Трамп Зеленскийтэй хоёр ч удаа утсаар ярьж, дайныг хурцатгахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр өдөр дараалан утсаар ярьсан талаараа аравдугаар сарын 12-ны ням гарагт өөрийн цахим хуудсуудаар дамжуулан мэдээлжээ.
Зеленский Трамптай өмнөх өдөртэй адил "маш үр дүнтэй" ярилцсан хэмээн үнэлсэн бөгөөд “Өчигдөр тодорхой сэдвүүдээр өнөөдрийн ярилцах асуудлыг тогтож, яг тэр дагуу бид хэлэлцлээ” хэмээн бичсэн байна. Түүний хэлснээр, хоёр тал Украины агаарын довтолгооноос хамгаалах систем (ПВО)-ийг бэхжүүлэх талаар хэлэлцжээ.
Зеленский мөн “Оросууд АНУ бидэнд 'Томагавк' пуужин өгөхөөс айж байгааг бид харж, сонсож байна. Энэ бол энх тайван байдал тогтоохын эсрэг дарамтын нэг хэлбэр гэсэн дохио юм” гэж мэдэгдсэн аж.
Түүнчлэн тэрбээр Трамптай ярилцах үеэрээ хоёр тал эрчим хүчний салбартай холбоотой олон нарийн ширийн асуудлыг хэлэлцсэн тухай дурдсан байна. Энэ талаарх мэдээ DW-д нийтлэгдэх үеэр Цагаан ордон уг утасны ярианы талаар албан ёсны тайлбар хийгээгүй байжээ.
Түүнээс гадна тэр өдөр Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ. Зеленскийн хэлснээр, ярилцлагын гол сэдэв нь ПВО, Украины тогтвортой байдал, ойрын долоо хоногуудад хэрэгжүүлэх дипломат алхмууд байсан бөгөөд хоёр тал байр сууриа нэгтгэсэн аж.
Мөн Украины зэвсэгт хүчин Францын талд өөрсдийн нэн тэргүүний хэрэгцээний жагсаалтыг хүргүүлэхээр тохиролцож, нийлүүлэлтийг эрчимжүүлэхээр болжээ.
Хоёр улсын удирдагчид ОХУ-ын хяналтад буй Запорожийн атомын цахилгаан станцын нөхцөл байдлын талаар мөн хэлэлцсэн байна.
Зеленский "Уг станцын цахилгаан шугамыг дахин дахин сэргээн засварлах боломжтой бөгөөд аюулгүй ажиллагааг хангах цорын ганц баталгаа нь Украины хяналт, мэргэжилтнүүд юм" гэжээ.
Тэрбээр Оросын тал станцын аюулгүй байдлыг сэргээх сонирхолгүй бөгөөд энэ чиглэлд илүү тодорхой, шударга байр суурьтай МАГАТЭ-гийн дэмжлэг шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Тэр “Орос галаа зогсоох ёстой, ингэснээр засварын баг ажиллах боломжтой болно” гэж хэлжээ.
Макрон энэ утасны ярианы талаар тайлбарлахдаа, Франц улс Украины эсрэг чиглэсэн Оросын довтолгооныг, тэр дундаа өвлийн босгон дээрх иргэдийн амьжиргааг чиглэсэн цохилтуудыг буруушааж байгаагаа илэрхийлжээ.
Мөн түнш орнуудтайгаа хамтран Украины амин чухал үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, дахин сэргээхэд тусламж үзүүлэх боломжийг судалж байгаа талаар мэдэгдсэн байна.
Axios мэдээллийн агентлаг, өмнөх өдөр нь Трамп, Зеленский нар утсаар ярихдаа Украины талд "Томагавк" загварын алсын зайн далавчит пуужин нийлүүлэх боломжтой эсэх асуудлыг хэлэлцсэн талаар хоёр эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.
Зеленский Трамптай тухайн өдөр утсаар ярьснаа "сайн" ба "маш үр дүнтэй" гэж тодорхойлсон байна. The Telegraph сонинд мэдээлснээр, өмнө нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Нью-Йоркт болсон хаалттай уулзалтын үеэр Зеленский Трампаас алсын зайн (1250-2500 км-ийн тусгалтай) "Томагавк" пуужин нийлүүлэхийг хүсэж байсан ажээ.
Трамп аравдугаар сарын 7-нд “Томагавк” нийлүүлэх асуудлаар “бараг шийдвэрээ гаргасан, нэлээд тодорхой байгаа” хэмээн мэдэгдсэн бөгөөд “Украинчууд тэдгээрийг яг юунд ашиглах вэ? Тэдгээрийг хаашаа чиглүүлэх вэ? Энэ талаар би лавшруулж асуух шаардлагатай гэж бодож байна. Би энэ дайныг хурцатгахыг хүсэхгүй байна” гэж нэмж хэлсэн байна.
The Wall Street Journal сонинд бичсэнээр, АНУ Украины талд ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын тусгалт зэвсгээр цохилт өгөх зорилгоор тагнуулын мэдээлэл дамжуулахыг зөвшөөрсөн нь АНУ-ын удирдлагууд Украины талд алсын тусгалтай зэвсэг нийлүүлэх талаар бодож эхэлсэнтэй холбоотой байж болзошгүй аж.
Reuters агентлаг "АНУ-ын "Томагавк" пуужингийн нөөц голчлон Тэнгисийн цэргийн хүчин болон өөр зорилгод зориулагдсан учраас Украинд нийлүүлэх боломж тун бага гэж үзэж буй талаар мэдээлжээ.
Түүний оронд 2024 онд Украинд нийлүүлсэн ATACMS загварын пуужин шиг 300 км хүртэлх тусгалтай зэвсэг нийлүүлэх магадлалтай гэж агентлагийн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл