Хэлэлцээний театр: Мэргэжилтнүүд Украины аюулгүй байдлын баталгааны талаар юу хэлэв

Aдмин / Гадаад мэдээ

Германы канцлер Фридрих Мерц 2025 оны есдүгээр сарын 5-нд "Европт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайн зогсооход хүргэх хангалттай шахалтын механизм дутмаг байна" гэж мэдэгджээ. Тэр энэ мэдэгдлээ Парис хотод болсон "сонирхогчдын эвсэл"-ийн уулзалтын маргааш хийсэн байна.

Францын Елисейн ордонд 2025 оны есдүгээр сарын 4-нд болсон уулзалтад 30 гаруй улсын удирдагчид оролцож, Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх асуудлыг дахин хэлэлцжээ. Тэд Европ геополитикийн хүнд нөхцөлд хэрхэн ажиллах талаар тодорхойлохыг оролдсон байна.

Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цахимаар оролцсон бөгөөд талууд гал зогсох тохиолдолд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амалжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "26 улс Украинд аюулгүй байдлын баталгаа үзүүлэхэд оролцох боломжтой, тэр дундаа цэргийн хүчин байрлуулах боломжтой" гэж хэлсэн байна. Тэрбээр "Эдгээр хүчийг хуурай зам, тэнгис болон агаарт байрлуулж болох ч тэдний зорилго нь ОХУ-тай дайтах биш" гэж онцолжээ.

Үр дүнгүй уулзалт

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2025 оны наймдугаар сарын сүүлээр дайны дараа НАТО-гийн бэлэн байдлыг онцгой чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэр "Бид хууль эрх зүйн үүрэг бүхий баталгааг хүсэж байна. Бид дахин нэг Будапештын санамж бичиг, Минскийн гэрээг хүсэхгүй байна" гэж наймдугаар сарын 29-ний хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

DW-ийн ярилцсан шинжээчдийн үзэж буйгаар Парисын уулзалт тодорхой үр дүн авчраагүй. Германы улс төр судлаач Андреас Умланд уг уулзалтыг тодорхой тайлбартайгаар "хэлэлцээний театр" гэж нэрлэсэн байна:

Тэрбээр “Европын орнууд Украины аюулгүй байдлын талаар бодож эхэлсэн нь сайн хэрэг. Энэ бол одоогоор логиктой, үр дүнтэй шийдэл биш ч эцэст нь үр дүнтэй арга зам олдоно гэж найдаж байна. Одоогийн байдлаар аюулгүй байдлын баталгааны талаар ярьж хэлэх нь эрт байна” гэж хэлжээ.

Зеленский: Барууны цэргүүдийг яаралтай байрлуулах ёстой

Европын холбооны ихэнх удирдагчид дайны дараа цэргүүд байрлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа ч Украины Ерөнхийлөгч Зеленский "Цэргүүдийг одоо, дайны явцад байрлуулах шаардлагатай" гэж мэдэгджээ.

Зеленский 2025 оны есдүгээр сарын 4-нд болсон уулзалтын дараа “Аюулгүй байдлын баталгаанууд нэн даруй хэрэгжиж эхлэх ёстой. Дайн дуусахыг хүлээх хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.

Фабрис Потье (Rasmussen Global-ийн захирал, НАТО-гийн экс зөвлөх): “Путин дайнаа үргэлжлүүлэх нь ашигтай гэж тооцоолж байгаа учраас хэлэлцээ хийх хүсэлгүй байна. Тиймээс цэрэг илгээх асуудал хэлэлцээний дараа биш, харин хэлэлцээг эхлүүлэхэд түлхэц өгөх хэрэгсэл байх ёстой” гэж хэлсэн байна.

АНУ Европт яаж тусалж чадах вэ?

Дональд Трамп цахимаар холбогдсон ч АНУ-ын ирээдүйн үүргийн талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй аж. Макроны хэлснээр, Европын цэргүүдийг байршуулах асуудлыг АНУ ойрын өдрүүдэд дэмжих эсэхийг шийдэх нь.

Германы канцлер Фридрих Мерц (CDU намын YouTube сувагт өгсөн ярилцлагадаа “Европ ганцаараа Оросыг барьж чадахгүй. Бид АНУ-ын тусламжид найдаж байна” гэжээ.

Фабрис Потье хэлэхдээ, АНУ цэргүүдээ илгээхгүй ч Европт "түлхүүр дэмжлэг" үзүүлж чадна гэжээ. Тэр “Европт одоогийн байдлаар тагнуул, өгөгдөл цуглуулалт, агаарын довтолгооноос хамгаалах систем гэх мэт дутмаг байгаа чухал хүчин чадлуудад АНУ тусалж чадна. Хэрэв АНУ ийм дэмжлэг үзүүлбэл Европ өөрийн гэсэн хамгаалалтын хүчин байгуулах боломжтой болно” гэж хэлсэн аж.

Германы төлөвлөгөө — Украин “зараа” болох уу?

Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, Берлин Украин руу цэргүүдээ илгээх асуудлыг одоохондоо үгүйсгэж байгаа аж. Харин Der Spiegel-д бичсэнээр, канцлер Мерц "porcupine strategy (халдаж ирсэн дайсанд их хэмжээний хохирол учруулах чадвартай, маш хүчтэй хамгаалалттай болгох стратеги)”-ийг санал болгожээ

Энэ стратеги нь Украиныг ямар ч халдлагыг эсэргүүцэх чадвартай, аюултай боловч хамгаалалтын зорилготой "зараа" болгох аж.

FAZ сонинд мэдээлснээр, Германы засгийн газар дараах алхмуудыг төлөвлөж буй юм байна: Үүнд:

  • Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх
  • Украины армийг сургах, тоноглох
  • Санхүүгийн дэмжлэг үзүүлэх багтжээ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.81] 2025-09-10 10:37:35

мөнгөгүй гуйлгачингууд юу хийж чадах юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.