Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Орос улсад 2014–2019 оны хооронд улс төрийн хоригдол байсан Украины кино найруулагч, зохиолч Олег Сенцов Украины Зэвсэгт хүчний нэгэн батальоны захирагчаар томилогдсон байна. Энэ тухай мэдээлэл есдүгээр сарын 13-ны бямба гарагийн орой Киев хотноо болсон YES хуралдааны үеэр ил болсон талаар “Интерфакс-Украина” агентлаг мэдээлжээ.

Мэдээлэлд түүнийг 47 дугаар тусгай механикжуулсан бригад “Магура”-гийн бүрэлдэхүүнд багтах нэгэн батальоны захирагчаар томилсон болохыг тодотгосон байна.

Сенцов 2022 оны гуравдугаар сард Орос Улс Украины эсрэг бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш удалгүй Киев хотын нутаг дэвсгэрийн батлан хамгаалахын анги нэгтгэлд нэгджээ.

Улмаар түүнийг Украины Зэвсэгт хүчний 47 дугаар бригад руу шилжүүлж, тэнд тэрбээр салааны захирагчаас эхлэн довтолгооны ротын захирагч хүртэл тушаал ахижээ.

Украины “Обозреватель” сонинд бичсэнээр, Сенцов уг албыг дөрвөн сарын турш хашсаны дараа дахин тушаал дэвшин батальоны захирагч болсон аж.

Цэргийн алба хаах хугацаандаа Сенцов хэд хэдэн удаа ширүүн тулалдаанд оролцсон бөгөөд тэр дундаа Авдеевка орчимд тулалдаж, хэд хэдэн удаа шархадсан байна.

Тэрбээр 2023 онд анх удаа олны өмнө гарч, тулаанд шархадсанаа баталж, эмнэлэгт эмчлүүлж байсан талаараа мэдэгджээ. Дараа нь тэрбээр тархиндаа гэмтэл авсан ч дахин фронтод эргэж ирсэн байна.

"Дайн маргааш дуусахгүй"

Сенцов тус хуралдааны үеэр “Надад та бүхэнд дуулгах муу мэдээ байна. Дайн маргааш дуусахгүй, нөгөөдөр ч бас дуусахгүй, магадгүй энэ жилдээ ч дуусахгүй” гэж хэлжээ. Тэрбээр зүгээр нэг батлан хамгаалах дайнаас гадна ОХУ-д улс төр, эдийн засгийн дарамт үзүүлсээр байх нь чухал болохыг онцолсон байна.

Сенцов “Дайны төгсгөлийн хоёр дахь шат бол ОХУ-д улс төрийн дэглэм өөрчлөгдөх үед. Орос энэ дайныг алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, манай газар нутгийг буцаан өгөхөд бэлэн болж, 'Бид буруутай байсан, уучлаарай. Бид үүрд гэмшиж амьдарна' гэж хэлэх тэр үед. Тэр миний хувьд ялалт байх болно. Би тэр өдөр ирнэ гэдэгт итгэдэг” хэмээн мэдэгджээ.

Олег Сенцовын тухай

Кино найруулагч Олег Сенцовыг Крымээс 2014 онд баривчилж, террорист халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн буруутгажээ. Үүний улмаас түүнийг хатуу дэглэмтэй хорих ангид 20 жилийн хорих ял оноон шийтгэсэн байна. Сенцов өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, түүнийгээ ч тууштай хамгаалсан аж.

Тэрбээр 2019 оны есдүгээр сард Орос, Украины хоорондын хоригдлууд солилцоогоор эх орондоо буцан иржээ. Түүнтэй хамт 2018 оны намар Керчийн хоолойн ойролцоо баривчлагдсан 24 украин тэнгисчин ч мөн Украинд эргэн ирсэн байна.

Олег Сенцов 2023 оны долдугаар сард Украины зохиолч Оксана Забужкотой хамт Францын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Хүндэт легионы одонгоор шагнуулжээ.

Францын Украин дахь Элчин сайд Этьен де Понсен түүнд хүндэтгэл үзүүлж, “Иргэний идэвхтэй байр суурьтай найруулагч, зохиолчийн хувьд та дарангуйлал болон шударга бус байдлын эсрэг тэмцэгчдийн бэлгэдэл болж чадсан” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Tserendorj [66.181.161.211] 2025-09-15 09:03:49

Ухаалаг боловсролтой зоригтой эр байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.