Д.Ганхуяг: Төсвийн дампуу бодлогыг шинэчлэхгүй бол Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орж болзошгүй

Уул уурхайн сайд асан, эдийн засагч Д.Ганхуягтай УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа.
–САЙНЫГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ, МУУГ ДАГАВАЛ МОГОЙН ХОРЛОЛ ГЭХ АРД ТҮМНИЙ ОНЧ ҮГ БАЙДАГ–
-Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсөвтэй холбоотойгоор гишүүдийн байр суурь янз бүр байна. УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан хүний хувьд та энэхүү төсвийг хэрхэн харж байгаа вэ?
-УИХ-ын гишүүдэд иргэд, сонгогчдоос өгсөн, тэднийг төлөөлж төрийн эрх барих эрх мэдэл байна. Өөрөөр хэлбэл, эх орон тань улам уруудах уу, эсхүл өөдлөн хөгжих үү гэсэн тэр хувь заяа нь энэ парламентаас хамаарах цаг үе. Тиймээс төсвийн бодлогын шинэчлэлийг энэ удаагийн 126 гишүүнтэй УИХ л хийх учиртай. Шалтгаан нь хүн хүчний нөөц ч хангалттай бий, мөн ид насны эрч хүчтэй анхлан сонгогдсон гишүүд олонтой.
Өмнөх Их хурлууд парламентын үндсэн чиг үүрэгт хамаарах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тодруулбал, төсвийн багц хуулиудад тавих хатуу хяналтаа хэрэгжүүлээгүй ирсэн. Ингэснээр төсвийн сахилга бат, хариуцлага, төсвийн орлогыг татвараараа бүрдүүлэгч ард түмэндээ тайлагнах хариуцлага зэргээ умартаж ирсэн учраас олон улсын хэмжээнд Монгол Улс хамгийн муу төсвийн бодлоготой, төсвийн үр өгөөж тааруу орон болж хувирсан.
Ер нь татвар төлөгч ард иргэд бүрдүүлсэн төсвийн орлогыг нь үр ашиг муутай, үрэлгэн зарцуулж буй төр засагтаа хамгийн их сэтгэл дундуур байдаг.
-Таныхаар ер нь сайн төсвийн бодлого гэж яг юуг ойлгох ёстой гэж бодож байна вэ. Олон улсад санхүү төсвийн сайн бодлоготой ямар орон байдаг бол?
-Сайн улсын төсвийн бодлого гэж зөвхөн төсвийн орлого болон зарлагын тэнцлийг хэлэхгүй. Эдийн засгийн эрүүл байдал, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийн байдал, ард түмний амьжиргааны түвшний тогтвортой байдал ба өсөлт зэргийг хангах зорилгоор боловсруулагдсан бодлогыг хэлнэ.
Манай улсын хувьд Засгийн газраас жил бүр улсын төсвийг боловсруулж УИХ-д өргөн барьдаг. Гэвч энэ төсөв нь сайн төсөв болсон уу, муу төсөв болсоно уу, энэ төсөв батлагдсанаар улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хааш нь хөтлөх талаар ойлгомжтой нотолгоотой тайлбар өгдөггүй.
Зүгээр л тэдэн наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байна. Алдагдлаа гадны зээлээр нөхнө, энэ зээлээрээ хувийн хэвшлээ дэмжих юм гэсэн маягаар явдаг. Ингэсээр сүүлийн ес орчим жилд 10 орчим тэрбум ам.долларын зээл авч төсвийн алдагдлыг нөхсөн байна.
-Тэгвэл та яг одоогийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайн, эсвэл муу гэж дүгнэх үү. Таны бодлыг сонсъё?
-Ер нь ганц хүн дүгнэх боломжгүй. Би УИХ гишүүн байхдаа Дэлхийн банк, Олон улсын валютын сан шиг санагдаж байна, энэ сэдвээр эдгээр байгууллагын сургалтын хөтөлбөрт хоёр ч удаа 14 хоногоос сарын хугацаатай хамрагдаж байсан. Дөрвөн ч удаа УИХ дээр төсвийн хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. Хамгийн хүнд үе нь 2011 онд 2012 оны төсвийн багц хуулийн ажлын хэсгийн ажил байсан.
Яагаав нөгөө МАН-ын дарга, ерөнхий сайд асан С.Баяр гуайн 2008 оны УИХ-ын сонгуулиар өгсөн 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт. 2012 онд УИХ-ын сонгууль болох гэж байв. Эрх баригч МАН-ын гол амлалтын биелэлт тааруу байдаг. Тэгээд иргэн бүрд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг ажлын хэсгийн гишүүдтэйгээ хамтарч санаачилснаар УИХ дэмжсэн. Хэрэв ингээгүй бол Монгол Улс маань дааж давшгүй өрөнд орох байсан.
Энэ 1072 хувьцаа явсаар өнөөгийн баялгийн сан болж хувирсан. Гэхдээ Чалко компаниас 350 сая ам.доллар, Оюу толгойн ордын лиценз эзэмшигч Айванхоу Майнз ХК-иас 120 сая ам.долларын урьдчилгаа зээлүүд авч тараасан шиг санагдаж байна. Муу юм урхагтай гэж энэ хоёр зээлээс болж Монгол Улс одоо ч гэсэн хохирсоор байж магадгүй.
-Бусад орнуудын төсөв батлагдах процесс, бодлого ямар байдаг бол. Манайд бол Засгийн газар өргөн бариад УИХ хэлэлцсэн болоод л баталж байгаа шүү дээ…?
-Хөгжилтэй ардчилсан орнуудад ирэх оны төсөв батлахын өмнө эхлээд Засгийн газрын холбогдох судалгааны байгууллагаас энэ төсвийн төслийн бодлогоо танилцуулж, ирэх онд улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх таамгаа дэвшүүлдэг. Тэгмэгц нь манайхаар бол Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь өөрийн байр сууриа илэрхийлдэг.
Үргэлжлүүлээд энэ ирэх оны төсвийн бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх Засгийн газрын байр суурьтай өрсөлдүүлэх байдлаар мэргэшсэн хувийн хэвшлийн байгууллага (think tank)-ууд шинжлэх ухааны тооцооллын үндэслэлтэй байр сууриа дэвшүүлдэг.
Ингээд чамгүй хугацаа өнгөрсний дараа парламент нь төсвөө хэлэлцэж эхэлдэг. Гэтэл манайд сангийн сайдын товчхон үг дүгнэлтээр явж байна. Ингэж бүхэл бүтэн орны жилийн төсөв, эдийн засгийн асуудлаар олигтой тооцоо судалгаагүй дүгнэлт гаргадаг сод ухаантан дэлхийд ховорхон байх. Зүгээр хиймэл оюунаар бол таамаг тооцоо хийдэг болсон гэх.
Энэ АОНЭХ нь аль хэдийн улс төрийн намын карманын байгууллага болсон байсан бөгөөд одоо чимээгүй болжээ. Хүндэтгэх шалтгаан ч байгаа байх. Гол нь том гэгдэх улстөрчид өөрийн хүнээ тавьж өөрсдийгөө дагалдан долоогч болгох гээд сууж байхыг үгүйсгэх боломжгүй. Ардчилсан ил тод нээлттэй байх учиртай хуулийн засаглалтай оронд ийм дарангуйлал тогтоох сонирхол үнэртсэн увайгүй байж боломгүй.
-Хэдэн мянган иргэний санал тусгагдсан төсөв гэж яриад байгаа шүү дээ…?
-Цахимаар тэдэн мянган хүний саналаар дэмжигдсэн төсвийн бодлого гэж ярих нь утга төгөлдөр бус. Шалтгаан нь иргэд ганц хоёроороо томоохон асуудлаар дүгнэлт хийх боломж хомс. Мэдээж хэн хариуцлага хүлээх нь тодорхой бус.
Хувийн хэвшлийн эрх ашгийг жинхэнэ хамгаалах үүрэгтэй АОНЭХ нь “Төр нь уул уурхайн салбарын хувийн компанидад тусгай зөвшөөрөл өгчихөөд баахан зардал гаргаж, өр зээл тавьж зүтгэсээр арайхийж орлого олж эхлэхээр нь компанийх нь хувийг авна хэмээн өдөр бүр дарамталж байхад” таг дуугай байж болохгүй.
Ядахдаа хоёр талыг ойртуулах хэлэлцээрийг санаачилж болмоор. Үндсэн сэдэвтээ ороод эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэг л тодорхойлолт оруулчихъя. Том сэдэв тул дэлгэрэнгүй бичих боломжгүй байх, тийм үү.
-Тийм ээ. Ер нь таныхаар төсвөө алдагдалгүй батлах, эсвэл алдагдалтай батлахын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Эдийн засгийн бүх л үйл ажиллагаа идэвхтэй, бараа үйлчилгээний борлуулалт сайн, аж ахуйн нэгж, компани болон өрхийн орлого өсөлттэй, компаниудын хөрөнгө оруулалт болон ажил эрхлэлт нэмэгдэж байгаа, үндэсний валютын ханш болон инфляци харьцангуй тогтвортой байгаа зэрэг нөхцөл байдлыг эдийн засгийн нөхцөл байдал (economic conditions эсхүл business conditions ) САЙН гэнэ.
Эсрэгээрээ бол мэдээж МУУ. Эндээс төсөв зөв сайн батлагдвал эдийн засгийн нөхцөл байдал сайжрах нь ойлгомжтой. Мөн эдийн засгийн нөхцөл байдал улмаар эдийн засгийн бүх үйл ажиллагааны идэвх ямар байгаа, түүнчлэн энэ үйл ажиллагааны үйлчлэл нь бараа үйлчилгээний үнийн индекс зэрэг маш олон үзүүлэлтүүдээр (diffusion index, index number of prices, Indices of Mining Industrial Production) гэх мэт илэрхийлэгддэг. Угтаа бол ийм дүгнэлт хийх нь Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, түүнчлэн Засгийн газрын үүрэг юм.
-Тэгвэл дэмжигдсэн хувийн хэвшлийн төсөл нь хаана байна вэ гэдэг асуулт гарч ирэх юм байна, тийм үү?
-Лав л хувийн хэвшлийг дэмжээд бариулчихсан төмөрлөгийн үйлдвэр, түүнчлэн зэс хайлуулах үйлдвэр алга. Ийм үйлдвэрүүдийг яагаад хувийн хэвшилээ дэмжиж, эсхүл хамтарч байгуулдаг юм бэ гэхээр боловсруулах үйлдвэрийн салбарт дэвшилт технологи, инноваци, шилдэг менежмент зэрэг нь жил бүр, дэгсдүүлж хэлбэл улирал бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Энэ шинэчлэлийн хурдыг төрийн өмчийн компанийн удирдлага гүйцэхгүй, бас амжихгүй. Шалтгаан нь төрийн өмчийн компанийн удирдлага өмчийн эзэн биш тул тэгж их сэтгэл зүтгэл гаргахгүй байх.
Мөн хэзээ ч солигдож магадгүй тул хариуцлагаас болгоомжлон хоёр сэтгэл гаргах нь элбэг байдаг. Дээр нь Монгол Улсад бол төрийн өмчийн компанийн удирдлага цэвэр улс төрийн захиалгаар томилдог.Мэдлэг бол туршлага гэдгийг боддогүй. Насаараа төрд ажилласан хүнийг, эсхүл сонгуулиар хэн нэгэн даргын менежер хийсэн компани удирдаж үзээгүй цүнх баригч гэгддэг залуусыг томилдог. Ингэхээр яаж төрийн өмчийн компани олигтой ажиллах билээ.
Бид зэсийн баяжмал болон төмрийн хүдрээ боловсруулаад хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийгээд экспортлоход нэмүү өртгөөр хэд дахин илүү орлогыг олно. Тухайлбал, төмөрлөгийн үйлдвэртэй болсноор ган төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсээ түүхийгээр нь гаргаснаас 5-6 дахин илүү орлого олно.
-Боловсруулах үйлдвэртэй болгоно гээд олон жил ярьж байна. Яг бодит амьдрал дээр баригдаж байгаа үйлдвэрүүд цөөхөн байх шиг…?
-Манайх урд хөршөөсөө жилд 400 сая ам.доллараар барилгын төмөр хийц импортолдог. Гэхдээ манай улсад өнөөгийн байдлаар энэ боловсруулах үйлдвэрийн туршлагатай компани бараг байхгүй. Иймээс эцсийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр борлуулж чадах болон ган үйлдвэрлэх шилдэг туршлагатай томоохон гадны компаниудыг энэ төсөлдөө хөрөнгө оруулагчаар оруулсан нь дээр.
Монгол хүн бүрийн хүсэл нь нефть боловсруулах үйлдвэртэй болох байх. Шалтгаан нь далайд гарцгүй, энэ бүтээгдэхүүний нийлүүлэгч хэцүүхэн хөрштэй учраас. Гэвч сүүлийн жилүүдэд ийм үйлдвэрийг төрийн өмчит компанийг шинээр байгуулж бариулж байгаа орон тийм олон биш. Ер нь бол эхнээсээ дэд бүтцийг бий болгоход төр оролцоод, үйлдвэрээ мэрэгшсэн компанид өгсөн бол зүгээр байсан байх.
Ер нь бас л ийм үйлдвэрт бараг ажиллаж үзээгүй, ийм төсөл удирдсан туршлага тааруу хүмүүс энэ төслийг удирдан хэрэгжүүлж байна гэж ойлгосон. Дээрх хувилбарын саналаар шийдэхэд одоо ч гэсэн оройтойгүй байж магадгүй. Үнэгүй юм, зах зээлийн үнээс хямд юм зөвхөн ангийн хавханд байдаг гэж ёжилдог. Цаашид энэ төсөл нэлээд хэл ам татлах нь тодорхой бололтой. Ер нь бид “хамгийн сайн мэдлэг бол сайн туршлага, боловсрол бол асуудлын мөн чанарыг тайлах шинжлэх ухааны аргачилалд суралцах төдий зүйл” гэдэгт анхаарах учиртай болжээ.
-Эргээд төсөв рүү оръё. Алдагдалтай төсөв 8-9 жил баталжээ. Тэгээд юу бүтээсэн юм бэ?
-Оргүй хоосон биш байх. Миний барагцаалж байгаагаар төр их баян болсон бололтой. Хэвлэлийн мэдээгээр төр, засаг 68.5 их наядын байшин барилгатай болсон гэх. Харамсалтай тоо. Зарим аймаг эрчим хүч нь дутагдаад эхлэхээрээ хувийн хэвшлийн компанийн хэрэглээг зогсооно гэж дарамталдаг болсон гэх. Шалтгаан нь аймгийн төв доторх төрийн байгуулагуудын байшин тийм олон болжээ гэсэн үг.
Иймд одоо жагсаалт гаргаж байгаад хот, орон нутаггүй энэ байшингуудаасаа онцын шаардлагагүйг нь шууд дуудлагын худалдаанд оруулах ажлыг орон даяар зохион байгуулах. Энэ олон барилгын тал нь байхад хангалттай байх. Нөгөө талаас энэ олон барилгын ашиглалтын зардал нь талийж өгч байгаа.
Энэ нь төсвийн зардлын ангиллаар бол хөрөнгийн үйлчилгээний зардал дотор байсан санагдаж байна.Эндээс асар их төсвийн хэмнэлт гарна. Мэдээж сургууль, цэцэрлэгийн гэх мэт барилгууд үүнд хамаарах учиргүй. Мөн энэ төсөв хэлэлцэж байх үед орон даяар дутуу баригдсан барилгын тоог гаргамаар байна.
-Дутуу баригдсан барилгын тоог ямар учиртай гэж…?
-Саяхан нэг суманд хөгжимт драмын театр барихад 15 жилийн турш 21 тэрбум төгрөгийг зарцуулж байна гэж.
-Чуулганы хуралдааны үеэр гишүүд тэгж ярьсан…?
-Ийм төсвийг авлигажсан төсөв гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлсэн байдаг. Энэ үнэн дээ. Энэ дутуу баригдсан төсвийн талаар хамгийн сайн судалгаа хийдэг хүн бол УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх, доктор Р.Даваадорж гуай. Мөн ч их ярьсан. Даанч төр нь чихгүй учраас олигтой сонсдоггүй байх.
2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байх үед холбогдох төрийн өндөр албан тушаалтнаас “Гэмт хэргийн шинжтэй байж болох 7.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн, энэ нь жилийн төсвийн орлогыг 26.7 хувийг эзэлж байна” хэмээн сошиал орчинд мэдээлэгдсэн байдаг.
Нэр бүхий УИХ-ын гишүүн сүүлийн үеийн Сангийн сайд нар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаднаас авсан зээлээ дахин сонгогдохын тулд өөрийн тойргийн хөрөнгө оруулалтдаа зарцуулсан. Энэ бол төсвийн бас, хуулийн хулгай юм гэж удаа дараа мэдэгдсэн байдаг.
-Намууд ийм хүмүүсээ төрөөс холдуулах үүрэгтэй биз дээ?
-АН энэ тал дээр олон улсын сайн жишгээр хувьсал хийх байх гэж бодож байна. Сүүлийн таван жилд 110 гаруй их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулсан гэж хэвлэлд гарсан. Тэгээд хувийн хэвшил хөгжсөн нь хаана байна. Төрийн худалдан авалтыг тойрсон том дарга нарын татаастай, ашиг сонирхол нэгтэй хэдхэн компанийн орлого ашиг л үсрэнгүй нэмэгдсэн байх. Мөн гадаадын компаниуд.
-Яагаад ингэдэг билээ?
-Манай компаниудад гадаадад очоод тэр орны тухайлбал, урд хөршийн төрийн худалдан авалтад оролцож чадах уу, эсхүл оролцуулах уу. Үгүй л байхгүй юу. 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын нийт зардалд зам барих хөрөнгийн хэмжээ нь 40 хувийг зарцуулахаар байна гэж хэлсэн байх шиг байсан. Энэ бол Сангийн яамны орон нутгаас сонгогдсон гишүүдийг лоббидсон бодлого байх талтай. Хардах эрхтэй, ингэж болохгүй. Хэзээ төсвийн хөрөнгө оруулалтын арга, хэмжээг улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлдэг болох юм бэ.
Нөгөө сайн төсвийн бодлоготой орнуудад төсвийн хөрөнгө оруулалтаа “Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи, хүрээлэн буй орчин ба эрчим хүч, дэд бүтэц гэсэн дарааллаар өсөлтийг бий болгох салбартаа нэн тэргүүнд хөрөнгө хуваарилдаг. Эндээс улсын хөгжил бол хүний хөгжил гэдэг нь харагдах байх.
-Ингэхэд эрчим хүчний дутагдал, хэрэглээний өсөлтийн асуудлаа яаж, хэзээ шийдвэрлэхээр байгаа бол?
-Энэ салбарт бодлогын, тогтолцооны, зардал хэмнэлтийн технологийн шинэчлэлийг хурдан хийх шаардлагатай. Бодит байдалд энэ салбарын технологи, менежмент гээд ихэнх функцүүд нь асар их хоцрогдсон. Зүгээр л өнөөгийнх шиг эрчим хүчний үнээ нэмээд л салгануулаад явна гэвэл олон түмэн бухимдах нь тодорхой байх. Хөгжилтэй орнууд нь дайн эхэлсний дараагаас эрчим хүчний орчин үеийн бодлогоо шинэчилж дуусаад хэрэгжүүлээд явж байна.
Манайд ийм туршлага байхгүй учраас, сайн чадахгүй бололтой. Ер нь сайн эрчим хүчний бодлого, технолог, менежменттэй , ашиг сонирхлын зөрчилгүй хөгжилтэй орнуудын хувьцаат компаниудаас төлбөртэй зөвлөх үйлчилгээг яаралтай авсан нь дээр болов уу. Уг нь Монгол Улс өвөг дээдсээс үлдээсэн гайхалтай сайн, их эрчим хүчний нөөц, түүхий эдтэй орон билээ.
Ер нь товчхон хэлэхэд, 2023-2025 хооронд эдийн засаг сайн байсан. Гол нь Монгол Улсын экспортын гол нэрийн алт,зэс тодруулбал нүүрсний сайн байсан. Гэвч энэ хугацаанд төсвийн урсгал зардлыг тэлснээс,эдийн засгийг тэлэх олигтой төслүүдийг хувийн хэвшилтэйгээ хамтраад хийж чадаагүй нь харамсалтайгаас гадна том алдаа.Сангийн яам одоо иймэрхүү юмаар олон түмний тархийг угааж байхын оронд төсвөө алдагдалгүй баталчих.
Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ нэг оронтой тоонд оруулах боломжтой болвол, энэ тохиолдолд арилжааны банкны зээлийн хүү сарын нэг хувь болох боломж бий. Төгрөгийн ханш тогтворжиж бага ч гэсэн чангарваас импортын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт багасна. Энэ нь манай улсад амьдарч байгаа бүх монголчуудын амьдралд ээлтэй, бас өгөөжтэй бодлого болох нь дамжиггүй.
-Ер нь хэзээ төгрөгийн ханшны годройдолт буурч, ханш нь чангарч, худалдан авах чадвар нь дээшлэх юм бэ. Монголын төр, засагт ийм бодлогын зорилт байхгүй гэж үү. Та юу гэж бодож байна?
-Төсвийн сайн бодлоготой орнуудад төсвийн хөрөнгийг улс төрийн зорилгоор зарцуулахыг хязгаарлаж, түүнчлэн хориглодог байна. Манай улсад яадаг билээ бид бүгдээрээ мэднэ. УИХ дахь олонхын гишүүд, УИХ-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нь дараагийн сонгуульд ялалт байгуулж албан тушаалаа хадгалахын тулд УИХ-ын сонгуулийн өмнө маш олон хуулийг нэгэн зэрэг батлаж дэлхийн рекордыг тогтоох, түүнчлэн сонгуулийн жил улсын төсвөө асар ихээр тэлж батлан, энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд зах зээлд төгрөгийг хэмжээ хязгааргүй хэвлэн нийлүүлдэг уламжлалтай болсон.
Ингэснээр УИХ-ын сонгуулийн дараагийн жилүүд болох 2017, 2021, 2025 онуудад ам.доллартай харьцах төгрөгийн ханш огцом унаснаар, өргөн хэрэглээний импортын барааны үнэ 3-4 дахин нэмэгддэг. Үр дүнд нь төрөөс олон тооны тэрбумтан төрж, баян хоосны ялгаа ихэсч, дундаж орлоготой давхрага нимгэрч, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй. Тиймээс залуус гадагш хөдөлмөр эрхлэхээр олноороо явах нь нэмэгдэж, ядуурлыг хамрах хүрээ тэлж ирсэн нь бодит үнэн.
-Өнгөрдөг сонгуулийн дараа ч ийм үзэгдэл улс төр, эдийн засгийн орчинд бий болсон гэж та үзэж байна уу?
-2024 онд тэр үеийн МАН улсын төсвийг сонгуульд зориулж 30 орчим хувь тэлэн баталж, дагуулаад төгрөгөө тооцоо томьёогүйгээр хэт их хэмжээгээрхэвлэн зах зээлд нийлүүлсэн. Ингэснээр 2024 онтой харьцуулахад энэ 2025 оны эхний найман сарын байдлаар төгрөг ам.доллартай харьцах ханш 10 орчим хувиар унаж импортын гол нэрийн барааны үнэ төгрөгийн ханшны уналтаас хэд дахин илүү хувиар өссөн байдалтай байна. Мөн Гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах талаар улс төрчид байнга ярьдаг. Гэвч ийм их үндэсний валютын ханшны хэлбэлзэлтэй оронд хэртэй бол хөрөнгө оруулалт хийхгүй дээ.
-Төр, засгийнх нь сонгуульд зориулсан муу төсвийн бодлогын улмаас сонгууль болгоны дараа үндэсний валют төгрөгийн ханш ингэж огцом унаж байхад гаднаас хөрөнгө оруулалт орно гэж үү?
-Төсөв, санхүү, эдийн засгийн муу бодлого сүүлийн 9-10 жилд үргэлжилсээр байгаа тул олон улсын хэмжээнд ардчилал, өрсөлдөх чадвар, авлига, улсын төсвийн үр өгөөж, бизнес эрхлэх зэрэг засаглалын үзүүлэлтүүд 5-30 дугаар байраар ухарчихсан байхад эрх баригчид хээв нэг 2026 онд энэ бодлогоо үргэлжлүүлнэ гэж байгааг юу гэж ойлгох вэ. Олон түмнээ дэндүү доромжилж байгаа бус уу.
Төр, засаг ер нь авдаг хэдэн төгрөг нь амьдралд нь хүрэлцэхгүй, шударга бус явдал газар авсан, хэт их стресстэй энэ нийгэмд энгийн иргэдийн сэтгэхүй бензинтэй торхтой адил дэлбэрэхэд ойрхон байгааг мэдрэх хэрэгтэй.Өнгөрсөн есөн жилийн хугацаанд улсын төсөв зарлагыг 3.52 дахин тэлж, Засгийн газрын өр 1.6 дахин буюу 12.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш 90 орчим хувиар унаж, ам.доллараар тооцсон улсын дундаж цалин 52.2 хувиар буурчээ.
