НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын дронуудын эсрэг шинэ технологиудыг танилцуулав

Aдмин / Гадаад мэдээ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте есдүгээр сарын 25-ны пүрэв гарагт "Bloomberg" агентлагт ярилцлага өгөхдөө "НАТО ОХУ-ын хямд өртөгтэй дронууд холбоотнуудын агаарын хилд халдсан тохиолдолд тэдгээрийг өндөр үнэтэй пуужингаар сөнөөх боломжгүй. Тиймээс ойрын хэдэн долоо хоног болон саруудад эвсэл нисгэгчгүй нисэх төхөөрөмж (БПЛА)-ийн эсрэг шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдэгджээ.

Рютте "Нэг, хоёр мянган долларын үнэтэй дроныг хагас сая, эсвэл бүр нэг сая долларын үнэтэй пуужингаар унагаах нь ухаалаг шийдэл биш" хэмээн хүлээн зөвшөөрөөд, "Тиймээс Европ дахь НАТО-гийн цэргийн командлал “украинчуудаас суралцан”, түргэн шуурхай шинэ технологи хөгжүүлж байна" гэж онцолсон аж.

Тэр "Ойрын хэдэн долоо хоног, саруудад бид уламжлалт аргуудаас гадна дрон сөнөөх шинэ технологиудыг ашиглаж эхэлнэ" гэж хэлсэн байна.

Рютте НАТО нь дрон ашигласан дайны шинэ нөхцөл байдалд хэтэрхий удаан хариу үйлдэл үзүүлж байна гэх шүүмжлэлийг үгүйсгээд, "Би тэгж бодохгүй байна. Бид Украинд өрнөж буй дайнаас бүх л сургамжийг авч байна. Бид аль болох хурдан дасан зохицох болно. Гэхдээ тэр хооронд хэрэв манай агаарын орон зайд дрон орж ирвэл бид тэдгээрийг сөнөөнө" хэмээн мэдэгджээ.

Тэрбээр "ЗХУ-ын үеэс л НАТО-гийн нисгэгчид ийм нөхцөлд бэлтгэгдэж ирсэн. Аюулыг үнэлж, хэрэв шууд аюул заналхийлж байна гэж үзвэл сөнөөх боломжтой. Харин тийм аюул байхгүй бол тэдгээр онгоцыг манай агаарын хилээс гаргаж дагалдан нисдэг" гэжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын дрон болон сөнөөгч онгоцууд НАТО-гийн орнуудын агаарын орон зайд нэвтрэх тохиолдол хэд хэдэн удаа гарчээ:

  • 9-р сарын 10-ны шөнө: ОХУ-ын 19 дрон Польшийн хил нэвтэрч, тэдгээрийн ихэнх нь Беларусийн талаас иржээ.

  • 9-р сарын 19: Гурван МиГ-31 сөнөөгч онгоц Эстонийн агаарын хил зөрчиж, энэ нь 2025 онд тус улсын хилийг дөрөв дэх удаагаа зөрчсөн тохиолдол болсон байна.

  • 9-р сарын 20: ОХУ-ын цэргийн онгоцууд Балтын тэнгис дэх Польшийн Petrobaltic өрөмдлөгийн талбайн дээгүүр нам өндөрт нисжээ. Энэ нь Польшийн эдийн засгийн онцгой бүсийг зөрчсөн ч төрийн хил рүү халдаагүй гэж үзсэн байна.

  • 9-р сарын 21: НАТО-гийн шаардлагаар Германы хоёр Eurofighter сөнөөгч онгоц ОХУ-ын Ил-20М тагнуулын онгоцны улмаас хариу үйлдэл үзүүлэн агаарт гарчээ.

"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, Их Британи, Франц, Герман улсын дипломат төлөөлөгчид ОХУ агаарын хил зөрчсөн асуудлаар Москва дахь дипломатуудад анхааруулга өгсөн байна. Тэд НАТО-гийн хүчнийхэн ийм зөрчлүүд дахин гарвал хариу арга хэмжээ авахад бэлэн гэж онцолжээ.

2015 оны арваннэгдүгээр сард НАТО-гийн гишүүн Туркийн Агаарын хүчний F-16 онгоцууд Сирийн нутгаас Туркийн агаарын орон зайд нэвтэрсэн ОХУ-ын Су-24М онгоцуудыг сөнөөсөн байна. Нэг онгоц Сирийн нутаг дэвсгэрт унаж, нөгөө нь хилээс буцжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.