Зеленский: Украин зэвсгийнхээ 60 хувийг дотоодоосоо хангаж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2025 оны есдүгээр сарын 6-ны бямба гаргийн орой хийсэн видео мэдэгдэлдээ "Украины Зэвсэгт хүчин одоогийн байдлаар шаардлагатай зэвсгийнхээ 60 хувийг дотооддоо үйлдвэрлэж, хангаж байна" гэжээ.
Тэрбээр үүнийг Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш буюу сүүлийн хугацаанд улс орны хүчин чармайлтын үр дүн хэмээн онцолсон байна.
Зеленский мөн "Киевийн дараагийн гол зорилтуудын нэг бол агаарын довтолгооноос хамгаалах систем (ПВО)-ийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, төлөвлөсөн түвшинд хүргэх явдал" гэж мэдэгджээ. Тэр "Энэ бол том сорилт. Гэхдээ бид түүнд заавал хүрэх ёстой. Украины зэвсгийн үйлдвэрлэл дэлхийн шилдгүүдийн нэг гэдгийг бид аль хэдийнэ баталсан" хэмээн онцолсон байна.
Түүнчлэн Зеленский Украин улс зэвсгийн хамтарсан үйлдвэрүүдийг байгуулах чиглэлээр ч ахицтай ажиллаж буйг дурджээ. Тухайлбал, улс орны түүхэнд анх удаа Дани улстай хамтран, түүний нутаг дэвсгэр дээр хамтарсан зэвсгийн үйлдвэр байгуулж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр ирэх долоо хоногт олон улсын хэмжээнд идэвхтэй үйл явдлууд үргэлжлэх хүлээлттэй байгааг онцлоод, Telegram хуудсаараа дамжуулан "Бид 'Рамштайн'-ы шинэ уулзалтад бэлтгэж байна. Мөн АНУ-аас Украины зэвсэглэлд дэмжлэг үзүүлэх шинэ хандив, тусламжуудыг 'PURL' хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна" гэж мэдээлжээ.
Украины "Фламинго" пуужингийн түлшийг Данид үйлдвэрлэнэ
Украины "Fire Point" компани ойрын хугацаанд Данид "Фламинго" хэмээх алсын тусгалтай пуужингийн түлш үйлдвэрлэж эхлэх аж. Ингэснээр тус компани Украины үйлдвэрлэлээ гадаад улсад шилжүүлсэн анхны батлан хамгаалахын үйлдвэр болж буй юм байна.
Дани улсын Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен есдүгээр сарын 3-нд мэдээлэхдээ "Fire Point" компанийн үйлдвэр тус улсын өмнөд хэсэгт орших Скридструпын нисэх хүчний баазын ойролцоо байрлах бөгөөд энэ нь F-16 сөнөөгч онгоцны үндсэн бааз гэдгээрээ онцлог" гэж мэдэгджээ.
"Фламинго" пуужинг амжилттай туршжээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 20-нд Киев хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа “Украин улс ‘Фламинго’ нэртэй алсын тусгалтай далавчит пуужинг амжилттай туршсан” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр “Тус пуужинг 2025 оны арванхоёрдугаар сар, эсвэл 2026 оны 1–2 дугаар сард олон тоогоор үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна” гэж онцолжээ..
“Фламинго” пуужингийн үзүүлэлтүүд
Украины “РБК-Украина” агентлагийн мэдээлснээр, “Фламинго” пуужин нь:
- 3000 км-ийн тусгалтай
- 1 тонн жинтэй
- 6 метр далавчтай
- 950 км/цаг хүртэл хурдлах чадалтай аж.
Украины зэвсэглэлийн бусад шинэчлэлүүд
“УНИАН” агентлагийн мэдээлснээр, Украин шинэ "Bulava" нэртэй тагнуул-харвагч дроныг армийн хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү дрон нь Оросын “Ланцет”-аас илүү гүйцэтгэлтэй гэж Украины Дижитал сайд Михаил Федоров үнэлсэн ч, аюулгүй байдлын үүднээс техникийн талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
“РБК-Украина”-гийн өмнө нь мэдээлснээр, Украин сард 3000 ширхэг холын тусгалтай дрон үйлдвэрлэх хүчин чадалд хүрсэн бөгөөд энэ нь Оросын Shahed дроны үйлдвэрлэлийн түвшинд ойртсон гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ Украины дронууд нь үйлдвэрлэлийн зардлын хувьд хамаагүй хямд болохыг онцолсон аж.
Зэвсгийн үйлдвэрлэл 35 дахин өсчээ
Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль 2025 оны долдугаар сард “Бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш манай улсын зэвсгийн үйлдвэрлэл 35 дахин өссөн” гэж онцлон, энэ чиглэлээр цаашид ч эрчимтэй тэлэлт хийх зорилготой байгааг мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [122.201.31.231] 2025-09-07 14:44:27
ОРОСУУДЫГ АЛААД БАЙ АЛААД БАЙ. ХАРИУЦЛАГЫГ НЬ ПУТЛЁР ХҮЛЭЭНЭ.