Г.Занданшатар: Ган, зэс хоёроо үйлдвэрлэхэд Монгол Улсад 100 мянган ажлын байр бий болно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийв.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн "Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн
Хавдар судлалын үндэсний төв 2-ыг барьж байгуулъя. Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авъя, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлийг хийе. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя.
Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг, яаралтай 17 эмнэлгийг барьж байгуулъя, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулъя, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулъя. Монгол хүн эрүүл аж төрөх нөхцөл боломжийг хангасан төсвийн шийдэл боловсрууллаа.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ. 2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 513.3 тэрбум байсан бол 2026 онд 1 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Нийт 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байр, 66.7 тэрбумын тоног төхөөрөмж шийднэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөлөө.
Төсвийн хуультай хамт НӨАТ-ын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Дэлхий дахинд эдийн засаг уналттай, тарифын дайнтай эгзэгтэй хэцүү үе ч НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 1 сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад 5 хувийн буцаан олголт олгоно.
2027 оноос НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно. Ингэж үе шаттайгаар татварын ачааллыг багасгаж, чинээлэг дундаж орлоготой иргэдээ дэмжинэ.
НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор тодотгоход, сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийхэд 80 мянган төгрөгийн НӨАТ төлнө, 2 хувьд 16 мянган төгрөг буцаан авдаг байсан бол 40 мянган төгрөг авна.
Ирэх жил 100 хувь буюу 80 мянган төгрөг буцаан авдаг болно. Нэг саяас дээш бол НӨАТ-ын буцаан олголт 2 хувь хэвээрээ. Нийт иргэдийн 75 хувь сард нэг сая төгрөг хүртэлх худалдан авалт хийж байгаа. Тийм учраас 75 хувьдаа ээлтэй буюу шатлалт НӨАТ хэрэгжүүлнэ.
Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. Жишээлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгад 0, үлдэж байгаа 700 мянгад 10 хувь төлөхөөр 70 мянгыг төлнө.
Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. Нийт 2.5 тэрбум төгрөгийн орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгоно.
Банкнин дахь дансыг хааж татвар төлүүлдэг байсан бүдүүлэг зохицуулалтыг хална. Дансыг нь хаах бус татварт суутгадаг шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Татварын бааз суурыг өргөжүүлж, татварын ачааллыг жигд болгоно.
2025 онд төсвийн зарлага 35.1 их наяд төгрөг байсан бол 2026 онд 32 их наяд болгож, 3 их наядаар бууруулж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байна.
Өмнө нь бид төсвийн тодотголоор 2.3 их наядаар төсвийн үр ашиггүй зардлыг танасан. Үүний үр дүнд төсвийн ДНБ-д эзлэх урсгал зардал 26.6 хувь байсныг 24 хувь болгож зорилтот түвшинд хүргэсэн.
Нүүрсний үнэ, алтны үнэ өсөхөөр дагаад бүх урсгал зардлаа тэлж, өрөнд ордог, гадаад өрийн дарамт асар ихээр нэмэгддэг энэ жишгийг халж байна. Ийм утгаараа хэмнэлтийн төсөв боллоо.
2025 онд төрийн албан хаагчдын тоо 231 мянга шахам байсан бол 2026 онд 218 мянга болж, төрийн албаны хязгааргүй тэлэлтийг хазаарлаж байна.
Төрийн өмчит компанид шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. 2026 онд төрийн өмчит компаниудыг нэгтгэх, татан буулган, бүтэц орон тоог оновчтой болгох ажил үргэлжилнэ. Төрийн өмчит компанийн тоо 109 байгааг 87 болгож бууруулна" гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Улсын төсөв бол ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэх ёстой. 2026 оны төсөв хэрэгжсэнээр ирэх онд хэчнээн иргэн ажлын байртай болж, хэчнээн иргэнийг ядуурлаас гаргах вэ. Ердөө таван жилийн өмнө Монгол Улс 11 их наяд төгрөгийн төсөв баталдаг байсан бол ирэх жил гурав дахин их буюу 33 их наядын төсөв батлах нь. Зардлаа ахин бууруулж, 33 их наядын төсвийг бууруулах боломж байгаагүй юу. Төрийн өмчит компаниудын тоог бууруулж, ашигт ажиллагааг нэмэхийн тулд ямар арга хэрэгжүүлэх вэ. Ирэх жил 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, энэ хэр бодитой тооцоолол вэ?