Энийг л нэг алхам урагш, хоёр алхам хойш загвараар хөгжил нь доороо хий эргэж байгаа орон гэдэг. Нөгөөтэйгүүр сонгуульд зориулж төсвийн хуулийг өөрчилснөөр, эсхүл төсвийн хөрөнгийг зарцуулснаар улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тухайн намыг нь татан буулгах хариуцлага тооцдог орнууд байдаг.
-Тэгэхээр манайд ч бас ийм эрх зүйн орчин байх шаардлагатай гэсэн үг үү?
-Тийм ээ. Монгол Улсад ч хуулийн ийм зохицуулалт шаардлагатай болж. Ер нь дараагийн сонгуулиас эхлэн цаашид ардчилсан хөгжилтэй орнуудын жишгээр эрх баригч намын болон УИХ гишүүдийн, Засгийн газрын ажлыг байшин барьсан, зам тавьсан зэрэг бүтээн байгуулалтын ажлаар биш, улс орныг хөгжүүлэхэд хийсэн шинэ ажил гол нь хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулсан гэх мэтээр нь дүгнэх хэрэгтэй. Хамгийн чухал нь иргэдийн амьдралын чанар дээшилсэн үү, доошилсоно уу, бизнесийн орчин сайжирсан уу, муудсана уу, хулгай хийсэн үү, ёс зүйн ноцтой алдаа гаргасан уу гэсэн тавхан үзүүлэлтээр дүгнэдэг болмоор байна.
-Төсвийн хүрээний мэдэгдэлээ УИХ төсөвтөө тааруулаад өөрчилдөг болсон талаар гишүүд шүүмжилж байсан…?
-Манай улсад төсөв, санхүү, эдийн засаг, нийгэм хамгаалалын дунд, урт хугацааны бодлого байхгүй болоод удаж байна. Энэ бодлогыг уг нь төсвийн хүрээний мэдэгдэл гэх хуулиар зохицуулдаг ч нэгжилийн дараа өөрчлөөд хаячихдаг. Ингэхээр бүх юм дуусаа. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого тогтворгүй, төрийн бодлогын уламжлалт байдал байхгүй гэсэн үг.Тогтворгүй орчинд хүн амьдрах дургүй, мөн хөрөнгө оруулагчид ийм орчныг сонирхдоггүй.
Гадны зарим хүмүүс нэлээд хэдэн жилийн өмнөөс танай улс хэдэн Ерөнхий сайдтай юм бэ гэж шоглосон байдлаар асуудаг болсон. Уг нь Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар ямар ч хуулийг санаачлах эрхтэй. Мөн хууль батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж, хуулинд хориг тавих эрх зөвхөн ерөнхийлөгчид байдаг.
Харин УИХ-ын баталсан төсөв, санхүү, эдийн засагтай холбоотой хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангах эрх үүрэг зөвхөн гүйцэтгэх засаглал буюу Засгийн газарт байдаг. Гэтэл хэдэн жилийн өмнөөс УИХ-ын гишүүд болон УИХ-ын удирдлага гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд ихэд оролцдог болсон. Уг нь УИХ нийгэм эдийн засгийн болон бусад эрх зүйн орчноо сайжруулах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх ажил нь хамгийн чухал.
Мөн зарим орнуудад УИХ-ын дарга нь намаас түдгэлзсэн байдаг. Энэ нь УИХ-аас гардаг шийдвэр нь эрх баригч намд үйлчилсэн, улс, нийт иргэдийн эрх ашгийн дээр намын эрх ашгийг тавьсан шийдвэр гаргуулахгүй байхтай шууд холбоотой. Парламентаас аль нэг намд үйлчилсэн шийдвэр гарч улс орныг хүнд байдалд оруулж байсан тохиолдлууд байдаг.
Нөгөө талаас Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал дотор төсөв, санхүү, эдийн засаг, нийгэм хамгаалалтай холбоотой УИХ-ын баталсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх талаар ямар ч заалт байхгүй. Гэтэл ерөнхийлөгчийн зарим шадар зөвлөхүүд нь бодит эдийн засгийн салбарт хүртэл төсөл хэрэгжүүлж байна гэж яваад байх юм.
-Тэгэхээр яаж зааглана гэсэн үг вэ?
-Энэ асуудал дээр Үндсэн хуулиа мөрдөх хэрэгтэй. Энэ нь төр төмбөгөр, ёс ембогор гэх монгол зарчим алдагдаж байгаа нэгэн жишээ ч байж магадгүй юм.
-Манай боловсрол, эрүүл мэндийн салбар туйлдаа хүртэл унаж байх шиг. Энэ жил гэхэд нэг ангид 80 орчим сурагч хичээллэж байна. Та хувьдаа үүнийг хэрхэн өөрчлөх шаардлагатай гэж үздэг вэ?
-Шалтгаан нь Үндсэн хуульд заасан бүх нийтийн боловсрол үнэгүй байх, эх орны ирээдүй болсон ЕБС-ийн сурагчдыг зөв хүмүүжил, төлөвшиж суралцах тэгш шудрага, таатай орчныг бүрдүүлэх бодлого алдагдсан. Гол шалтгаан нь хувийн хэвшлийн ЕБС-ууд нь сургалтын төлбөр өндөртэй тул, ажиллах таатай орчин, цалин урамшууллаа бодоод сайн багш нар маань хувийн сургууль руу шилжсээр байгаад байна.
Азийн хөгжилтэй орнууд нь эх орны ирээдүйг авч явах хүмүүс нь сурагчид учраас энэ салбар дахь хувийн хэвшлийн оролцоог 10 хувиас доош түвшинд барьдаг бололтой юм билээ. Эдгээр орнуудад энэ салбарын ажилтан багш нарын цалин, хангамжийг аль болох боломжийн түвшинд байлгадаг. Ийм л учраас бүх нийтийн боловсролыг бизнес болгодоггүй байна.
Харин сургуулийн өмнөх боловсрол бол өөр байдаг. Үндсэн хуульд энэ талаар зохицуулалт байхгүй байсан.Иймээс үүнийг орон нутгийн хөгжлийн сан, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн оролцоотойгоор шийддэг хандлага голлодог. Хэрэв манай улсын Ерөнхий боловсролын салбар цаашид энэ холимог байдлаар явбал улсын сургуулиуд багшийн дутагдалд улам орох нь тодорхой
-Эрүүл мэндийн салбарын хувьд та юу хэлэх вэ?
-Эрүүл мэндийн салбар даатгалын сайн тогтолцоонд суурилж хөгждөг. Гэтэл даатгалын санг нь хоосолчихдог. Тэр Капитал ч билүү банк НДС-ийн 340 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг алга болгочихоод яахаараа эргэж төлж дуусгадаггүй юм. Нөгөө цамцаа урагдтал ард түмнийхээ талд зүтгэдэг дарга нар маань ийм асуудлыг шийдэх эрх үүрэгтэй.
Сүүлийн жилүүдэд лав ЭМДС нь тухайн жилийнхээ гуравдугаар улирал дуусаагүй байхад хоосорчихдог болсон гэх. Эхнийхтэй нь хариуцлага бараг тооцоогүй учир сангийн хөрөнгийн хулгай үргэлжилж байж магадгүй. Ер нь ЭМДС нь ёроол нь цоорхой сав лугаа адил болсон байж магадгүй. Ер нь НДС ялангуяа ЭМДС нь татварын орлого биш иргэд ирээдүйд хэрэгтэй үед хэрэглэх зорилготой Хуримтлалын сан юм.
Иймд энэ сангийн хөрөнгийн тодорхой хувийг иргэн бүрд нэрийн данс нээж байршуулахаас нааш хулгай дуусахгүй. Сайн төсөв, нийгмийн даатгалын менежменттэй орнууд ийм л байгаа. Өнөөдөр эдийн засаг дахь төрийн оролцоо 38 хувьтай байгаа.Энийг одоо багасгаад сонгуулийн амлалтын 25 хувиа биш юм аа гэхэд 30 хувь болгоод буулгачих хэрэгтэй. Тэгвэл асар их хэмнэлт гарна. Үүнээс гадна төрийн өмчийн ААН-ийн төсөвт өртөг нь ДНБ-ий 37 хувьтай тэнцдэг.
Төрийн өмчит 123 компанийн орлого 23 их наяд, зарлага нь 16 их наяд төгрөгөөс давсан. Эдгээр компаниудын нийт өрөнгийн дүн нь 64 их наяд төгрөг, өр төлбөр нь гэхэд 22 их наяд төгрөг. Энэ нь бараг улирлын орлоготойгоо тэнцүү бололтой. Эндээс харвал Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөний урсгал хяналтгүй, хариуцлагагүй урсаж байна гэсэн үг.
-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна гэж олон жил ярьсан. Сүүлд 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш бүтэн жил гаруй хугацаанд ярилаа. Үр дүн байна уу?
-Үр дүн бараг байхгүй. Ингэхээр өөр сонирхол байж магадгүй бололтой. Уг нь дэлхийн олон орнуудын сайн туршлага бий. Төрийн өмчийн компаниудыг ТӨБЗохицуулалтын газар хариуцдаг юм уу даа. Энэ байгуулагын удирдлагад компани удирдаж амжилтад хүрсэн туршлагатай хүн байгаа юм уу.
Миний ойлгосноор улстөрчдийн тохироогоор, мөн Засгийн газар солигдохоор улстөрчдийн дохио зангаагаар энэ компаниудын удирдлагад хүмүүсийг тодорхой шалгуургүйгээр томилж сольдог газар ч юм шиг санагдсан. Хамгийн түрүүнд амархан хийх ажил нь геологи уул уурхайн салбарын компаниудын захирлууд, ТУЗГишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар солих.
Тэгээд энэ захирлуудтай нь 3-5 жилийн санхүүгийн үзүүлэлт бүхий гэрээ байгуулах. Тэгээд энэ захирлууд нь орлого, ашиг, хүний нөөц маркетинг гэх мэт бодлогуудаа өөрөө хариуцаад явах. Харин нь хагас жил, жилээр тухайн жилийн бизнес төлөвлөгөөний биелэлтийн байдал санхүүгийн тайланд суурилсан үйл ажиллагааны үр дүнгийн тайланг нээлттэй сонсоод явах.
Тэрнээс улс төрчид, ЗГ энэ компаниудын удирдлагыг янз янзын хурал дээр байнга дуудаад чичлээд ажлыг нь хийлгэхгүй байж болохгүй. Олон улсын жишиг ийм л байгаа. Мөн компанийн хамгийн шилдэг хэлбэр нь хувьцаат компани. Иймд энэ төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр яаралтай нээлттэй хувьцаат компани болгох.
Хувьцаат компанийг төр, хувийн хэвшил хамтарч удирдвал хамгийн сайн үр дүн гардаг гэдэг. Өөрийн охныхоо хөрөнгийн биржээрээ төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгоосой гэж хүсэх байна. Тэгвэл Монгол Улс маань Азийн хүчтэй хөрөнгийн зах зээл болох бүрэн боломжтой. Өнөөдөр төрийн өмчит компаниудын өр нь 22.8 их ЗГ-ын өр 35.5 их наяд, хөгжлийн банк болон төрийн банкны өр нийлээд 5 их наяд орчим, Монгол банк 8 их наяд( Урд хөршийн зээл, spot agreement) нийт 70 орчим их наяд ₮-ийн өр, зээл байж магадгүй. Энийг л дампуу гээд байгаа юм.
Тэгээд энэ их хөрөнгөөр юу хийснээ төр, засаг үнэнээр нь тайлагнах үүрэгтэй байх. Олон түмэн хэзээ нэгэн цагт нэхэж таараа. Төсөвт хулгай их байна гэж хэвлэлүүд бичдэг. Тэгээд манай хууль хяналтынхан хэр ажиллаж байна вэ?. Шалтгаан нь эрх баригч намын гишүүн болохоор хамгаалдаг юм болов уу?Уг нь тэд төрийн тусгай албаны зарчим, хуулийн дагуу ажиллах учиртай. Ийм учраас л тэд ард, иргэдийн төлсөн татвараас хуулийн дагуу цалин, хангамжаа эдэлдэг.Нэг л биш байх шиг.
Сүүлийн үед шинээр бүрдээд удаагүй байгаа УИХ-ын УИХГишүүдтэй л их ноцолдож байгаа харагдах юм. Болохгүй зүйл биш байх.УИХ-д нэр дэвших үед нь энэ шалгалтаа сайн хийсэн байх учиртай л даа.Ард түмнийг төлөөлж төрийн эрх байгуулагад ажиллаж байгаа тэдний ард сонгогч түмнийх нь эрх ашиг байдаг.
