Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд байгуулсан нүүрс худалдаалах гэрээний асуудал хэл ам дагуулж эхэллээ. Энэ бол хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн хамгийн том ажлын нэг. Таны хувьд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байхдаа гэрээ хариуцсан ажлын хэсгийг ахалж байсан. Гэрээнд Монголын талын ашиг сонирхол, давуу байдлыг хэрхэн тусгасныг эхлээд асууя?

-УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 14 мега төсөл эрэмбэлснийг бүгд мэдэж байгаа. Хамтарсан Засгийн газар богино хугацаанд буюу арван сар ажиллахдаа энэ 14 мега төслөөсөө тавыг нь гацаанаас гаргаж чадсан. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хувьд бүх хэлцэл гэрээг нь хийж, санхүүгийн хүндрэлүүдийг шийдэх гарц гаргалгааг УИХ болон Засгийн газраар батлуулсан. Үүний нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудал. Анх яригдаж эхэлснээсээ хойш саяхныг хүртэл маш их улстөржилт орсоор ирсэн уг төслийг хөдөлгөж чадсан нь хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлсэн томоохон ажил яах аргагүй мөн. Бид хамтарсны хүчинд хий хоосон улстөржилтөөс болж мега төслүүд гацдаг байдлын ард нь гарч чадсан. Энэ гэрээг хийхэд оролцсоноороо миний хувьд бахархдаг.

Гэрээ учраас мэдээж оролцогч хоёр тал өөр өөрсдийнхөө ашиг сонирхлыг гаргаж тавина. Сонирхолтой тоо хэлье л дээ. Өмнө Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, Н.Учрал нар энэ гэрээний ажлын хэсгийг ахлаад ажиллаж байсан. Би салбарын сайдынхаа хувиар ажлын хэсгийг ахалсан бол Б.Дэлгэрсайхан сайд зам, тээврийн салбартай холбоотой асуудлаар дэд ахлагчаар нь ажиллаж байлаа. Бид хоёр Засгийн газраа төлөөлж хэлэлцээрт оролцсон юм. Намайг байхад ажлын хэсгүүд 55 удаа уулзсан

Удаан хугацаанд үргэлжилсэн эдгээр уулзалтаар нэлээд асуудал шийдсэн дээ. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын гэрээнээс гадна шийдлээ хүлээсэн, тодорхой асуудлуудтай олон гэрээ байсан. Ялангуяа улс төрийн хувьд гацаатай, олон жил тушигдсан ураны гэрээ байна. Энэ бол бүхэл бүтэн 27 жил гацсан гэрээ шүү дээ. Дээрээс нь Эрдэнэбүрэнгийн УЦС байна. Мөн санхүүгийн шийдлээ хүлээж байсан Дорноговийн газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, цаашлаад нүүрс химийн, кокс химийн, алт цэвэршүүлэх зэрэг төслүүд байсан. Энэ 14 мега төслийн 50 хувь нь манай салбарт хэрэгжихээр байв. Тэр бүгдийг гацаанаас гаргахын төлөө л ажилласан. Хамтарсан Засгийн газар өнөөдрийн энэ тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэлүүдийг урьдчилан харж тооцоолоод, гарах арга зам, шийдлүүдээ бүгдийг нь боловсруулаад явж байлаа. Санаж байгаа бол Сангийн сайдын удаа дараагийн мэдэгдэлд “Төсвийн тодотгол хийх шаардлагагүй” гэж байсан даа. Тиймээс 14 мега төслөө яаралтай шийдээд, хэрэгжүүлснээр эдийн засгийн хүндрэлийг давна гэж үзсэн. Үүний томоохон хэсэг нь бол уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспорт байв. Тэгэхээр Монгол Улс 83 сая тонн нүүрс автомашинаар экспортод гаргадаг байсан. Энэ бол дээд хязгаар. Үүнээс илүүг автозамаар гаргах боломжгүй гэсэн үг. Тэгвэл төмөр замаар зэрэгцүүлэн тээвэрлэснээр экспортод гаргаж байгаа нүүрснийхээ хэмжээг 160 сая тн руу авчрах боломж нь төмөр замын хил холболт байсан. Ганцхан Гашуунсухайт- Ганцмодны боомт биш, Шивээхүрэн-Бичигт, Сэхээ-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар холбох асуудлууд бидний нэн тэргүүний зорилго байсан. Миний бодож байгаагаар энэ гэрээн дээр нүүрсний экспортын шинэ төмөр замын гарцыг ашиглалтад оруулснаар Монгол талын нүүрсний бодитой борлуулалт, үүнийг дагаад бодитой мөнгө орж ирнэ гэсэн итгэл үнэмшил байсан юм.

-Гэтэл сая Н.Энхбаяр энэ гэрээг Монголын талд ямар ч ашиггүй болсон гэлээ. Тэрбээр 25-хан км төмөр замыг 24 тэрбум ам.доллараар бариулах нь цэвэр луйвар төдийгүй улсаа хорлосон шийдвэр гэсэн мессэжийг нийгэмд өгчихлөө. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ гэрээнд ямар ч луйвар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Н.Энхбаяр гуай Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Иймэрхүү тоог мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Түүнийг санаатайгаар улстөржүүлж байна гэж хардах үндэстэй. Яагаад гэвэл МАН-ын даргын сонгуулийн процесстой холбогдуулж нам дотроо улс төрийн байдлаар зарим нэг хүмүүсийг харлуулах зорилгоор энэ гэрээг ашиглаж байна уу даа гэж харж байгаа. “Жоомоо алах гээд гэрээ шатаачихлаа” гэдэг үг бий. Ер нь намууд дотоод сонгуультай холбоотой асуудлаа тогоон дотроо л шийдмээр юм. Яг л манай Ардчилсан нам шиг.

-Үнэхээр нууцын зэрэглэлтэй гэрээ юм уу?

-Би ганц зүйлийг тодотгоё. Энэхүү хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд нүүрс худалдаалах гэрээ УИХ-аар хоёр удаа орсон. Эхнийх нь хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиг бүхий 12 зүйл заалттай УИХ-ын тогтоолыг парламентын гишүүд баталсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-аар соёрхон баталдаг. Иймд айлын талтай гэрээгээ байгуулчихаад дахин УИХ-аар оруулж, соёрхон батлуулсан. Олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой хүмүүсээс сонсож байхад Монгол Улс шиг ингэж хоёр улсын хооронд хийсэн томоохон хэлэлцээрийг ил тод хэлэлцдэг орон бараг байхгүй гэх юм билээ. Гэрээг нууцалж хийсэн зүйл байхгүй. Зурагтаар харж байхад Б.Дэлгэрсайхан сайд сэтгүүлчдийн асуултад “Нууцсаад байх юм байхгүй шүү дээ” гэж зөв л хариулж байна лээ. Бид гэрээгээ тавьж байгаад зүйл заалт бүрээр нь баталсан. Дахин хэлэхэд, УИХ-ын шүүлтүүрээр хоёр удаа ороод Засгийн газраар хэлэлцэгдэж батлагдахын зэрэгцээ хууль хүчний бүх байгууллагууд нь саналуудаа өгөөд явсан ийм олон улсын хэлэлцээр байхгүй гэж бодож байгаа. Бидний хувьд ажил хариуцаж байгаа болохоор хашир үзэж, хэлэлцээрийг давсан. Үүнийг “Луйврын гэрээ болсон, нууцалсан, Монгол Улсад ашигггүй боллоо” гэхчлэн санаатайгаар буруу мушгиж гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна. Улстөржих сэдэв байна, улстөржихгүй сэдэв гэж байна. Эдийн засаг хүндэрч буй энэ үед бид ганц орлогынхоо эх үүсвэрийг зогсоох юм бол эрсдлийг нь Монголын ард түмэн л үүрэх болно. Ингэж хамаагүй улстөржүүлж ярих нь ард түмний амьдралд хортой.

-Гэрээнд 250 сая тн нүүрс урд хөршид нийлүүлэхээр тусгасан гэх мэдээлэл бий. Бид тн тутамдаа 40 ам.долларын алдагдал хүлээж байгаа тухай экс Ерөнхийлөгч яриад байх юм. Энэ нь гэрээний хугацаанд 10 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ гэв үү. Энэ үнэн үү. Дээрээс нь Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэдийгээр эхлэхээр байгаа билээ?

-Үүн дээр “Гурвыг цогцоор” гэдэг нэршил хэрэглэгдэж байгаа. Гурван асуудлыг нэг дор шийднэ гэсэн утгатай. Төмөр замын хил холболт бол Б.Дэлгэрсайхан сайдын эрхлэх асуудлын хүрээнд яг эхлэлтийнхээ бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. Хоёр дахь асуудал нь нүүрсний худалдаа. Нүүрсээрээ төмөр зам сольж байгаа асуудал байхгүй. Бид өөрсдөө нүүрсээ борлуулна. Өөрөөр хэлбэл, “Чайна энержи” гэдэг компанид нүүрсээ бэлэн мөнгөөр зарна. Яагаад 250 сая тн гэж яриад байгаа гэхээр эхний гурван жил тав, таван сая, дөрөв, тав дахь жилд зургаан сая гээд нийтдээ 27 сая тн нүүрсийг 2030 он хүртэл борлуулна. 2030 оноос хойш жил бүр 20 сая тн нүүрс борлуулна гэж тооцохоор нийтдээ 247 сая тн нүүрс болж байгаа юм. Үүний үнийн зөрүүг 40 ам.доллар гэж үржүүлээд 10 тэрбум ам.долларын алдагдалтай, луйврын гэрээ гэж яриад байх юм. Гуравдугаар ангийн хүүхэд ч бодоод гаргачих тоо. Бас 40 ам.доллар гэдэг нь худлаа тоо.

Эрдэнэс таван толгой компанийн нүүрсийг хоёрхон янзаар борлуулж байгаа. Нэг нь уул уурхайн биржээр. Нөгөөх нь тогтвортой удаан хугацааны гэрээний дагуу борлуулж байна. Үнэ бол тогтмол биш. Сар болгон хөдөлдөг. Урт хугацааны гэрээтэй нүүрс худалдан авагч дөрвөн компани дээр “Чайна Энержи” нэмэгдсэн. Тус таван компани манайхаас нүүрсийг амны үнээр худалдан авдаг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой”-н үйлдвэрийн аман дээрээс БНХАУ-ын боомт хүртэлх тээврийн зардал ороогүй. Энэ зөрүү яриад байгаа дүн бол тээвэртээ төлөгддөг мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Амны үнэ дээр нэмэх нь Хятадын талын Ганцмод дээрх агуулахын терминал хүртэлх зардал ордог. Дээрээс нь тэндээс тээвэрлэх ажлыг Монголын тал хийнэ. Мухар төмөр зам гэж яриад байдаг ч гэсэн бид төмөр замаараа тээвэрлээд Гашуунсухайт хүргээд тэндээсээ цааш богинын тээврээр экспортод гарч буй зардал багтана. Энэ нь Монголын төмөр замд төлөгдөж байгаа, Монголын талд үлдэж байгаа гэж ойлгож болно. Үүнийг бас буруу ярьж гуйвуулмааргүй байна.

Өнөөдрийн байдлаар уул уурхайн биржээр борлуулагдаж байгаа нүүрсний хэмжээ нь таван компанийн худалдаж авч буй нүүрснээс 3-4 дахин бага байгаа. Үүн дээр бид хий улстөржөөд хямд байна гээд зогсож байгаад 12 сая гаруй тн нүүрсний борлуулалтыг алдах юм бол Монгол Улсын эдийн засагт орж ирэх мөнгө тэр хэрээр тасалдана. Манай улсын коксжих нүүрс олон улсад ган хайлуулах илчлэгтэй. Гангийн цогцолборууд дандаа нүүрс, төмрийн хүдрээ урт хугацаанд тогтвортой нийлүүлэлт хийж байж, ашиг нь явдаг салбар. Үүнийг бид мэдэх ёстой.

Дээр дурдсан “Гурвыг цогцоор” гэдэг нэршлийн гурав дахь нь нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал юм. Онч хараат, Бор толгой гэдэг хоёр ордыг эргэлтэд оруулснаар Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлнэ гэж зорьж байгаа. Энэ ажиллагаа яг судалгааныхаа түвшинд явагдаж байна. Энэ гурван ажил гурвуулаа зогсох юм бол Монгол Улсад хортой. Учир нь хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ хэлэлцээр хийгээд УИХ-аар хоёр удаа ороод, хамгийн нээлттэй том, том шалгууруудаа давсан төсөл гацаж байвал Монголтой хэн итгэж худалдаа наймаа хийх юм бэ. Дараагийн хэлэлцээрүүдийг хийх вэ гэдэг нь эргэлзээтэй асуудал. Энэ хэлэлцээрийг УИХ-аар үндсэн чиглэл батлах болон соёрхон батлахад Н.Энхбаяр гуайн хүү нь ч хүртэл оролцоод батлалцаад явж байсан. Тэгэхээр гэрээ нууц гэдэг яриа ор үндэсгүй гэдгийг дахин сануулъя.

-Гэрээ байгуулахад оролцсон Л.Оюун-Эрдэнийн танхимын нэр бүхий сайд нарыг мөрдөн шалгаад эхэлсэн гэж байна. Энэ үнэн үү?

-Одоогийн байдлаар мөрдөн шалгасан зүйл алга. Дээрээс нь сүүлийн үед харамсалтай зүйл сонсогдоод байгаа нь Н.Энхбаяр гуай Гашуунсухайтын хил холболтын гэрээг зогсоох ажлын хэсгийн даргаар ажиллана ч гэнэ үү, ажлын хэсгийг нь ахална ч гэнэ үү. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээг зогсоох бүрэн эрх нь зөвхөн Засгийн газарт байдаг. Угаасаа гэрээнд зогсоох нөхцөлүүдтэй заалтууд ч байгаа. Гэхдээ гэрээг зогсоох нь Монголын эдийн засагт л хортой. Дээрээс нь бид дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш унаж, борлуулалт багассантай холбоотойгоор төсвөө хүртэл танаж байна шүү дээ. Гэтэл манай улсын хэрэглээ улам л нэмэгдээд байна. Ахмадууд маш ядуу, орлого багатай амьдарч байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 600 гаруйхан мянган төгрөгийг нэмэгдүүлэх шаардлагатай энэ цаг үед бид нөөц бололцоогоо дайчилж, нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлэх ёстой. Ялангуяа ард түмнийхээ амьдрал амьжиргаатай холбоотой асуудлуудаа шийдээд явах нь Засгийн газрын үүрэг юм.

-Дараагийн хил холболтууд үргэлжлээд явах ёстой биз дээ?

-Хамтарсан Загсийн газрын мөрийн хөтөлбөр тэр чигээрээ өнөөдөр үргэлжлээд явж байгаа. Гэхдээ удаашралтай байна гэж харж байна. Уг нь Гашуунсухай-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлмэгц, дараагийн хил холболтууд буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийн хил холболтуудыг шууд ярьж эхлэх үйл ажиллагаандаа орж байх ёстой. Шивээхүрэн-Сэхээ дээр Монголын талын төмөр замын терминал нь баригдчихсан байгаа. Хятадын талын төмөр зам, Монголын талын төмөр замын зогссон цэг хоорондоо 320 хон метрийн зайтай. Энэ асуудлыг хурдлах шаардлагатай байлаа. Манайх зүүн талаар эрчим хүчний нүүрсний ордуудаа түшиглэж, нүүрсээ экспортолж орлого олох боломжтой Бичигт-Зүүнхатавчийн төмөр замын ажлыг маш яаралтай урагшлуулах хэрэгтэй. Ингэж байж бид 160 сая тн нүүрсээ борлуулж, нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэнэ. Үүний дараа эдийн засаг аяндаа тэлнэ. Эргээд Баялгийн санг бүрдүүлэх эх үүсвэрүүд нэмэгдсэнээр ард иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудлыг шийдэх Үндсэн хуулийн зүйл заалтууд урагшаа ахих учиртай. Хамтарсан Засгийн газар ийм л ирээдүйгээ харсан төлөвлөгөө тооцоололтой ажиллаж байсан.

Ер нь аливаа ажлыг хийх үед янз бүрийн асуудлууд гардаг. Ажил огт хийхгүй улстөржөөд л тэгэх ч байсан юм, ингэх ч байсан юм гээд шүүмжлээд цэцэрхээд суугаад байх бол дэмий цаг хугацаа л алдана. Мэдээж Засгийн газар бол ард иргэдийнхээ сайн сайхан, хангалуун амьдралын төлөө зүтгэдэг. Тиймээс ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхгүй байж, хий хоосон улстөржихгүйгээр ажиллах ёстой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

М.МӨНХЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.