А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраатай парламентын засаглал болоод
цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нэг намын асуудал даамжирч, тэр нь төрийн зовлон болж, эцэстээ Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүн зэрэг огцорсон нь Монголын парламентын түүхэнд анх удаа гарлаа. Намын асуудал, яагаад төрийн асуудал болов. Үүнийгээ энэ нам яагаад богино хугацаанд шийдэж чадахгүй байгаа талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс парламентын засаглал, ардчилсан тогтолцоонд шилжээд 35 жил болж байна. Энэ хугацаанд улс төрийн намуудын төлөвшил нь парламентын засаглалын хамгийн чухал асуудлуудын нэг байгаа. Энэ ч утгаараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр 2025 оны эцэс гэхэд Монголын улс төрийн хүчнүүд бүгд дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн бүртгүүлсэн байх сүүлийн хугацаа.

Сүүлийн үед өрнөж буй намын асуудал төрийн асуудал болж байгаа зүйл нь улс төрийн намын шинэчлэлийн үйл явц юм болов уу гэж ойлгож байна. Зөвхөн МАН гэлтгүй бусад улс төрийн хүчнүүдийн хувьд дүрэм, хөтөлбөр, бодлогоо Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэх, өөрчлөх асуудал үнэхээр тулгамдаж байна.

-Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдыг огцруулсан асуудалд хуулийн, тэр дундаа Үндсэн хуулийн зөрчил үнэхээр байгаа гэж та харж байна уу?

-Миний хувьд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж, улмаар гишүүдийн олонх нь огцруулахыг дэмжиж, УИХ-ын тогтоол гаргасан асуудал ямар ч хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байгаа. Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд хэлэлцэгдсэн асуудал учраас миний хувьд чуулганы ирцэндээ орж, өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн.

-Ерөнхийлөгч хориг тавилаа. Мэдээж хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид бий. Гэхдээ парламент засаглалтай оронд Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа огцруулахыг дэмжсэн УИХ-ын тогтоолд хориг тавьдаггүй гэж үзэх хүмүүс бас байна…?

-УИХ-аас гарсан, батлагдсан хууль, тогтоомжид Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан гэж харж байгаа. Харин энэхүү хоригийг хүлээж авах эсэх нь парламентын бүрэн эрх. Тиймээс энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлээд явна.

-Монголын улс төрийн нам, эвслүүд төлөвших ёстой гэдэг. Үнэндээ 100 жилийн түүхтэй нам ч төлөвших нь битгий хэл эрх мэдэл, сандал суудлын төлөө төрийг ч, үндсэн хуулийг ч уландаа гишгэлж байх шиг…?

-Монголын улс төрийн хүчнүүд дотроо дотоод зохион байгуулалт, бүтэц, үүх түүхийн хувьд хамгийн туршлагатай нь мэдээж МАН. Дараа нь сөрөг хүчин болох АН. Хамгийн туршлагатай, түүхтэй нам гэж МАН-ыг хэлэх боловч уг намын 1921-1990 он хүртэлх 70 жилийн түүхийг авч үзвэл тухайн үед Монголын нийгэм комминуст үзэл суртал, социалист тогтолцоо оршиж байсан учраас энэ намын бүтэц, удирдлага, дарга төвтэй, дээрээсээ доошоо чиглэлтэй явж ирсэн.

Энэ түүхийн тодорхой элементүүд өнөөгийн МАН-д байдаг ч шинэчлэгдэх, өөрчлөгдөхийн тулд чармайлт байгаа гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Дотоод ардчиллаа бэхжүүлэх, олон ургалч үзлийг нам дотроо төгөлдөршүүлэхийн төлөө Монголын улс төрийн хүчнүүд өөр өөрсдийнхөө хэмжээнд хичээл зүтгэл гаргаж байна гэж харж байгаа.

Монголчуудын хувьд улс төрийн намуудаас юуг олж харах ёстой вэ гэхээр тухайн нам удирдлагаа, даргаа хэрхэн сонгож байгааг харах хэрэгтэй. Мөн удирдах зөвлөлөө, удирдах дээд байгууллагаа ардчилсан зарчмаар сонгож чадаж байна уу, үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэмээд хэлэхэд, намын дотоод асуудалд шүүмжлэлт орон зай байна уу гэдгийг олон нийт маань харж, дүгнэх ёстой гэж хэлмээр байна.

-Монгол Улс парламентын тогтолцоотой, ардчилсан орон. Гэтэл парламентын засаглалаа үгүйсгэх, парламентын дархлааг сулруулсан үйлдлийг хууль тогтоогчид болон улстөрчид хийх боллоо. Монгол Улсын хувьд парламентын засаглал ямар чухал вэ гэдгийг бид нэг сайн ойлгохгүй байх шиг. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Парламентын дархлааг сулруулсан аливаа үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэп парламентын засаглал бол манай тусгаар тогтнолын баталгаа. Харин парламентын тогтолцоог илүү бэхжүүлэх, ажил хэрэгч шүүмж өрнүүлж, шийдэл гаргах замаар парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой гэж хардаг.

Парламентад олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд юун түрүүнд парламент өөрөө хандлагаа зөв болгохоос эхэлнэ. Тэр дундаа хууль тогтоох байгууллагын гишүүд бид ёс зүйтэй, ил тод, эрүүлээр мэтгэлцэх ур чадвартай, өөрөөсөө ялгаатай үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг, олон нийтийн өмнө биеэ зөв авч явахаас эхлээд иргэдийн, нийгмийн парламентад итгэх итгэлийг нэмэгдүүлж чадна.

Энэ бол парламент өөрөөсөө эхэлж байгаа хамгийн чухал алхам юм. Цаашид парламентыг үгүйсгэх, сулруулах энэ ажил дотоод болон гадаад орчноос ирэхгүй гэх баталгаа алга.

Бидний хувьд ардчиллын он жилүүдэд олж авсан амжилтаа бататгах, парламентыг улам төгөлдөршүүлэх, илүү хариуцлагатай, итгэл даах улстөрчдийг олноор сонгон гаргаж байж Монгол Улсын хөгжил, Монголын төр, хувийн аж ахуйн нэгж, нийгэм, хувь хүмүүст хүрсэн чанартай, бодит шийдвэрүүд гарах нөхцөл нь бүрдэнэ гэж үзэж байна.

-Таны хэлж байгаа шиг парламентын дархлаа, парламент засаглалыг бэхжүүлэх гол үүрэг нь улс төрийн намуудад оршиж байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй улс төрийн намууд төлөвших, жинхэнэ утгаараа бодлогын нам болох ёстой. Хэзээ, хэрхэн улс төрийн намууд төлөвшиж чадах вэ?

-Улс төрийн намын төлөвшлийг олон нийт талаас нь харвал хамгийн чухал нь улс төрийн идэвх байгаа. Олон хүмүүсийн дунд, тэр дундаа залуучуудын хувьд улс төр муухай, улс төр бол бохир гэдэг ийм хандлага, яриа их байдаг. Тэдний хэлж байгаачлан улс төрд асуудал маш их байгаа нь үнэн. Улс төрд ёс зүйгүй улстөрчид ч их байгаа. Үүнээс илүү авлига, ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчид ч цөөнгүй байна.

Албан тушаалаа урвуулан ашигладаг буюу бохир улс төр гэдэг асуудал бодитой байдаг нь харамсалтай. Гэсэн ч залуучууд улс төрд оролцохгүй, улс төрийн намын гишүүн болохгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, сонгуульд оролцож саналаа өгөхгүй байвал өнөөгийн нөхцөл байдал маргааш ч яг хэвээрээ үргэлжилнэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үүнийг засах боломжгүй болно гэсэн үг.

Тэгэхээр улс төрийн намыг төлөвшүүлэх хамгийн чухал зүйл нь олон нийтийн оролцоо. Тэр дундаа залуучуудын оролцоо, идэвх өндөр байх нь улс орны амин чухал асуудал аа.

-Тэгвэл системийн хувьд ямар өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Зарим улс оронд иргэний хариуцлагыг улс төрийн хариуцлагатай нь тодорхой хэмжээгээр уяж өгдөг. Тухайлбал, сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол тодорхой урамшуулал, мөн төрийн зүгээс үзүүлдэг дэмжлэгийг олгохгүй байх, эсвэл сонгуульд оролцсоноороо татварын болоод бусад хэлбэрээр тодорхой хэмжээний урамшуулал төрөөс авдаг ийм эрх зүйн зохицуулалт их байдаг.

Жишээ нь, Австрали зэрэг оронд иргэний хариуцлагыг улс төрийн хариуцлагатай ингэж уядаг нь миний хувьд зөв бодлого гэж хардаг. Тэгэхээр бид энэ системийн өөрчлөлтийг нэвтрүүлэх, турших л хэрэгтэй байх.

-Та цахим хуудаснаа жиргэсэн байсан. Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж гишүүдэд намгүй төрийн төлөө гэсэн бичиг ирж байгаа гэж. Энэ ямар учиртай юм бэ. Хаанаас ийм уриа лоозон хийгээд байгаа бол…Энэ бол тусгаар тогтнолд халдаж байгаа хэрэг биз дээ?

-Парламент засаглалтай ороны парламентын амин сүнс нь улс төрийн нам байдаг. Улс төрийн намын шинэчлэл, залуучуудын улс төрийн оролцооны асуудлаар олон жил ярьж ирсэн хүний хувьд намуудыг шүүмжлэх зүйл бол байх зүйл гэж хардаг.

Шүүмжлэл дотроо ажил хэрэгч шүүмжлэл бол зайлшгүй асуудал. Түүнийг тусгаж авч чадаж байгаа эсэх нь намуудын төлөвшлийн нэг индикатор биз ээ. Тэгэхээр улс төрийн намгүй байх нь эмх замбараагүй байдал руу түлхэх, цаашлаад улс төрийн үзлийг үгүйсгэх нь анархизм, эсвэл дарангуйлал руу гулсахын ноцтой дохио гэж харж байна.

Энэ утгаараа саяхан гишүүд бидэнд төрийн бус байгууллагаас намгүй байлгах уриалга ирсэн байсан. Үүнд миний хувьд маш их санаа зовсон учраас өөрийн цахим хуудсаараа тодорхой байр сууриа илэрхийлсэн.

-Гадаад нөхцөл байдал амаргүй байгаа. Монголд болж байгаа энэ бүх улс төрийн үйл явц гадаад талдаа хэрхэн харагдаж байгаа бол. Нөгөөтэйгүүр Монголын улс төрийг санаатайгаар бужигнуулж, төрийг тогтворгүй байлгах санаархал гадна талд бий юу?

-Миний хувьд түрүүн хэлсэн. Яг ийм санаархал гадаад болон дотоод орчинд байхыг би бол үгүйсгэхгүй байна. Тэгэхээр уг асуудлаар тусгай чиг үүргээр ажилладаг холбогдох байгууллагууд ажлаа сайн хийж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ уг асуудалд анхаарлаа сулруулахгүй илүү мэргэжлийн нягт ажиллах шаардлагатай болов уу гэж бодож байна.

-Улсын төсвийг хэлэлцэж байгаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ. Төсвөө энэ УИХ хуулийн хугацаандаа баталж чадах болов уу. Хэрэв амжихгүй бол яах вэ?

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Миний хувьд төсвөө бид хуулийн хугацаанд нь баталж чадна гэсэн итгэлтэй байгаа. Төсөв анх өргөн баригдсан хэлбэрээс нь өөрчлөх, зарим үргүй тавигдсан зардлуудаа танах асуудал байгаа. Тэгэхээр цаашид энэ асуудлыг шат дараатайгаар хэрэгжүүлээд, төсвөө батлаад явна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.48] 2025-10-23 12:28:18

35 жил кофе уугаад Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.