-Эдийн засгийн гол бодлого нэгдүгээрт, ажилгүйдлийг бууруулах, хоёрдугаарт инфляц, үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэж байна. Төсвийн тодотголоор урсгал зардлыг 2.3 их наядаар танасны үр дүнд инфляцыг тогтвортой төвшинд барьж чадсан. Танаагүй бол валютын ханш, инфляц өсөх байсан, энэ хэмжээгээр иргэдэд өндөр дарамт учруулах байсан.
2020 онд төсөв 11 их наяд байсан тухайд инфляцын нөлөө бий. Хамгийн гол нөлөөлөл бол бууруулж болохгүй урсгал зардлаа нэмсэн. Жишээ нь, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 313 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Гэтэл 2020 оноос хойш цалин, тэтгэврийг хэд дахин нэмсэн билээ.
Тэр үед 1 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгодог байсан бол ирэх жил 1 сая 317 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Хүүхдийн мөнгө 1.6 их наяд орчмоор төсвийг тэлж байна.
Төсвийн тэлэлт бол мөчлөг дагасан буюу нүүрсний үнэ өсөхөөр урсгал зардлыг тэлээд байсныг хязгаарласан.
Танаж болдоггүй зардал гэж бий. Тулсан асуудал бол тэтгэврээ нэмэх шаардлага байна, багш нарын цалинг нэмэх шаардлага байна. Боловсрол, эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн зардал байна.
Монгол Улс 1 сая хүүхэдтэй байсан бол өнөөдөр 1.3 сая гаруй хүүхэдтэй болсон. Жилд 87 мянган хүүхэд төрж, дагаад сургууль, цэцэрлэгийн эрэлт нэмэгдэж байна.
Монгол хүний насжилт уртассан. Дундаж наслалт нэмэгдэх хэрээр Нийгмийн даатгалын сангийн зардал нэмэгдэж байна.
Төрийн өмчит компаниудад шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Олон компанийг татан буулгасан, цалинг нь бууруулсан. Ганц жишээ хэлье.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр онцгой дэглэмж тогтоож ажилласнаас хойш зардлыг эрс бууруулсан, ашигт ажиллагаа гурав дахин, борлуулалт гурав дахин нэмэгдсэн.
БЭТ 46 хоногт томилогдон ажилласан тайлантай танилцлаа. Гурван их наядын борлуулалт хийх байсныг дөрвөн их наяд төгрөг болгож, шахаж ажиллаж байна. Компани бүр дээр ажлын төлөвлөгөө гарган ажиллана.
Ажлын байр бий болгох тухайд, гангийн үйлдвэрийн тендер зарлахаар төлөвлөж байна. Ган, зэс хоёроо үйлдвэрлэхэд Монгол Улсад 100 мянган ажлын байр бий болно. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажил.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [27.33.67.138] 2025-09-02 22:18:38
Yagaad erguuteed tender zarlaj uildwer bariulna geed bgaanbe? Tatwar n togtwortoi, demjleg n td bol huviin hevshil uursduu ashigtai yumruu orood iirne. Tur tender hiij yum oruulj irheer ideed uugaad duusna
Тасархай [103.57.92.80] 2025-09-02 21:39:58
Дэнэгээ манаач хийх хүн алга болоод байна юун 100мянга бэ.
Зочин [103.57.95.254] 2025-09-02 20:24:46
Өнгөрсөн 5 жилд оюунэрдэнэ улсын эдийн засгийг сүйрүүлсэн одоо сайд нар нь ажилсаар байна бүгдийг хөөж явуул
Зочин [203.91.115.55] 2025-09-02 17:18:08
Хуцдаг гахай. 2021 оны өвөл билүү амаараа энэ гахай Асгатын мөнгөний ордыг цагаан сараас өмнө эргэлтэнд оруулсан хүүр шүү дээ. Ард түмнийг доромжлоод тавлаад явдаг үхээр байгаа юм.
Зочин [103.229.121.175] 2025-09-02 16:29:54
Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд ороод хэдэн жил болж байна.Яах гэж дандаа дандаа худлаа шааж байдгийн.МАНгаруудаа одоо ичиж амьдраа.Дэндлээ.Хараад байхнээ сансарын хөлгөө угсраад нисэх нь ээ.
Зочин [171.125.3.196] 2025-09-02 16:26:05
Сайн байна. Монгол улс мин хөгжих болтугай. Бүгдээрээ сайн амтай, зөв сэтгэлтэй байя