Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид таван жилийн хорих ял оноожээ

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид Ливи улсаас сонгуулийн хөрөнгө босгохыг оролдсон хуйвалдаанд оролцсон хэргээр пүрэв гарагт 5 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр Францын шоронд хоригдох анхны Ерөнхийлөгч болж буй аж.
Түүнд олон хүний таамаглаж байснаас ч илүү чанга ял оноожээ. 2007-2012 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажилласан Саркози уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна. Гэвч шүүх түүнийг давж заалдах хүсэлтэй ч шоронд хоригдоно гэж үзжээ.
Саркози шүүх танхимаас гарахдаа сэтгэл нь их үймэрсэн байдалтай, гарсан шийдвэрийг "дэндүү ичгүүртэй" хэмээн хэлээд, уурандаа багтарч байсан аж.
Тэрбээр сэтгүүлчдэд “Өнөөдөр болсон явдал бол хуулийн засаглалын хувьд, мөн шударга шүүхэд итгэх итгэлийн хувьд маш ноцтой хэрэг” гэж ярьжээ. Саркози “Хэрвээ тэд намайг заавал шоронд унтуулахыг хүсч байгаа бол би тэнд нь унтаад өгье. Гэхдээ толгой гудайхгүй” хэмээн хэлээд, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна. Тэр “Би хийж байгаагүй зүйлийн төлөө хэзээ ч уучлалт гуйхгүй” гэжээ.
Шүүх түүнийг 2007 онд Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн үед, туслахууд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд зориулан санхүүжилт босгохоор хөөцөлдөж байсан үйл явдалд холбоотой "гэмт хэргийн хамжигч" гэж буруутгасан байна.
Парисын шүүх Саркозиг авлига, сонгуулийн хууль бус санхүүжилт хүлээн авсан гэдгээс бусад бүх үндэслэлийг нь цагаатгажээ.
Шүүхээс оноосон хорих ял шууд хэрэгжих бөгөөд шүүгчийн хэлснээр Саркозид хувийн ажлуудаа цэгцлэх богинохон хугацаа л үлдсэн байна. Прокурорууд түүнийг нэг сарын дотор шорон руу илгээх төлөвтэй байгаа аж.
Саркози өөрийн бурууг үргэлж үгүйсгэж иржээ. Түүнийг 2005 онд Францын Дотоод хэргийн сайд байхдаа Ливийн удирдагч Муаммар Каддафитай тохиролцоо хийж, улс төрийн дэмжлэгийнхээ хариуд 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилт авахыг зорьсон гэж буруутгасан байна.
Шүүгчийн хэлснээр “Саркози Каддафитай ийм тохиролцоо хийсэн, эсвэл Ливиэс илгээсэн мөнгө түүний сонгуулийн санд орсон гэдгийг нотлох тодорхой баримт байхгүй, мөнгө шилжсэн хугацаа, гүйлгээнүүд ч тун бүрхэг байдаг аж.
Саркози өөрийн ойрын туслахуудыг Ливийн хүмүүстэй холбогдож, сонгуулийн санхүүжилт авах оролдлого хийхийг зөвшөөрсөн нь "гэмт хэргийн хуйвалдаанд" оролцсон үйлдэл гэж үзэж, гэм буруутайд тооцсон байна.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл