Афганистанд хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 800-д хүрч, 3000 орчим хүн бэртэж гэмтжээ

Aдмин / Гадаад мэдээ

Афганистаны Дотоод хэргийн яамнаас 2025 оны есдүгээр сарын 1-ний даваа гарагт мэдээлснээр, тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдаж, 3000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, газар хөдлөлт 6.0 магнитудын хүчтэй байсан бөгөөд голомт нь Нангархар мужийн Желалабад хотоос зүүн хойш 27 км зайд, Пакистаны хил орчмын бүсэд бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн голомт ердөө 8 км гүнд байсан бөгөөд хүчтэй доргилтын дараа хэд хэдэн чичиргээ мэдрэгдсэн байна.

Кунар мужийн дөрвөн тосгон бүрэн сүйджээ

Афганистаны зүүн хэсэгт орших Кунар мужийн дөрвөн тосгон сүйрч, хэд хэдэн бүс нутагт хүнд хохирол учирсан байна. Зарим бүс нутгуудад харилцаа холбоо тасарч, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ.

Уулархаг газрын онцлог нь аврагчдын хөдөлгөөнийг саатуулж, шуурхай тусламж хүргэхэд хүндрэл учруулж буй аж.

Афганистаны Батлан хамгаалах яамнаас онцгой байдлын багуудыг газар хөдлөлтөд нэрвэгдсэн зүүн бүс рүү илгээж, шархдагсдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Гэрчүүдийн хэлснээр, нурангид хүүхдүүд, өндөр настнууд дарагдсан байж болзошгүй аж. Желалабад хот болон түүний дагуул бүсийн хүн ам 300 мянга гаруй юм байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эмгэнэл илэрхийллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нийгмийн сүлжээ X (хуучнаар Twitter)-д "Сүйрлийн энэ газар хөдлөлтийн дараа би Афганистаны ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн бичээд, тус улсад ажиллаж буй НҮБ-ын багийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснийг нэмж дурдсан байна.

Иран Афганистанд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв

Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи мэдэгдэхдээ, газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт аврах болон яаралтай тусламжийн ажиллагаанд Тегеран оролцох бүрэн бэлэн байгаагаа Кабулын эрх баригчдад илэрхийлсэн байна.

2023 оны газар хөдлөлтийн улмаас 4000 орчим хүн амиа алджээ

Афганистанд 2023 оны аравдугаар сард болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас (тухайн үед тус улсыг удирдаж байсан "Талибан" хөдөлгөөний мэдээллээр), 4000 орчим хүн амиа алджээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.