Путин, Ши Жиньпин нар ирэх есдүгээр сард түүхэн ач холбогдолтой уулзалт хийнэ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын удирдагч Ши Жиньпин нар есдүгээр сард түүхэн ач холбогдол бүхий, хоёр улсын харилцаанд хүчтэй түлхэц өгөх уулзалт хийх гэж байгаа талаар БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуэй ТАСС агентлагт өгсөн ярилцлагаараа дамжуулан мэдэгджээ.

Хятадын Элчин сайд "ОХУ болон БНХАУ-ын удирдагчдын уулзалт хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгнө" гэж хэлсэн байна.

Тэрбээр "Есдүгээр сард, энэ намрын алтан цаг үед Бээжин хотод Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд байгуулсан ялалтын 80 жилийн ой болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ болно" гэж онцолжээ.

Элчин сайд Жан Ханьхуэй ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ үеэр Хятад, Оросын удирдагчид дахин нэгэн чухал, түүхэн ач холбогдолтой уулзалт хийх бөгөөд энэхүү уулзалт нь хоёр талын харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлж, бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ, хүчтэй түлхэц өгөх болно" гэж дурдсан байна.

Тэрбээр мөн Хятад, Орос хоёр улсыг "хамтдаа гол мөрөн, уул нуруугаар холбогдсон, цаг хугацааны шалгуурыг давсан жинхэнэ найзууд бөгөөд үргэлж бие биенээ нэн тэргүүний хамтын ажиллагааны түнш гэж үздэг сайн хөршүүд" хэмээн тодорхойлжээ.

Мөн "Хятад-Оросын харилцаа нь хоёр улсын язгуур эрх ашиг, нийтлэг хэрэгцээнд үндэслэсэн, тодорхой түүхэн логик болон хүчтэй дотоод хөшүүрэгтэй" хэмээн нэмж хэлээд, "Эдгээр нь өнөөгийн дэлхийд агуу гүрнүүдийн хоорондын хамгийн тогтвортой, боловсронгуй, стратегийн хамгийн өндөр үнэ цэн бүхий харилцаануудын нэг юм" гэж тэмдэглэсэн байна.

Гуравдагч этгээдийг онилоогүй харилцаа

Элчин сайд Жан Ханьхуэй Хятад, Оросын харилцаа нь гуравдагч орны эсрэг чиглээгүй бөгөөд тэдгээрээс хамааралгүйг онцолжээ.

Тэрбээр "Манай хоёр улс хөрш орнуудын хувьд хамтран орших зөв замыг амжилттай тодорхойлсон. Сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын стратегийн манлайлал дор хоёр улсын харилцаа түүхэндээ байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрсэн.

Эдгээр харилцаа нь мөнхийн найрсаг хөршийн сэтгэл, иж бүрэн стратегийн уялдаа холбоо, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогдож байна" гэж хэлжээ.

Элчин сайд Жан Ханьхуэй "Хятад-Оросын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа нь зөвхөн хоёр ард түмний язгуур эрх ашиг хамаарахгүй, хөрш орнууд болон дэлхийн том гүрнүүдийн хоорондын хамтын ажиллагааны талаарх Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлтэд ч нийцэж байна" гэж хэлсэн байна.

Тэрбээр "Талууд түүхээс сургамж авч, ирээдүй рүү тэмүүлж байгаа нь тогтворгүй, эмзэг дэлхийд Хятад-Оросын стратегийн уялдаа холбоо тодорхой, тогтвортой байдлаар илүү их эерэг энерги нэмж байна" хэмээн дүгнэжээ.

Айлчлалын тухай

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь "Путин БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалдаа идэвхтэй бэлтгэж байна. Энэ айлчлал нь урьд өмнө байгаагүй ач холбогдолтой байх бөгөөд Оросын төрийн тэргүүн Зүүн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоос өмнө болох юм" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.