ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан Тяньжин хотноо эхлэв

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан Тяньжин хотноо эхэллээ. Хуралдааныг БНХАУ-ын дарга Си Жиньпин нээсэн байна.
ОХУ-ын талаас уг хуралдаанд Ерөнхийлөгч Владимир Путины хамтаар Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд Алексей Оверчук, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Максим Орешкин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков, БНХАУ дахь ОХУ-ын Элчин сайд Игорь Моргулов, мөн Ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Бахтиёр Хакимов нар оролцож байгаа аж.
Юрий Ушаков өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэхдээ, уг хуралдааны үеэр аюулгүй байдлын сорилт, заналхийлэлтэй тэмцэх олон улсын төв, ШХАБ-ын мансууруулах бодистой тэмцэх төв зэргийг танилцуулах төлөвтэй байгаа талаар онцолжээ.
Түүнчлэн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэдгээрийн дунд Тяньжиний тунхаглал, ШХАБ-ын 2035 он хүртэлх хөгжлийн стратеги багтаж буй юм байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин "Хятад улс болон түншүүд Шанхайн форумыг шинэ түвшинд хүргэнэ" гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт "Хятад улс бүс нутгийн аюулгүй байдлын форум болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг (ШХАБ) шинэ түвшинд хүргэхийн тулд бүх гишүүн орнуудтай хамтран ажиллана" хэмээн мэдэгдсэн байна. Энэ нь АНУ-д сорилт болж болохуйц шинэ дэлхийн аюулгүй байдлын дэг журамд хүрэх түүний зорилгыг илтгэж байгаа аж.
Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын хойд нутгийн Тяньжин хотод эхэлж буй бөгөөд Ши Жиньпин нээлтийн үгэндээ “ШХАБ бол олон улсын харилцааны шинэ хэв маягийг тодорхойлсон загвар жишээ юм” гэж онцлоод, тус форум нь гадаадын оролцоо, хөндлөнгийн нөлөөллийг эрс эсэргүүцдэг гэдгийг чухалчлан тэмдэглэжээ.
Түүний энэ мэдэгдэл нь Хятад улс олон туйлт, хараат бус олон улсын аюулгүй байдлын системийг дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл бөгөөд барууны давамгайлсан дэг журмыг сөрөн зогсох зорилготой гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: TASS, REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл