Зеленский Patriot пуужингийн систем нийлүүлсэн Герман улсад талархал илэрхийлэв

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Герман улсын эрх баригчдад Америкийн “Patriot” зенитийн пуужингийн цогцолборуудыг нийлүүлсэнд талархал илэрхийлжээ.

Тэрбээр "Энэхүү тусламж нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан" хэмээн онцолж, “Бид Украины агаарын хамгаалалтад ‘Patriot’-ийн бүрэлдэхүүнийг улам хүчирхэгжүүллээ” гэж арваннэгдүгээр сарын 2-ны ням гарагт Telegram хуудастаа бичсэн байна.

Зеленский мөн “Герман Улс олон Канцлер Фридрих Мерцэд талархаж байна. Энэ бол бидний хамтын алхам бөгөөд Оросын терроризмоос хүний амь насыг хамгаалахад чиглэж байна. Бид агаарын хамгаалалтаа нэмэгдүүлэхээр хэсэг хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд одоо тохиролцсон бүх зүйл хэрэгжлээ” хэмээн дурджээ.

Тэрбээр Германаас нийлүүлсэн “Patriot” системийн тоо, бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Гэвч өмнөх өдөр нь “German Aid to Ukraine” хэмээх албан бус X (хуучнаар Twitter) хуудсанд нийтэлснээр, Германы зэвсэгт хүчний нөөцөөс гаргасан хоёр ширхэг MIM-104 Patriot системийг Дани, Литвийн болон Норвегийн хөрөнгөөр Украины талд нийлүүлсэн талаар мэдээлжээ.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан Германы Батлан хамгаалах яамнаас сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, 2025 оны долдугаар сарын дунд үеэр Батлан хамгаалахын сайд Борис Писториус АНУ-ын Пентагонд айлчлах үеэр “Герман улс Украинд хоёр ширхэг нэмэлт Patriot систем нийлүүлэхээр тохиролцсон” талаар сануулсан байна.

Мөн түүний хэлснээр, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсеттэй байгуулсан хэлэлцээрийн дагуу Герман улс ирээдүйд шинэ Patriot системийг АНУ-аас худалдан авахад тэргүүлэх эрх эдлэхээр болжээ.

Түүнчлэн тус яамнаас Герман улс Украины талд бусад холбоотон орнуудын нийлүүлсэнээс илүү олон Patriot систем өгсөн бөгөөд үүнээс гадна IRIS-T болон Skynex системээр хангаж, Оросын нийлмэл дайралтуудыг сөрөн зогсоход тусалж буйг тэмдэглэсэн байна.

Батлан хамгаалах яам 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн хэвлэлийн мэдээндээ “Украинд хоёр ширхэг Patriot систем нийлүүлэхээр төлөвлөөд байна” гэж дурдсан байсан бөгөөд аюулгүй байдлын үүднээс нийлүүлэлттэй холбоотой бусад нарийн мэдээллийг нийтэд дэлгэхгүй байгаагаа мөн мэдэгджээ.

Германы засгийн газар 2025 оны долдугаар сард АНУ-тай тохиролцож, Украинд зориулж хоёр ширхэг Patriot системийг худалдан авах, санхүүжилтийг өөрсдөө бүрэн хариуцахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тухайн үед Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Украинд нийт таван Patriot систем хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, Герман Улс уг шаардлагын тодорхой хэсгийг хангахад идэвхтэй оролцохоо амалсан билээ.

Үүний зэрэгцээ Берлин Украинд нийлүүлэх хоёр системийн зардлыг бүрэн даах бол бусад системийг нийлүүлэхийг холбоотон түнш орнуудын дэмжлэгээр шийдвэрлэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.