүлээд явуулсан бараа, бүтээгдэхүүн хаана явааг харах боломжтой систем нэвтрүүлсэн. Австрали том газар нутагтай учраас сүүлийн хэдэн жил шуудангийн сервисээ сайжруулах, орчин үетэй хөл нийлүүлэн алхах тал дээр ажиллаж байна. Бид өөрсдийн туршлагаас хуваалцахаар энд ирээд байна.

-Австраличуудын хувьд онлайнаар захиалга түгээмэл өгдөг үү, эсвэл шуудангийн амьд харилцааг илүүд үздэг үү?

-Онлайнаар захиалга өгөх нь элбэг ч хүмүүсийн дийлэнх нь салбар дээр их очдог. Харин бизнес эрхлэгчид онлайныг түлхүү ашигладаг. Гэхдээ голчлох нэг үйлчилгээ нь шуудангийнхаа сайт руу ороод, ийм ачаа байна гээд өөрийн болон очих газрын мэдээллийг урьдчилж оруулаад, дараа нь салбар дээр очоод, мэдээллийнхээ дагуу илгээмжээ өгөөд явуулдаг гэсэн үг. Тэгэхээр илүү цаг хугацаа хэмнэж, үйлчилгээг хурдан болгож байгаа юм.

May be an image of 5 people, suit and text

1 хүн ба хөшөө дурсгал нарын зураг байж магад

APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой. APPU нь гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000