Монгол хүн эх орныхоо ирээдүйг бодох учиртай. Бусад нь жижиг, цаг хугацаа бол дэндүү богинохон байдаг. Бас нэг сонин гажиг нь улстөрчид хууль зөрчин өөрсдийгөө татвар төлөгчдийн хөрөнгөөр суртачилдгийг зогсоох нь шударга ёсонд нийцнэ. Мөн дунд зэргийн компанийн удирдлага суудлын машин унаж байхад тэдний төлсөн татварыг зарцуулдаг дарга нар түүнчлэн цүнх баригчид нь хүртэл төсвийн хөрөнгөөр тансаг зэрэглэлийн жийп худалдан авч унаж буй хачин сонин үзэгдэл бас байна.
Иймээс төсвийн МУУ бодлогоо заавал сайжруулж сайн бодлоготой болох шаардлагатай. Төсвийн сайн бодлоготой байвал эдийн засаг эрүүлжиж, ард иргэдийн сэтгэл ханамж сайжирч, тэдний төрдөө итгэх итгэл нэмэгддэг жамтай.
-Өнөөгийн УИХ, Засгийн газрын гол ярьдаг зүйл нь хүн биш хууль засаглана, хүн төвтэй төсөв, хууль гэж. Та энэ бодлогыг хэрхэн ойлгодог вэ?
-Манай улсад хуулийн засаглал тун тааруу байгаа нь судалгаагаар байнга гардаг. Таны хэлснээр улстөрчид “Хүн засаглахгүй хууль засаглана” гэж ярих дуртай боловч хэрэгжилт тааруу. Иймд одоо төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох УИХ-д АН хүчтэй цөөнх байгаа нь олзуурхууштай. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчвөл Ёс зүйн байнгын харооны хурлаар оруулах. Засгийн газрын гишүүн Үндсэн хууль болон бусад хууль зөрчвөл Ерөнхий сайдаас нь тэр сайдыг огцруулахыг шаардах хэрэгтэй.
Хуулийн засаглал бэхжих явдал бол Монгол Улсын хөгжлийн нэг номерийн хийх ёстой ажил. Өнөөгийн манай улсын нөхцөл байдалд УИХ нь ялын бодлогын шийдвэр гаргадаг прокурорын байгуулагыг улс төрөөс, намаас, улстөрчдөөс хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болжээ. Парламент дахь цөөнхийг засаглалын хамгийн сайн эмч гэдэг.
-Та туршлагатай эдийн засагчийн хувьд өнөөгийн төсвийн бодлогыг хэрхэн өөрчлөх шаардлагатай гэж үздэг вэ. Төсөв, татварын бодлого сайтай гадны улс орнуудын жишгийг ч бид сайн харж, харьцуулан үзэх шаардлагатай байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Гадны улс орнууд төсөв, татварын бодлогоо ямар системээр явуулж амжилттай хөгжиж байгаа тэр сайн жишгийг бид судлах, өөрт тохирсоноо авах, алдаагаа засах зайлшгүй шаардлагатай. Монголчууд хэлдэг дээ, Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэж. Үүнтэй адилхан гадны өндөр хөгжилтэй орнуудын гол амжилт нь ердөө төсөв, татварын зөв бодлого шүү дээ. Тэгэхээр татварын сайн бодлоготой орнуудын татварын үзүүлэлтүүд ямар байдаг вэ гэхээр хэд хэдэн зүйлээс харж болно.
Нэгдүгээрт, санхүүгийн эрүүл байдал буюу дунд,урт хугацаанд тогтвортой санхүүгийн байдал чухал. Өөрөөр хэлбэл, улсын өрийг үр ашиггүйгээр нэмэгдүүлэхгүйн тулд урт хугацаанд орлого болон зарлагын тэнцвэрийг хадгалах, төсвөө алдагдалгүй батлах учиртай.Хоёрдугаарт, өрийн зохистой удирдлага буюу Засгийн газрын бонд гаргахдаа зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалт болон хямралын үеийн арга хэмжээнд зориулах бодлогоор хязгаарлаж, эдгээр зардлын нийлбэрийг зөвхөн эргэн төлөгдөх хэмжээний хүрээнд байлгах юм.
Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэх ард түмний онч үг байдаг. Иймд Монгол Улс өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдалдаа шинжлэх ухааны үндэслэлтэй бодит дүгнэлт өгөн Сайн төсвийн бодлоготой дэлхийн орнуудын туршлагад суурилан төсвийн бодлогоо шинэчилж, үүндээ үндэслэн эдийн засгийн хөгжлийн загвараа шинжилж чадах уу? Эсхүл уруудах уу? гэдгийн зааг дээр байна.
Судалгаанаас харахад, хүн амын тооны хувьд жижиг орны тоонд орох Монгол Улс нь ”урт хугацаанд төсвийн алдагдалгүй бодлогыг мөрдөж, татварын харьцангуй бага ачаалалтай,хөдөлмөрч авъяаслаг ард түмнийхээ бүтээлч болон хариуцлагатай байдлыг тууштай дэмжиж, төсвийн сахилга бат болон хариуцлагын хэрэгждэг хатуу хуультай, Дэлхийд тэргүүлэх менежментэй Баялагийн сан” гэсэн загвар нь Монгол Улсын хөгжлийн загвар байж магадгүй юм.
-Төв банкнаас хэрэгжүүлдэг гол арга хэмжээ нь бодлогын хүүг өөрчлөх, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах…?
-Аливаа орны төв банк уг нь инфляци, түүнчдэн үндэсний валютын МУ-ынхаар бол төгрөгийн ам.доллар зэрэг чөлөөт валюттай харьцах ханш, энэ ханшийн тогтвортой байдал болон худалдан авах чадварыг хариуцах учиртай. Гэтэл ЗГ болон УИХ нь жилд төсвөө 30 хувиар тэлээд өндөр алдагдалтай батлаад хаячихаар Монголбанк( МБ) нь бодлогын хүү,мөнгөний нийлүүлэлтийг хэлбэлзүүлэх зэрэг хэрэгслээрээ төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, инфляцийг хязгаарлахад хүчин мөхөстөх тохиолдолууд байдаг.
Гэвч хуульд зааснаар Монгол банк нь бие даасан хараат бусаар ажиллах эрх үүрэгтэй. Тэгээд сонин нь УИХ дээр төсөв хэлэлцэж байхад олигтой байр сууриа илэрхийлэхгүй бүлх залгисан юм шиг дуугай суугаад байх тохиолдолууд байсан.Гол нь УИХ-аар мөнгөний бодлогоо батлуулахдаа төсвийн зарлагыг энэ хэмжээнээс хэтрүүлж баталвал инфляцийг энэ интервалын дотор барих боломжгүй гэдгээ хэлчихдэг баймаар байгаа юм.
