Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийн хүрээнд 119 ортой эмнэлэг барина


Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж буй. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд юм байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж буй. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ.
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа “Зүрх судасны үндэсний төв” төслийн талаар хэлэлцэж, энэ хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байгаа аж. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл