Зеленский: Трамп, Путин нартай 'ямар нэгэн нөхцөлгүйгээр' уулзахад бэлэн ч Москва руу явмааргүй байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай “ямар нэгэн нөхцөлгүйгээр” уулзахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Гэсэн хэдий ч тэрбээр уг уулзалтыг Москва хотод хийх саналыг дахин няцаасан аж.
Зеленский Sky News-т өгсөн ярилцлагадаа “Би Трамп, Путин нартай гурван талт ч бай, хоёр талт ч бай уулзалт хийхэд бэлэн. Би ямар ч урьдчилсан нөхцөл тавихгүйгээр уулзахад бэлэн байна” хэмээн дурдсан байна.
Гэсэн хэдий ч тэрбээр энэ уулзалтын төлөө Москва руу очих бодолгүй байгаагаа дахин онцолж, хэлэлцээг өөр оронд зохион байгуулах бүрэн боломжтой, америкчууд болон европчуудаас олон санал ирж буйг тэмдэглэжээ.
Сануулахад, энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Владимир Путин "Хэрвээ Зеленский уулзахад бэлэн бол Москва хотод урихад бэлэн" гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Зеленский энэ саналыг хүлээн авахгүйгээ илэрхийлсэн билээ.
Хожим нь Оросын Ерөнхийлөгч Путин Дорнын эдийн засгийн форумын индэр дээрээс Москва хотыг Зеленскийтэй уулзахад "хамгийн тохиромжтой газар" гэж тодорхойлсон бөгөөд Украины төлөөлөгчид ирэх шийдвэр гаргавал тэдний болон Ерөнхийлөгч Зеленскийн аюулгүй байдлыг бүрэн хангана хэмээн амалсан.
ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков ТАСС агентлагт өгсөн ярилцлагаараа дамжуулан "Хэрэв Киевийн дэглэм Оросын талын саналуудыг ухаалгаар хүлээж авахгүй л бол Орос, Украин, АНУ-ын оролцоотой гурван талт дээд хэмжээний уулзалт хийх тухай ярих боломжгүй" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Горьд. [66.181.160.51] 2025-09-17 09:53:28
Ялагдсан бол шившгээ бүрэн амс!