Тэгээд он гараад тодруулбал сонгуулийн дараагийн жил төгрөгийн ханш унаад инфляци өсөөд ирэхээр төсвийн хэт тэлснээс болсон маягийн юм ярьдаг. Дээр нь төсөв, мөнгөний бодлогыг баталснаас хойш ЗГ болон УИХ -ын шийдвэрээр дулааны үнэ ч юмуу, эсхүл бэлэн тараагаад унана. Ингэхээр мэдээж инфляц буюу юмны өснө. Тэгээд л улс төрчид нь жилжингээ Монголбанкаа загнан чичлэнэ.Үүнийг нэг талаас нь харахаар улс төрийн хүчирхийлэл аятай харагддаг.
Бүүр муу нь муудаа, муна нь гадсан даа дээрэлхүү гэдэг шиг. Иймд МБ-ны удирдлагын томилгоо хийхээс эхлээд энэ байгууллагын бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай. Ингээд төгрөгийн ханшийн уналт, инфляцийг хязгаарлахад МБ-ны зохицуулах чадвар хүрэлцэхгүй тохиолдолд УИХ болон ЗГ дэмжлэг үзүүлэх учиртай юм.
Энд үндсэндээ Эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах(The stabilization) 2 аргын аль нэгийг хэрэглэх байх. Нэг нь автомат тогтворжуулагч (automatic stabilizer). Тухайлбалорлогын татвар болон НДШ-ийг автомат байдлаар ихэсгэж бууруулах замаар эдийн засгийн нөхцөл байдлын хэлбэлзэл, огцом хэлбэлзэлийг зөөллөх тохируулга (механизмыг хэрэглэх) хийх.
Нөгөө нэг арга хэмжээ нь төсөвт өөрчлөлт оруулах(discretionary fiscal policy) төр,засаг( парламент,ЗГ)-нь өөрийн санаачилгаар өөрийн эрх мэдлийн хүрээнд татварыг бууруулах эсхүл нэмэгдүүлэх, түүнчлэн улсын төсвийн зарлагаар зохицуулалт хийх шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэнээр эдийн засгийн нөхцөл байдал тогтворжуулах.
-Дэлхийн улсууд дотор төсвийн сайн бодлоготой улсуудын төсөв, санхүүгийн бодлогын үзүүлэлтийн харьцуулалт ер нь ямар байдаг вэ. Таны хувьд нэлээд судалгаатай ярьж байна. Гады орны бодлогыг ч мөн нэлээд судалсан болов уу гэж бодож байна?
-Судалгаатай, баримттай л асуудлыг ойлгож, дуугарч байх хэрэгтэй л дээ. Түүнээс биш дээшээ харсан зүйл ярих нь утгагүй. Хүнд ч хүрэхгүй болов уу. Ер нь бол Скандинавын загвар тэр дундаа Шведэд ядаг вэ гэхээр ард иргэдийн татварын ачаа их ч, нийгмийн баталгаа нь өгөөмөр, иргэдийн сэтгэл ханамж өндөр байдаг юм байна.
Харин Германд төсвийн сахилга батыг чанд баримтлахын зэрэгцээ нийгмийн даатгалаар тогтвортой бодлогыг бий болгодог. Сингапурын загвар гэвэл жижиг Засгийн газар ,татварын ачаалал бага боловч иргэдийн хувийн хариуцлагыг чухалчилдаг.Канадын хувьд АНУ-аас илүү нийгмийн хамгааллыг чухалчилдаг, Хойд Америкийн тэнцвэр сайтай загвар. Азийн орноос Солонгосын загварыг харж болно. Тэнд төсөв нь харьцангуй эрүүл гэхдээ хүн амын хөгшрөлтийг шийдвэрлэхийн тулд шинэчлэл хийх шаардлагатай гэж үздэг.
Харин Монгол Улс Норвеги улсын Норвегийн сан, Сингапурын Temasek Holdingsбуюу шинэ нэр нь Sovereign Wealth Fund. Энэ ньСингапурын Засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалтын санг маш их судалсан. Уг нь манай улсынхаар бол яг өнөөдөр ярьж байгаа Баялгийн сан. Нэр нь өөр боловч 2015 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан боловч, даанч өнөөг хүртэл хэрэгжүүлэхдээ эсрэгээр нь хэрэгжүүлж ирсэн байдаг. Сан гэхээр тонох боломжтой гэж ойлгодог тал байдаг нь харамсалтай.
Гол нь Баялагийн сангаа туршлагатай менежментийн багаар олон улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллуулж гадаад чөлөөт валютаар орлого олох. Тэрнээс дотоодын зах зээл дээрээс чөлөөт валют авчихаааад төгрөг тараагаад байвал сөрөг нөлөөтэй. Монгол Улс төсвийн бодлогоо сайн болгон шинэчилж, хөгжлийн загвараа зарлах хэрэгтэй болсон байна.
Монгол Улсын тухайд судалгаанаас харахад хүн амын тооны хувьд жижиг орны тоонд орох Монгол Улс нь ”урт хугацаанд төсвийн алдагдалгүй бодлогыг мөрдөж, татварын харьцангуй бага ачаалалтай,хөдөлмөрч авьяаслаг ард түмнийхээ бүтээлч болон хариуцлагатай байдлыг тууштай дэмжиж, төсвийн сахилга бат болон хариуцлагын хэрэгждэг хатуу хуультай,
Дэлхийд тэргүүлэх менежментэй Баялгийн сан” гэсэн загвар нь Монгол Улсын хөгжлийн загвар байж магадгүй юм. Би энэ төсөв мөнгөний бодлого хэлэлцэж байх үед иргэнийхээ үүргийг гүйцэтгэж эх орноо улам сайн хөгжөөсэй гэж энэхүү ярилцлагыг өгөв. Тэрнээс надад улс төрд орох сонирхол байхгүй. Монгол Улс маань хөгжиж мөнхөд дэлгэрэн бадрах болтугай.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно
Ши Жиньпин, Дональд Трамп нар утсаар ярьжээ
Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
В.Зеленский Д.Трамптай уулзахаар төлөвлөж байна
УИХ дахь МАН-ын бүлэг Ажлын хэсэг байгууллаа
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хэд хэдэн мужид цохилт өгчээ
Эрүүл мэндийн сангийн мөнгө эрүүл мэндийн төлөө зарцуулагддаг уу
“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон авто замыг энэ сард ашиглалтад оруулна
Энэ сард Монгол Улсад 47.540 жуулчин иржээ